Тэд ураны хор уршгаас урьдчилан сэргийлэхийн тулд дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж буй нь энэ
2014.06.10

Цөмийн эсрэг тэмцэгчид "цөхөрсөн алхам"-ыг сонсов

Өдрийн 14.00 цаг. Энэ цаг мөчид иргэний хөдөлгөөнүүд цуглах тухайгаа олон нийтэд зарласан юм. Тэд болзсон цаг, товлосон газартаа иржээ.

Энэ үед чимээ аниргүй байсан Чингисийн талбай “амь” оров. Хонхны баяраа тэмдэглэх гэж шуугисан залуустай зэрэгцэн иргэний хөдөлгөөнийхэн ээлжит тэмцлээ хийлээ, өчигдөр. Шар баг нүүрэндээ зүүж, хар хувцсаар ижилссэн залуус энд тэндгүй хар ууттай зүйлийг тарааж тавих нь иргэдэд сонин.

Сониуч зандаа хөтлөгдсөн иргэд “Энд юу болоод байна” хэмээн бие биенээсээ лавлана. “Аревагийн бизнесийн үндэс бол амьдралыг устгах” гэх бичигтэй уриаг иргэний хөдөлгөөнийхэн гартаа барьжээ. Мөн ураны эсрэг тэмцэж буйгаа илтгэн хүмүүст танилцуулга тараахыг цагдаа нар сайтар ажиглана. Тэр ч байтугай зарим нь “Тарааж байгаа цаасаа өгөөч" хэмээн гуйх аж.

Эх сурвалжийн хэлснээр энэ удаагийн цуглаанд “Босоо хөх Монгол”, “Гринпис Монгол”, “Гал үндэстэн”, “Чингисийн Монголын залуучуудын хОлбоо”. “Тэнгэрийн суут Монгол”, “Их зам”, “Ногоон Хас”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Гриэн Сос”, “Голомт” цөмийн эсрэг хөдөлгөөн, байгаль орчны иргэний зөвлөл, Гамшгийн эсрэг Үндэсний төв, “Монголын дуу хоолой”. Монгол Улсын төлөө зүтгэе”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Халуун цуст Монгол” төрийн бус байгууллагын төлөөлөл болон

Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл, Орхон аймгийн иргэд нийлсэн 40 гаруй хүн оролцов.

Тэд ураны хор уршгаас урьдчилан сэргийлэхийн тулд дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж буй нь энэ. Түүнчлэн тэдний үйл хэргийг дэмжихээр зорилго нэгт нөхөд нь ч цугласан байлаа. Эдгээр төрийн бус байгууллагынхан холбогдох албан тушаалтнуудаас цуглаан хийх хүсэлт авахын тулд багагүй зовлон амсжээ. Тухайлбал, тэдний цуглаандаа ашиглах гэсэн уриа лоозонг нь урж тасдан цөмийн хог хаягдлыг илэрхийлсэн ууттай хөөсөнцрийг нь зүсч, талбай дээр цуглах эрхийг нь өгөхгүй зэргээр боомилох гэж оролдсоныг иргэний хөдөлгөөнийхэн хэлж байсан.

Уран гэж юу вэ. Үүний хор уршгаас урьдчилан сэргийлэхийн тулд монголчууд яах ёстой вэ гэдгийг иргэд ч гадна эрх баригчдад сануулах нь зүйтэй хэмээн тэмцэгчид үзэж байна. Тэдний төлөөлөл хэлэхдээ, “Би ураны хор хөнөөлийн талаар хангалттай ярилаа. Хамтран тэмцэх ёстой. Олон удаа цуглаан зохион байгуулсан. Товчхондоо, бидний тэмцэл цөхөрсөн алхам л болох юм” хэмээн сэтгэл гундуухан хэллээ. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 200 гаруй мал хорогдож, тахир дутуу, ургийн гажиггай төл гарах, олон тооны мал зулбажээ. 

Мөн иргэдийнх нь биеэр юм туурч, энд тэндгүй хорт хавдартай хүний тоо нэмэгдэж байгаа нь өнөөх л урантай холбоотой хэмээн тэд үзэж байна.

“Бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Ураны хор уршгийг хойч үедээ таниулах зорилготой”

Энэ удаагийн цуглаанд орон нутгийн төлөөлөл болж ирсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Гантөр “Улаанбадрах суманд нөхцөл байдал хүндэрсэн. Айл бүрд тахир дутуу төл гарч байна. Хүн, малын бие дээр тууралт гарна, түүнээс нь болж харшилтай болох жишээтэй. 2012 оноос бид ураны талаар ярьж байгаа ч өнөөдрийг болтол ямар нэг арга хэмжээ аваагүй. “Арева" компани хайгуулийн шатанд явж байсан бол энэ  сарын 10-наас олборлолтоо хийж эхлэх сураг гарсан. Хэдийгээр малчид ураны эсрэг тэмцэж байгаа ч орон нутгийн  удирдлагууд үл ойшоох байдлаар ханддаг. Иргэд гэлтгүй мал нь гүний уснаас хордох болсон. Саяхан манай саахалт айлын гүүнээс гурван хөлтэй унага гарлаа. Хоёр толгойтой хурга гарсан байгаа” хэмээн ярив.

Тэгвэл Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат “Чингисийн Монгол залуучуудын холбоо”-ны тэргүүн Л.Доржпалам,  “Өнөөдөр Монголд үнэн гэж байхгүй, худал зүйлсээр нийгэм дүүрчээ. Уранаас дэлхий нийтээр татгалзаж байхад Монгол хүлээн зөвшөөрч байгаа нь эмгэнэлтэй явдал Манай Хөвсгөлд лиценз хэлбэрээр олгогдсон ч нутгийнхан эсэргүүцээд ухуулаагүй. Хөвсгөлийнхэн шиг бусад аймгууд нэгдэж тэмцэх хэрэгтэй. Монгол оронд уран хэрэгтэй юу,  мал нь чухал уу. Монголд уул хэрэгтэй юу, алт хэрэгтэй юу. Хүн төрөлхтөн өнөөдөр мухардалд оржээ. Алтыг баялаг гээд. Монгол эдийн засгийн алуурчдын золиос болох учиргүй. Монголчууд ухаантай байх ёстой гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Манай улсад цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг 14 компани бий. Цөмийн энергийн газраас зөвшөөрөл авсан уран олборлох эрх бүхий гадны компаниуд. Үүнээс хамгийн олон лицензтэй нь “Арева” юм. Тодруулж хэлбэл, 25 лицензийг эзэмшиж байна. Мөн Нидерланд улсын “Эм Юу Си Ресорсез” 19, Канад улсын “И Эй Эм эксполорэйшн” долоо, Хятадын “Эмээлт Майнз” компани хоёр лицензтэй аж.

Эх орон, газар нутгийнхаа төлөө тэмцэж буй иргэний хөдөлгөөнүүд хамтарсан байдлаар “Арева”-гийн удирдлагад захидал илгээж байсан ч үр дүнд хүрээгүй. Үүгээр ч барахгүй Дорноговьд ажилласан төрийн бус байгууллагын төлөөллийг цагдаа нар “шалгаж” мэдүүлэг авсан байдаг. Энэ бүх саадыг иргэний хөдөлгөөнүүд тоохгүй, цаашдаа тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ өчигдөр албан ёсоор мэдэгдэв. “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Э.Төмөрхуяг, “Бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Ураны хор уршгийг хойч үедээ таниулах зорилготой” хэмээв.

“Ураны эсрэг хамтдаа” уриан дор болсон төрийн бус байгууллагуудын цуглаан оройн 17.00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Энэ үеэр тэдэнтэй нэгдэж, дуу хоолойгоо хүргэх хүсэлтэй олны танил эрхмүүд ч хамтарч ажиллахаа мэдэгджээ.