Хүүхдүүд RAILBUS-аар тусгай чиглэлд аяллаа
Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ хэрэгсэл Railbus үйлчилгээнд хараахан гараагүй байгаа ч өчигдөр хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийслэлийн алслагдсан дүүрэг Багахангай чиглэд тусгай аялал хийлээ.
100 хүүхдийн хамт оролцсон юм
“Мөрөөдлийн галт тэрэг” нэртэй уг аялалд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Хан-Уул дунд сургуулиудын авьяас чадвар, сурлагаараа шалгарсан 100 хүүхдийн хамт оролцсон юм. Өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Миний ном” сэдэвт театр урлагийн их наадмыг “Лувсанвандан” сангаас зохион байгуулсан бөгөөд анги тус бүр уг наадамд өрсөлдсөнөөс шилдгээр шалгарсан баг, хамт олныг энэ удаад railbus-аар аялуулсан.
Нийтийн тээврийн шинэ үйлчилгээний анхны зорчигчид болж, нийслэлийн хамгийн захын дүүрэг хүртэл аялсан хүүхдүүд аяллын турш Улаанбаатар хоттойгоо танилцсанаас гадна “АХА” хөгжөөнт нэвтрүүлгийг галт тэргэндээ зохион байгуулсан байна. Тэд тохилог галт тэргээр замд гарч, хүүхдийн баяраа өвөрмөц сайхан тэмдэглэлээ.