Дөрөв дүгээр хорооны цогцолбор байр ашиглалтад орлоо
дөрөв дүгээр хорооны цогцолбор барилгын нээлт
2013.12.03

Дөрөв дүгээр хорооны цогцолбор байр ашиглалтад орлоо

Усан могой жилийн өвлийн дунд хөх хулгана сарын Шинийн нэгний Балжиннямтай билэгт сайн өдөр буюу өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөв дүгээр хорооны цогцолбор барилгын нээлт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, тус хорооны ИНХ-ын дарга П.Мандахбаяр, дөрөв дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа, УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн бие төлөөлөгч Ш.Батзориг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Цогцолбор барилга ашиглалтад орсноор, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн тасаг нэг дор төвлөрч байгаа юм. Мөн төрийн бодлогыг тухай бүрт нь иргэддээ хүргэх, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор хорооны цогцолбор байранд “Иргэний танхим” байгуулжээ. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, соёлтой хүргэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тус хорооны Засаг дарга хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Дашрамд сонирхуулахад, Баянзүрх дүүргийн дөрөв дүгээр хороо нь анх 1965 онд Найрамдлын район нэртэйгээр байгуулагдаж байсан анхны хороодын нэг юм. Өдгөө эл хороонд 3980 өрхийн 15 мянга орчим иргэн амьдарч байна. Түүнчлэн тус хороонд Хөдөлмөрийн баатар Г.Мандах, гавьяат эмч П.Онхуудай, Ардын жүжигчин Х.Уртнасан, Л.Цэрэнпил, хүндэт донор Н.Жамц нарын олон алдар гавьяатнууд оршин суудаг аж.