2014.06.16

Эзэнгүй цацрагийн үүсгүүрийг илрүүлдэг болно

“Эзэнгүй цацрагийн үүсгүүрийг хэрхэн илрүүлж, аюулгүй болгох вэ”. Энэ асуудлаар Цөмийн энергийн газар АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран ахисан түвшний сургалтыг энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өндөр технологийн хэрэглээ өсөхийн хэрээр манай улсад цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсээр байгаа юм. Ийм ч учраас цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, хяналт, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, цацрагийн үүсгүүрийн хууль бус ашиглалт, хадгалалт, тээвэрлэлт, импорт, экспортоос урьдчилан сэргийлэх, эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах нь нэн чухал болоод байна.

Энэ талаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр сургалтыг нээж үг хэллээ.

Энэ хүрээндээ хоёр талын болон олон талын хамтын ажиллагааг өргөжүүлж, сургалт дадлагажуулах ажил хийж байгаагийн нэг нь энэ юм.

Цөмийн энергийн газар нь Монгол Улсын хэмжээнд цөмийн болон цацрагийн бүхий л хяналтыг тавьж, стандартыг хангуулдаг. Энэ хүрээндээ хоёр талын болон олон талын хамтын ажиллагааг өргөжүүлж, сургалт дадлагажуулах ажил хийж байгаагийн нэг нь энэ юм.

АНУ-ын Эрчим хүчний яам, Баруун хойд Номхон далайн үндэсний лаборатори, Лос Алмосын үндэсний лаборатори, Канберра үйлдвэрийн мэргэжилтэн, сургагч багш нарын хичээл зааж буй уг сургалтанд манай улсын 15 төрийн байгууллагын 22 албан тушаалтан оролцож байна.

Тэд сургалтын хугацаанд үүсгүүр илрүүлэх дадлагын ажлыг мөн хийх юм байна.

Дашрамд дурдахад 2012 онд болсон анхан шатны сургалтаар АНУ-ын Эрчим хүчний яамнаас эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгоход ашиглагдах орчин үеийн 15 нэр төрлийн 35 цацрагийн хэмжилтийн багажийг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэж өгсөн.

Цөмийн энергийн газар тэдгээрийг эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох ажилд оролцох үүрэгтэй ТЕГ, ОБЕГ, ОБЕГ-ын Аврах тусгай анги, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар зэрэг байгууллагуудад хүлээлгэн өгсөн юм.