УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.06.10

Я.Содбаатар: АН фракцын зарчимдаа баригдаад хариуцлагын асуудлаа ярьж чадахгүй байна

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцсэн боловч АН-ын бүлгээс горимын санал гаргаж тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.   Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс хоёр дахь удаагаа оруулж ирж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал дахиад л хойшиллоо.  Энэ талаар та юу хэлэх вэ?

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг хэлэлцэх байлаа.  Харамсалтай УИХ дахь АН-ын бүлэг асуудлыг хойшлуулах санал орууллаа.  Ер нь Монголд хууль үйлчлэхээ больсон байна гэж л харж байна.  Монгол Улсын өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг тавьснаас хойш ажлын долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой. 

Гэтэл Н.Батбаяр сайдын асуудал тавигдснаас хойш 14 хонолоо.  Энэ хугацаанд дээрх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл ямар нэгэн үндэслэлгүйгээр асуудлыг хойшлуулж байна. Тиймээс эрх баригчид хуулиа мөрдөж ажиллаасай гэж хүсч байна.

Тиймээс эрх баригчид хуулиа мөрдөж ажиллаасай гэж хүсч байна. 

Өнөөдөр Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд ард түмэн өөрсдийн үнэлгээгээ өгчихсөн. Валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ ханш хэрхэн өрссөн, хөрөнгө оруулалт хэрхэн татарсан зэрэг маш олон сөрөг үр дагавар гарч байгаа.  Ийм үед Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцлага тооцох ёстой.  Ер нь Монголын төр харицлагагүй, хариуцлага тооцох чадамжаа алдаж байгаа юм байна гэсэн л ойлголттой байна. 

-Та бүхний тавьсан үндэслэлүүд  тоон судалгаагүй байна гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ шүү дээ?

-Бидний тавьсан үндэслэл бүгд тодорхой баримттай. Үндэсний статистикийн газар болон Монголбанкнаас гаргасан тодорхой тоо баримт дээр тулгуурлаж гаргасан. Харин Д.Эрдэнэбат даргын хэлж байгаа зүйл маш тодорхойгүй байна.  Мөн асуудлыг хойшлуулах цаг хожих л үйлдэл гэж харж байна. 

-МАН-аас Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хоёр дахь удаагаа оруулж ирсэн боловч олонхийн бүлэг хамгаалж үлдэж байна.  Энэ удаа тийм байдал давтагдах болов уу гэж харж байна?

-АН тэргүүтэй эрх баригч бүлэглэл асуудалд нухацтай хандаж, дотроо хариуцлага тооцож чадахгүй байна. Нэг нэгэндээ барьцаалагддаг болж.  АН фракцийн зарчимдаа баригдаад ямар нэгэн хариуцлагын асуудал ярьж чадахгүй байна.  Энэ нь сүүлийн үед явагдаж байгаа улс төрийн үйл явцаас харагдаж байна.