Хятад улс эрчим хүчний өөр нэгэн нөөцтэй болохыг хичээж байна.
2014.06.05

Д.Батцогт: Монголоор хийн хоолой дайрах хууль эрх зүйн орчинг УИХ-аас бүрдүүлэх хэрэгтэй

Байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулж хөгжлийн нэг шинэ шугамтай болохыг Засгийн газар эрмэлзэж байна. Гэхдээ Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээр хийж байгаа ч нааштай үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр өөрсдөөс шалтгаалах ажлуудаа амжуулж байхыг зарим гишүүд санууллаа.

Дэлхий нийт 2030 он гэхэд чулуун нүүрсний хэрэглээг халж 2035 он гэхэд байгалийн хийг хэрэглэдэг болно гэсэн тооцоог эрдэмтэд 2010 оны эхээр гаргаж байсан билээ. Тамхины асаагуур цэнэглэхээс эхлээс хотыг тэр чигт нь эрчим хүч, дулаанаар хангадаг байгалийн хийн ач холбогдлыг тоочоод баршгүй.

Саяхан хоёр хөрш байгалийн хийн гэрээ байгуулж манай улсыг тойруулан хийн хоолой барихаар боллоо.

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

Байгалийн хийн асуудал бол олон жил яригдсан сэдэв. Гурван улсын удирдлагын түвшинд нааштай санал санаачлага, яриа хөөрөө эхэлж байгаад баяртай байна. Энэ бол Монгол улсын хөгжил төдийгүй хоёр хөрштэйгээ харилцах харилцааны хувьд чухал сэдэв. Зөвхөн хийн хоолой гэлтгүй төмөр зам, авто зам, эрчим хүчний шугам, нефтийн хоолой байна. УИХ-аас саяхан энэ санааг дэмжиж буйгаа илэрхийлж 34 дүгээр тогтоолд заасан. Хоёр хөрштэйгээ хийх яриа хэлцлийг эрчимжүүл гэсэн даалгавар өгсөн. Яг асуудалдаа ороод ирэхээр нөхцөл, тогтвортой байдал, баталгаа гээд нарийн зүйлс гарч ирнэ. Гэхдээ хоёр хөршөөс хамаарах зүйлс их байгаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

Хятад улс эрчим хүчний өөр нэгэн нөөцтэй болохыг хичээж байна. Европын хувьд тэр чигээрээ газчихсан. Хоёр хөршийн хувьд Монголоор дайруулж маш товч замаар хоолой татна гэдэг бол гурван талдаа ашигтай зүйл. Хятад улс цаашдаа бүх улсаараа газ хэрэглэх учир Монголоор дайрах хоолой ч бий, тойрох хоолой ч бий гэж бодож байна. Монголоор байгалийн хийн хоолой дайрч гарах хууль эрх зүйн орчныг нь УИХ шийдээд өгөх л хэрэгтэй.