Д.Хаянхярваа: Цонхны цаанаас шоколад долоолгож байгаа юм шиг байж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай үндэсний үйлдвэрлээ хэрхэн дэмжих талаар ярилцав.
-Эдийн засгийг эрчимжүүлэх аяны хүрээнд ч тэр ер нь сүүлийн үед импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийг түлхүү дэмжихээр уриа дэвшүүлж, лоозогнох болсон. Гэхдээ амьдрал дээр үйлдвэрлэгчдийн чадамж хэр байгаа гэж үздэг вэ?
Төр засгийн зүгээс дэмжих бодлогыг тавьдаг нь үе үеийн засгийн газарт ч байсан. Манай улсын хувьд импортоор ихэнхи хэрэглээний бүтээгдэхүүнээ авдаг. 80-90 хувийн хараат байдалтай байсаар байгаа юм. Тиймээс импортын орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь зайлшгүй хэрэг.
Нэг үеэ бодвол манай үйлдвэрлэгчид их чадваржиж байгаа гэж хардаг. Улаанбуудай, төмсөө дотооддоо хангадаг болчихлоо. Энэ бол дэвшил. Түүнээс гадна ургамлын тосны дотоодын үйлдвэр хөгжиж байгаад баяртай байдаг.
-Ургамлын тосны талаар ярихад Дарханы үйлдвэрийн талаар сонсч байсан юм байна. Та үйлдвэртэй танилцаж байв уу. Иймэрхүү үйлдвэрүүдийг хэрхэн дэмжих ёстой гэж боддог вэ?
Манай Дархан хотод ургамлын тосны гол түүхий эд болсон рапс ургадаг. Гэхдээ одоохондоо рапсыг гадагшаа экспортолж байна л даа. Боловсруулалт хийхгүйгээр Хятад руу гаргаж байгаа. Хүмүүс рапсыг байгаль орчинд халтай гэх хандлагатай байдаг ч үнэндээ тийм ч айхтар халтай эд биш.
Би Дархан хотын засаг даргаар ажиллаж байхдаа л "Монгол алтан тос" компанийн ургамлын тосны үйлдвэрээр очиж танилцаж байсан. Технологи нь маш орчин үеийн Германы тоног төхөөрөмжтэй үйлдвэр байсан. Хэрвээ тосны ургамлаа боловсруулчихвал монголынхоо хэрэгцээг зуун хувь хангах боломжтой гэж удирдлагууд нь ярьж байсан.
-Тэгэхээр тэр компани боловсруулалт хийлгүй тосоо хийдэг гэсэн үг үү. Уг нь түүхий эд дотоодод ургаад байгаа шүү дээ?
Гаднаас л шахсан түүхий эдээ авч шууд бүтээгдэхүүн хийж байгаа юм. Тиймээс төр засгаас боловсруулах үйлдвэрийг нь дэмжчихвэл хөгжих боломжтой юм шиг харагдсан. Эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр нь бол байна шүү дээ. Түүхий эд нь бас монголын газар дээр ургаад байдаг.
Хоёр жилийн өмнө гэхэд манай улсын хэмжээнд 10 мянган тонн рапс, тосны ургамлыг Хятад руу гаргадаг байсан. Одоо нэмэгдээд 20-30 мянга болсон байх.
Монголд рапсын тос ч бай, наранцэцгийн тос ч бай, янз бүрийн тосны ургамлаа шахдаг үйлдвэр байгаагүй. Тиймээс боловсруулах үйлдвэрийг дэмжээд өгөх хэрэгтэй.
Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа экспортын дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр 888 төслийг хурдан дэмжээд явуулах хэрэгтэй. Нэгэнт сонгосон юм бол үйлдвэрлэлийг нь явуулах нь зөв гэж бодож байгаа. Тэгэхгүйгээр цонхны цаанаас шоколад долоолгож байгаа юм шиг байж болохгүй.
-Ургамлын тосоо экспортлох боломжтой гэсэн үг үү?
Ялангуяа өмнөд хөршид ургамлын тосны хэрэгцээ асар их байдаг юм билээ. Тийм учраас дотоодын хэрэгцээгээ хангаад экспортлох бүрэн боломжтой.
-Рапсыг байгаль орчинд халтай гээд байсан шүү дээ?
Газар тариалангийн агротехнологи гэдэг зүйл дэлхий дээр их хөгжчихсөн. Дэлхийн бусад оронд уринш хийнэ гэхэд инээд нь хүрдэг болчихоод байна. Ерөөсөө Орос, Монголоос өөр оронд тэгж гаргадаггүй. Уринш хийхээр нэг жил өнждөг учраас бизнест халтай. Хүн хэд насалдаг юм гэж Хятадууд хошигнодог. Амьдралынхаа тал хугацаанд хар шороо харж амьдрах юм уу гэж тэгэхээр жилийн дөрвөн улиралд л газраа эдийн засгийн ургацийн эргэлтэд оруулмаар байгаа юм.
Энэ жил нь рапс, дараагийн жил нь улаан буудай тарина, өөр төрлийн ургамал тарина гээд сэлгээд тарьдаг. Рапсын тарьсан дараагийн жил улаан буудай маш сайн ургадаг гэж мэргэжлийн хүмүүс нь ярьж байсан.
Бид нар жил бүр юмаа сайжруулах, шинэчлэх, үр ашгаа нэмэгдүүлэх энэ чиглэл рүү явах ёстой. Түүнээс биш рапс ерөөсөө болохгүй хөрсөнд муу шүүмжлээд байвал хөгжихгүй. Энэ зүйл гараад л ирэхээр нь энэ болохгүй, бүтэхгүй муу гээд байвал хэзээ бүтээх вэ.
Бүх зүйлд шүүмжлэлтэй хандаад байвал болохгүй. Нүүрсээ гаргахгүй, рапс тарьж болохгүй, хөрсөнд муу гээд байвал хэцүү. Гарц юу байна вэ гэдгийг олж харах хэрэгтэй.
Өнөөдөр өдөр бүр хоолондоо хэрэглэдэг ургамлын тосоо зуун хувь импортоор авч байна. Гэтэл орчин үеийн технологитой үйлдвэрүүд нь байхад үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд өгөхөд хангалттай. Хурдан эдийн засгаа сэргээж авармаар байна.