Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүд баяраа тэмдэглэлээ
Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүд энэ өдрүүдэд албан байгууллага, аж ахуйн нэгжийн урилгаар танилцах аялал хийн хүүхэд насны баяраа сайхан тэмдэглэж байна.
Тус төвд цэцэрлэг, ЕБС, оюутан 200 гаруй хүүхдүүд амьдардаг. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа болон албаны бусад хүмүүс тус төвд зочлон хүүхдүүдтэй хамт Хүүхдийн баярыг тэмдэглэлээ.
Хүрэлцэн ирсэн Зочид хүүхдүүдэд насны онцлогт нь тохирсон бэлэг гардуулахад хүүхэд баяр хөөртэй, дуу шуугиантай хүлээн авлаа.
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Сайд С.Эрдэнэ хэлсэн үгэндээ “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийн амьдрах, сурах, хөгжих нөхцлийг хангахад Засгийн газраас хөрөнгө оруулалт хийсэнээр Хүүхэд хөгжлийн ордон баригдан үйл ажиллагаа явуулж, дотуур байрны болон Хараацай зуслангийн их засвар хийгдсэн, цэцэрлэгийн хүүхдүүдийг нийгэмшүүлэх зорилгоор 10 өөр цэцэрлэгт өгсөн нь жирийн айлын хүүхэд шиг орчинд хөгжих боломжтой болсоныг онцлон дурьдлаа. Тус төвийн хүүхдүүд Хүүхдийн хөгжлийн ордондоо дуу, бүжиг, уран нугаралтаар хичээллэн үндэсний болон цахилгаан хөгжим тоглож сурч байгаа юм.