Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.04.29

Н.Тэгшбаяр: Би бол бурханаас өгсөн бэлэг гэж боддог

“Та хариулахгүй байж болно” ярилцлагын цагаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцлоо.

-          Цөмийн энергийг уул уурхайд, эрүүл мэндэд, эрчим хүчид гэдэг юм уу дэлхий дээр яаж ашигладаг юм бэ?

Ер нь бүх л салбарт хэрэглэж байна. Сая таны хэлсэнчлэн эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг. Ингэхдээ оношилгоо, эмчилгээ, эмчилгээний дараах хяналтад хэрэглэж байна. Тухайлбал манай агентлагын журмаар 2014 онд нэгдүгээр эмнэлэг дээр хоёр толгойтой спект сити гамма камер авчирч  суурилуулсан. Зөвхөн хорт хавдар биш.

Элэг, бөөр, уушиг,  зүрх зэрэг таван цул эрхтний өвчний урьдчилсан оношилгоо, эмчилгээ хийх зориулалттай дэлхийн хамгийн сүүлийн технологийг суурилуулсан. Ингэснээр зарим тохиолдолд мөнгөө төлж гадаад руу явж оношлуулдаг байсан хүмүүс эндээ оношлуулдаг болж байна.  Үүгээрээ давуу талтай.

Үүнийг газрын гүнд Оросоос, эсвэл Хятадаас авчраад тавьчихаагүй юм.

Маш олон цөмийн технологи дээр суурилсан хөлөг онгоцууд далайд явж байна. Мөн гадаргын гүнийг судлахад ашиглаж байгаа. Дээр нь түүхчид хүртэл цөмийн технологийг хэрэглэж байлаа. Түүхчид 150, 200 жилийн настай олдвор оллоо гэдэг. Үүнийг тогтоож өгсөн хүмүүс нь цөмийн физикчид. Дээр үед малыг сургаар хайдаг байсан бол одоо технологиор хайдаг эрин зуунд ирж байна. Удахгүй цөмийн технологид суурилсан автомашинууд үйлдвэрлэгдэнэ.  Энэ мэтчилэн хил хязгааргүй л хэрэглэж байна.

-          Манай улс ураны нөөцтэй байна гэдэг нь Монголчуудын заяа биш юм уу?

Би бол бурханаас өгсөн бэлэг гэж хардаг. Яагаад гэхээр үүнийг газрын гүнд  Оросоос, эсвэл Хятадаас авчраад тавьчихаагүй юм. Жишээ нь бид агуу эзэн Чингис хаанаараа бахархдаг бол тэр хүнд ийм их баялагтай болгож өгсөнд баярлах ёстой. Дэлхийн хаа сайгүй уран байна. Захын нэг газрыг ухахад уран байдаг.

Гэхдээ их хэмжээгээр байгаа нь Монголд болон 17 оронд уран олборлож байна.  Газрын гүнд байгаа ураныг олборлохтой зэрэгцэн хүмүүс ус бохирдуулчих вий гэж ярьдаг. Гэтэл дэлхий дээр хэдхэн янзын ус байна. Цэвэр хүний хэрэглэдэг ус, мал амьтад, хүн хэрэглэдэг ус, үйлдвэрийн зориулалттай ус байдаг. Уран ч бай, нүүрс ч бай, зэс ч бай байгаа газар нь ус байвал тэнд үйлдвэрийн зориулалттай л ус байдаг.

Улс А  газар өгөөд наанаа хайгуул хий гэсэн бол үүнийг эсэргүүцэх хэрэггүй.

Тэгэхээр уран ухсанаас болж ус бохирдох биш, ашигт малтмал байгаа газар ашигт малтмалаа дагасан үйлдвэрийн ус байдаг юм. Уран, цөмийн технологи хоёрыг тусдаа гээд хүмүүст ойлгуулах гээд байна. Энэ бол нэг юмны хоёр тал юм шүү дээ. Тэгэхээр уран, цөмийн технологи хоёр нэг зүйл.  Манай салбарын талаар санаатай болон санаандгүй мэдээлэл явуулаад байгаа хүмүүст бид бол эрүүл мэндэд, уул уурхайд хэрэглэж байгаа цөмийн технологийг эсэргүүцэхгүй байгаа.

Бид ураныг эсэргүүцэж байгаа гэдэг бол баруун гараараа за гээд зүүн гараараа үгүй гэж байгаатай адилхан шүү дээ. Эх оронч сэтгэлгээ байх ёстой. Би ч гэсэн эх орон сэтгэлгээтэй.  ТББ гээд явж л байсан. Юуг эсэргүүцэх ёстой вэ гэхээр А газар зөвшөөрөл авчихаад В газрыг ухаад байвал буруу. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Харин улс А  газар өгөөд наанаа хайгуул хий гэсэн бол үүнийг эсэргүүцэх хэрэггүй. Би хувьдаа өндөр хөгжсөн, амьдралын өндөр стандарттай, ажил хийсэн ч, үйлдвэр барьсан ч, уурхай барьсан ч өндөр стандарттай хийж чаддаг Монголыг мөрөөдөж байгаа. Үүний төлөө,  Монгол сэхээтнүүдийн төлөө бид явж байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...