Бяцхан баянзүрхчүүд баяраа тэмдэглэв
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
2014.06.03

Бяцхан баянзүрхчүүд баяраа тэмдэглэв

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын арга хэмжээнд дүүргийн ИХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс оролцсон аж. Мөн дүүргийн 28 хороо, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, иргэдийн төлөөлөл оролцжээ.

Энэ жилийн баярыг хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, эрүүл мэндийг бэхжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог байлаа. Уг арга хэмжээний үеэр 30 ээжид алдарт эхийн I, II одонг гардуулсан бол  “Бяцхан цэцэгчин” нэртэй үрсэлгээний сургалт үнэ төлбөргүй явагдсан байна.
     
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хуран цугласан багачуудын дунд марафон гүйлт, гар зураг, дугуй, гэр бүлийн буухиа, жёнглор зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулж шилдгүүдийг тодруулан шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн сурлага, урлаг спортоор бусдыгаа хошуучилсан дүүргийн шилдэг 10 сурагчийг тодруулсан бол хүүхдийн чиглэлээр тууштай ажиллаж ирсэн асрамжийн төвүүдийн болон нийгмийн ажилтнуудыг алдаршуулжээ.

Хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд дүүргийн Соёлын ордны дэргэдэх дуу, бүжгийн “Их Монгол”, “Шувуухай”, “Содон аялгуу” зэрэг хүүхдийн хамтлаг, “Гэгээн алсын одод” улсын анхдугаар уралдааны Гран при шагналт Э.Бямбажав, “Шавь цогцолбор” сургуулийн сурагч Н.Мөнхжин, А.Хажидцогцол нарын авьяаслаг багачууд мэндчилгээ дэвшүүлжээ.

Хүүхдүүдийг баярлуулах, тэдэн рүү чиглэсэн олон арга хэмжээ  зохион байгуулсан бөгөөд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн 1600 гаруй хүүхдэд бэлэг өгч баярлуулсан аж. Баянзүрх дүүргийн Тамгын газраас зохион байгуулсан эл арга хэмжээнд бяцхан баянзүрхчүүд  баярынхаа өдрийг баяр баясгалан, хөгжил хөөр, аз жаргал дүүрэн угтаж байгаад эцэг,  эхчүүд нь сэтгэл хангалуун байлаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.