В.А.Родионов: Ураны олборлолтын чиглэлээр Орос, Монгол хамтарч ажиллавал хэн хэндээ ашигтай
ОХУ-ын Буриадын Улсын их сургуулийн Угсаатны зүй, археологи, түүхийн тэнхимийн судлаач, улс төрийн ухааны дэд доктор В.А.Родионовтой ярилцлаа.
- Олон улсын харилцааны судлаачийн хувьд та Монгол-Оросын хамтын ажиллагааны ирээдүйг яаж харж байна вэ?
Өнөөгийн түвшинтэй харьцуулахад хоёр улсын харилцаа өсөх хандлагатай байна. Нэгдүгээрт төрийн тэргүүнүүд, парламентын түвшинд улс төрийн харилцаа амжилттай явж байна. Түүнчлэн хоёр тал цэргийн сургуулилтыг тогтмол зохион байгуулдаг учир батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаа хөгжиж байна гэж хэлж болно. Соёл, боловсролын хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байна. Харин эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарахгүй байгаа нь харамсалтай.
Асгатын мөнгөний орд
Оросоос хөрөнгө оруулалт бага, худалдааны эргэлт суларсан. Хэрэв уран олборлолтын чиглэлээр талууд санаачлага гаргаж ажиллавал ахиц гарах шаанс бий. Монголд ураны нөөц байна, Орост түүнийг нь олборлох, боловсруулах технологи нь байна. Хэн хэндээ ашигтай. Тэгээд ч Монголын цөмийн физикчид Зөвлөлтөд боловсрол эзэмшсэн учраас хүндрэл гарахгүй. Жишээ болгоод хэлэхэд Оросын хөрөнгөөр боссон Асгатын мөнгөний ордны төсөл амжилттай явж байна.
Түүнээс гадна тээврийн салбарыг онцолмоор байна. Хэрэв Монгол улс Хятад, Орос, цаашлаад Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн дэд бүтэцтэй болчихвол олон талдаа маш ашигтай байх болно.
- Монгол, ОХУ бүх талаар идэвхтэй хамтран ажиллахад ямар хүчин зүйлс саад болж байна вэ?
Олон хүчин зүйл бий. Түүний дотор биднээс шалтгаалахгүй зүйлс байдаг. Тухайлбал хоёр улсын эдийн засаг хоорондоо төстэй. Аль аль нь ихэвчлэн түүхий эдийн экспортоос орлого олдог. ОХУ газрын тос, байгалийн хий, Монголын хувьд нүүрс, зэс олборлодог. Тиймээс одоогоор нэг нэгэндээ ашигтай санал тавихад их хүндрэлтэй. Хоёуланд нь нүүрс байхад бие биедээ зарах нь утгагүй бөгөөд Хятадын нүүрсний зах зээл дээр ч өрсөлдөх сонирхол байдаггүй.
Ялангуяа виз олгох журам хил орчмоор амьдардаг орос, монгол иргэдэд их төвөгтэй байдаг.
Мөн өөрсдөөс маань шалтгаалах зүйл байна. Хил, гаалийн чиглэлээр хамтарч ажиллаж чадахгүй байна. Ялангуяа виз олгох журам хил орчмоор амьдардаг орос, монгол иргэдэд их төвөгтэй байдаг. Өдөртөө хил гараад ирэхэд виз авах хэрэгтэй болдог. Гэтэл Герман, Японы иргэд Монгол руу визгүй зорчдог. Ирээдүйд уг асуудлыг виз олгохоо болих, эсвэл хөнгөлөх байдлаар зохицуулна гэж найдаж байна.