Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо сул байгааг төр анхаарах цаг нь болжээ
Бидний амьдралд тулгамдсан асуудал маш олон байдаг. Хуулийн хэрэгжилт, хуулийн заалт, иргэний эрхийг зөрчсөн төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, салбарын хүнд суртал, хуулийн цоорхой гээд өдөр тутам л бэрхшээлтэй тулгарна.
Энэ бүхнийг хэнд хандаж шийдүүлэхээ мэдэхгүй явсан үе бий. Дэмий л салбар яамны үүд сахиж, хууль шүүхээр явж асуудлаа шийдүүлэх гэж шүүхийн үүдэнд өнждөг байв.
Гэхдээ энэ тулгамдсан асуудлыг шийдэх нэг гарцыг 2012 онд байгуулагдсан парламент шийдсэн нь Өргөдлийн байнгын хороо байгуулсан явдал юм.
Өргөдлийн байнгын хороо хөгжилтэй орнуудад хамгийн эрэлт хэрэгцээтэй, чухал байнгын хороо байдаг.
Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
Байгуулагдсан түүх нь ч урт. Өдөрт, сард, жилд хэдэн мянган иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч тухайн салбар, Засгийн газар, УИХ-даа чиглэл өгч байдаг нэг ёсны иргэний индэр болдог байнгын хороо. Харин манайд нэлээд хожуу байгуулагдсан ч байнгын хорооны үйл ажиллагааны талаархи иргэдийн ойлголт эрс нэмэгджээ. Байгуулагдсаны дараахан гишүүдээс мөнгө, тусламж дэмжлэг хүссэн өргөдөл ихэнх хувийг эзэлдэг байсан бол одоо УИХ-аар батлагдаж байгаа, хэлэлцүүлэгт байгаа хуулиудын талаар, салбар яамдын үйл ажиллагаа, тэнд иргэнд үйлчлэхдээ ямар асуудал дээр хүнд суртал гаргадаг вэ, УИХ цаашид ямар хуулийн төсөл баталж гаргамаар байгааг хөндсөн өргөдөл ирүүлэх болжээ.
УИХ-аас 2012 оны наймдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Өргөдлийн байнгын хороо байгуулагдсан билээ.
Байнгын хороонд АН-ын бүлгээс найм буюу УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, Г.Баярсайхан, М.Батчимэг, Б.Болор, М.Зоригт, С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нарын гишүүд, МАН-ын бүлгээс Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, М.Энхболд нарын найман гишүүн, “Шударга ёс” эвслээс Н.Батцэрэг, бие даагчдын бүлгээс С.Ганбаатар нарын гишүүн харьяалагддаг билээ.
Иргэдийн салбар салбарын өргөдөл гомдлыг нэгтгэж хууль эрхзүйн талаас судалгааг хийж, иргэн бүрийн асуултаар салбар хариуцсан яамны сайд, мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, зөрчил нь хаана байгаа юм, ямар байдлаар энэ зөрчлийг арилгах вэ гэсэн чиглэл өгч ажилладаг тус байнгын хороо энэ удаад Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг нэгтгэн хэлэлцлээ.
Улсын эмнэлгүүдийг хувьчлах хэрэгтэй
Өргөдлийн байнгын хороонд эрүүл мэндийн салбарын асуудлаар 2013 онд 197, 2014 он гарсаар 107 иргэнээс өргөдөл ирүүлжээ. Иргэдийн ирүүлсэн өргөдөлд дараах асуудлуудыг түлхүү хөндсөн байна. Тодруулбал,
- Хүн амын дунд хорт хавдар, мэдрэлийн систем, цус, дархлаа, үе мөч, ясны өвчлөл ихэссэн, иргэдийн эрүүл мэндийн даатгалын системийн тогтолцоо учир дутагдалтай;
- Иргэд хаана хэрхэн хандаж эрүүл мэндээ хамгаалуулах, урьдчилан сэргийлэх тал дээр мэдээлэл дутмаг, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй;
- Улсын эмнэлгүүд өндөр ачаалалтай, хүнд сурталтай, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, 50 хувийг хувьчлах хэрэгтэй;
- Монгол Улсад орж ирж байгаа эм, эмнэлгийн бүтээгдэхүүнүүд олон улсын чанарын шаардлагад нийцсэн эсэх нь тодорхойгүй, чанаргүй, хуурамч бүтээгдэхүүнүүд их байна;
- Хувийн эмнэлгүүд дураараа өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлдэг, чанар муутай баталгаагүй эмчилгээ хийж байна;
- Гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад ороогүй хүнд хэлбэрт шилжсэн өвчтэй иргэд ялангуяа хүүхдүүдэд хандсан тусламж үйлчилгээ, дэмжлэг шаардлагатай;
- Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтөн гадаад улсад эмчлүүлэх тохиолдолд улсаас олгох эмчилгээний зардлын хувь хэмжээ бага, чирэгдэл ихтэй байдаг;
- Зарим өвчнийг дотооддоо эмчлэгдэх боломжтой ч төлбөр өндөр, зохицуулалт дутмаг байна;
- Хяналт тавьж ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээлэл дутмаг, хяналтыг сайжруулах хэрэгтэй байна гэх мэт олон бэрхшээлтэй асуудлыг тусгажээ.
Тиймээс Өргөдөл гомдлын байнгын хорооны гишүүд энэ сарын 9-нд Эрүүл мэндийн яаманд албан бичиг хүргүүлж байнгын хороонд мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн байна.
Хүн амын өвчлөлийн байдал, ялангуяа хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан түүнийг бууруулах талаар ямар бодлого баримталж байгаа, үйлчилгээний чанар, үнэ тариф, даатгалын тогтолцоо, боловсон хүчний чадвар, халаа сэлгээ гэсэн асуудлуудаар мэдээлэл авахыг хүссэн юм. Эрүүл мэндийн сайд тав хоногийн дараа байнгын хороонд хариу ирүүлж иргэдээс ирсэн асуултад тайлбар өгөхөд бэлэн хэмээлээ.
Гадаад орныг зорин үйлчлүүлэх нь ихэссээр, энэ байдал буурахгүй байгаа.
Тухайлбал, үйлчилгээний талаар “Эмнэлгийн тусламж үйлчилгээг ёсзүйтэй, чанартай, аюулгүй, үр дүнтэй үзүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг зөв оновчтой хангах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх асуудал салбар яамны тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Э
мнэлгийн байгууллагууд орон тооны болон орон тооны бус чанарын алба байгуулан чанарт анхаарал хандуулж байгаа ч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж хангалттай бус, гадаад орныг зорин үйлчлүүлэх нь ихэссээр, энэ байдал буурахгүй байгаа.
Тиймээс салбар яамны зүгээс энэ талаархи сургалтуудыг шат дараатай зохион байгуулж, журам батлуулж, чанар үйлчилгээнд анхаарч ажиллаж байна” гэсэн хариулт өгч байлаа. Гэхдээ хэт ерөнхий, салбарын талаархи мэдлэг нь тоон баримтаас хэтрэхгүй, зарим тохиолдолд иргэдийн ирүүлсэн гомдол саналыг тэр бүр мэдэхгүй, ойлгохгүй явж байгаа нь ажиглагдаж байсан юм.
Эмнэлгийн байгууллагын улстөржсөн томилгоо ажил унагаж байна гэв
Салбар яам, эмнэлгийн хүнд суртал, зөрчил дутагдалтай холбоотой асуудлаар Өргөдлийн байнгын хороо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандав.
Тус байгууллагын зүгээс хяналт шалгалт явуулж Эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтууд хэрэгждэгггүй, зарим эмнэлгийн барилга, өргөтгөлийн ажил хийгдээгүй, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, менежмент, хүний нөөцийн бодлого учир дутагдалтай, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага, эрх зүйн мэдлэг сул, эмчилгээ, оношлогооны багаж төхөөрөмж хүрэлцээгүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг байдаг гэсэн хариуг ирүүлсэн юм.
Тодруулбал, МХЕГ-аас Эрүүл мэндийн хяналтын өнөөгийн төлөв байдал, Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар, Хяналт шалгалтын явцад авсан арга хэмжээ, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн асуудлаар Өргөдлийн байнгын хороонд саналаа ирүүлжээ. Маш олон зөрчил дутагдал илэрсэн гэдэг нь арав гаруй хуудас тайлан мэдээнээс харагдаж байв. МХЕГ-аас ирүүлсэн санал дүгнэлтэд нэлээд ноцтой зөрчил дутагдлыг тоочсон байлаа.
МХЕГ-аас ирүүлсэн санал дүгнэлтэд нэлээд ноцтой зөрчил дутагдлыг тоочсон байлаа.
Тодруулбал, хяналт шалгалт сул, хүний нөөцийн бодлого алдагдсан, эмч нарын эрхзүйн мэдлэг дутмаг, ур чадварыг дээшлүүлэх талаар анхаардаггүй, тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого хангалтгүй, хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу хийдэггүй, байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэггүй гэсэн зөрчлүүдийг баримтад үндэслэн бичжээ.
Эмнэлгийн удирдлагуудыг сонгон шалгаруулах зарчим нэрийн дор удаан хугацаагаар томилоогүй, ойр ойрхон сольж сэлгэсэн нь эрүүл мэндийн удирдлагын менежмент алдагдах, улмаар ажиллагсадын хамт олны уур амьсгалд сөрөг нөлөөллийг бий болгосон, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг алдагдахад хүргэж харьцаа хандлагад нөлөөлж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн жишээгээр дурьджээ.
Улсын төсвийн 10 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Засгийн газарт өглөө
Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа эрүүл мэндийн салбарын асуудлаар иргэдийн өргөдөл, санал хүсэлттэй танилцсаны дараа чиглэл өгөх, танилцуулгыг байнгын хорооны хуралдаанд хийлээ.
Танилцуулгад дурьдсанаар бол иргэдийн дийлэнх хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ авахад өртөг өндөр, өрхийн хэрэглээний мөнгө эмчилгээ үйлчилгээ авахад хүрэлцдэггүй, мөн өндөр төлбөр бүхий эмчилгээ авахад тулгамддаг бэрхшээлүүдийг хөнджээ.
Хамгийн харамсалтай нь салбар яам энэ талаар чиглэл өгч, тушаал захирамж гаргаж ажилладаг ч энэ нь эзэндээ хүрдэггүй, хэрэгжилт хангалтгүй, хэрэгжих гэхээс илүү цаасан дээр үлддэг байдал газар авсныг Р.Бурмаа дарга хэлж байлаа.
Тухайлбал, Ахмад дипломат өндөр настан Д.Жамбалдорж, Шинжлэх ухааны доктор профессор Г.Пүрэвбаатар нараас “...Улсын эмнэлгүүдийн үйлчилгээ маш ачаалалтай, хүнд сурталтай эдгээрийг зохицуулж 50 хувийг хувьчилж төрийн зүгээс хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх; ...Монгол Улсад орж ирж байгаа эм, эмнэлгийн бүтээгдэхүүнүүд олон улсын чанарын шаардлагад нийцсэн эсэх нь тодорхойгүй, хувийн эмнэлгүүд өөрсдийн дураар гадны эмч нарыг авчирч өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлдэг, өвчин намдаах тариа хэрэглэдэг нь үр дүн муутай баталгаагүй байна” гэсэн хүсэлт гаргасан гэдгийг байнгын хорооны хуралдааны үеэр онцоллоо.
Энэ талаар салбарын яам өөрсдөө мэдээлэл муутай байдаг гэдэг нь хуралдаанд өгч байгаа хариултаас харагдаж байсан юм
Энэ талаар салбарын яам өөрсдөө мэдээлэл муутай байдаг гэдэг нь хуралдаанд өгч байгаа хариултаас харагдаж байсан юм. Гишүүдийн асуултад зарим тохиолдолд бөөрөнхий хариулт өгөх, эсвэл мэдэхгүй, тийм зүйл байсан юм уу, энэ талаар судлаж үзнэ гэсэн хариултыг Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд өгч байсан юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг хамгийн чухал асуудал. Хэзээ ч асуудлын хоёрдугаарт тавьж дараа шийдвэрлэнэ гэж орхиж болдоггүй салбар учраас энэ талаар өгсөн чиглэл, арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж ажиллах нь зайлшгүй чухал юм.
Тиймээс Н.Алтанхуяг сайд, Н.Удвал сайд Байнгын хорооны тогтоолд тусгасан иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг цаг тухайд нь шийдэж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллана гэж найдъя. Эрүүл мэндийн салбарын талаар өдөр бүхэн гарч байдаг бүх асуудлыг шийдэж чадахгүй ч тодорхой хэмжээнд ач холбогдол өгмөөр байна. Байнгын хорооны гишүүд улсын төсвийн 10 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах, туршлагатай мэргэжлийн боловсон хүчнийг анхан шатны эмнэлгүүдэд ажиллуулах гэж хоёр чухал саналыг гаргаж тавьсан юм. Мөн даатгалын тогтолцоо, гацаад байгаа эмнэлгийн барилгууд гээд төрийн толгойны өвчин болсон асуудлуудыг шийдэх гарцыг эрэлхийлсэн нь хамгийн чухал ололт байлаа.