Х.Тэмүүжин: Баялаг бүтээгчдээ айдсаас салгая
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.07.07

Х.Тэмүүжин: Баялаг бүтээгчдээ айдсаас салгая

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүжинтэй ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган завсарлалаа. Энэ чуулган нийгэмд хүлээлт үүсгээд байсан нэлээд олон хуулийн төслийг гараас гаргаж чадсангүй. Тэр тусмаа танай салбартай холбоотой хуулиуд батлагдсангүй. Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хууль, хамгийн сүүлд өргөн баригдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөл үзүүлэх тухай хууль гээд. Ер нь та өнгөрсөн чуулганы талаар ямар дүгнэлттэй байна вэ?

-УИХ-ын дарга бараг л дүгнээд хэлчихсэн дээ. Энэ чуулганы сүүлийн нэг өдөр л эдийн засагтай холбоотой тодорхой шийдвэрүүд гарлаа. Батлагдаагүй нь ганц манай салбарын хуулиуд биш л дээ. Бүх салбарын хууль тогтоомж үндсэндээ хэлэлцүүлэг дотроо ч алхам хийгдсэнгүй. Яагаад гэвэл энэ чуулган хэтэрхий улстөржсөн байлаа. Ихэнх хугацааг огцруулах уу, огцруулахгүй юу гэдэг улс төрийн хэл ам, хэрүүл шуугиан авлаа. Парламент өөрөө хууль тогтоох чиг үүргээрээ сайн ажиллаж чадсангүй л гэж хэлье. Тийм л чуулган боллоо.

-Танай хуулиуд урагшилж чадав уу?

-Манай өргөн барьсан хуулиудаас хэлэлцэх эсэх нь нэлээд олон төсөл дээр шийдэгдлээ. Гэхдээ эцсийн үр дүнгээр бол УИХ-аар батлагдаад гарчих боломжтой байсан гурав, дөрвөн хууль гарч чадсангүй. Харин Гэмт хэргийн, Зөрчлийн тухай хуулиуд бол өөрсдөө их том хууль учраас хаврын чуулганаар шууд батлагдаж гарна гэдэгт би ч итгээгүй. Тийм боломж ч бас байхгүй. Энэ зун ажлын хэсэг нэлээд сайн ажиллаж байж намрын чуулганаар батлах болов уу гэж найдаж байна.

-Хугацаанд шахагдчихсан хуулийн төслүүдийг Засгийн газраас оруулсан шүү дээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол үүний нэг гэж болно. "ЭЗЭН-100"-гийн нэг чухал хууль нь биз дээ?

-Энэ хуулийг дангаар нь батлахгүй л дээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хууль хоёр цуг юм.

Яагаад гэвэл, УИХ “Эдийн засгийн өршөөлийн хууль гаргана, төсөл боловсруулж ир” гээд Засгийн газарт үүрэг өгчихсөн.

Энэ дагуу Засгийн газар хуулийн төсөл өргөн мэдүүлэхэд техникийн хувьд нэг хуулийн төсөл оруулах боломжгүй.

Хариуцлагаас чөлөөлөх гэж байгаа бол, өөрөөр хэлбэл гэмт хэрэг, зөрчлийн асуудал шийдэх гэж байгаа бол түүнийгээ Өршөөлийн хуулиар шийднэ. Бүртгэлээ сайжруулах, дахин бүртгэл хийх, татвар хураамжтай холбоотой асуудал нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиараа шийдэгдэнэ.

Тийм учраас хоёр хууль цуг өргөн баригдаад хэлэлцэгдэх ёстой. Ингэхдээ зөвхөн эдийн засгийн өршөөлийг бус, том өршөөлөө ч хавсаргах ёстой гэж үзээд Өршөөлийн хуулийн төсөл томоор бичигдсэн. Гэвч Өршөөлийн хуулийг нууцаар хэлэлцэх дэгтэй. Яагаад гэвэл, ямар гэмт хэрэг, юу өршөөгдөх гэж байна гэдэг нь урьдчилаад мэдэгдчихээр өршөөгдөх тэр гэмт хэргүүд гарах, хууль өөрөө хий гаргах магадлалтай байдаг.

Тийм учраас Өршөөлийн хууль нууцлалтай байгаа. Тиймээс өнөөдөр хүмүүс ил байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр нь хэл ам хийж байна л даа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг оруулж ирэх бодит үндэслэл нь, шаардлага нь юу байсан юм бэ?

УИХ-аас Засгийн газарт үүрэг өгөхдөө энэ шаардлагыг нэлээд их ярьсан шүү дээ.Тэгээд бүр хугацаатайгаар, зургадугаар сарын 1-ний дотор төслөө өргөн барь гэсэн чиглэл өгсөн. Үндсэндээ энэ хуулийг гаргах таван шаардлага байгаа юм.

-Ямар...?

-Ний нуугүй хэлэхэд Монгол Улсын эдийн засаг мөнгөгүйгээс гацчихлаа. Эдийн засгийн судсаар гүйх ёстой цус нь алга болчихсон. Тийм учраас чуулганы төгсгөлд баталж байгаа хуулиуд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дахиад эдийн засгийн цус эргэлдэх ёстой гэдэг бодлогоор явсан.

Яг энэ тохиолдолд бид зөвхөн гаднын хөрөнгө оруулалтыг татахаас гадна дотоод хөрөнгө оруулалтаа татах ёстой. Нуулгүй хэлэхэд, маш олон хүний гудсан дор мөнгө байна. Банктай холбоотой статистик мэдээг харахаар л хадгаламж нэмэгдсэн байдаг. Энэ нь өөрөө хүмүүс эдийн засаг руу мөнгө оруулахгүй, эрсдэлээс айгаад банк руу хадгалаад эхэлчихлээ гэсэн үг.

Тиймээс энэ дотоод хөрөнгө оруулалтаа яаж татах вэ гэдэг бол эхний зорилт. Хоёрдугаарт, энэ дотоод хөрөнгөө татахдаа сүүдрийн эдийн засаг буюу хуулиас гадуур байгаа мөнгийг яаж хууль ёсны болгох вэ. Маш олон хүн татвар, нягтлан бодох бүртгэл, төрийн ойлгомжгүй бодлого, хүнд суртал, авлига, хээл хахууль гээд олон хүчин зүйлээс болгоомжпохдоо мөнгөө нуудаг.

Хоёр төрлийн татварын тайлан баланс гаргадаг байдал ч газар авчихсан. Энэ бүгд өөрөө хуулийн хилээс гадна байгаа сүүдрийн эдийн засгийг улам бүр томруулаад байгаа юм. Тэр мөнгө томроод байна гэхээр бид ил байгаа эдийн засгаа зөв тооцож чадахгүй. Энэ нь өөрөө хууль бус орлого болчихож байгаа учраас маш олон хүний мөнгийг хэн ч булаагаад, хураагаад авах боломжтой.

Тийм учраас иргэд ч айдастай байна. Сүүдрийн эдийн засагт мөнгө их байх тусмаа тэр улс орны хөгжил нөгөө тийшээгээ явчихдаг. Тиймээс хөрөнгө оруулалтыг татах зорилгынхоо хүрээнд сүүдрийн эдийн засагт байгаа мөнгөө ил болгоё, хууль ёсны болгоё.

Тэр хүмүүс нь ч айдасгүйгээр энэ мөнгөнийхөө үр шимийг хүртдэг болгоё гэсэн юм. Үүнтэй уялдаад гурав дахь татварын хөл өөрөө нэмэгдэнэ. Одоо бид ил байгаагаас нь л татвар авч чаддаг, хууль бус нөгөө мөнгөнөөс татвар авч чаддаггүй.

Аваад эхэлбэл, татварын хөл нэмэгдвэл, сургууль, эмнэлэг гээд нийгмийн асуудлаа шийдэх тодорхой хэмжээний орлоготой болчихно. Энэ бол эдийн засаг талаас нь харж байгаа зүйл. Эдийн засгийг ил тод болгох хууль хэрэгтэй гэсэн гол гурван үндэслэл нь энэ.

-Нөгөө хоёр нь юу юм бэ?

-Тэр хоёр нь хуулийн байгууллагатай  холбоотой. Хуулийн байгууллагын арга барилыг өөрчлөхгүй бол баялар бүтээгчдийг айдаст автуулах зүйл маш хүчтэй боллоо. Ойлгомжгүй олон хүчин зүйлээс болоод сүүдрийн эдийн засаг нь хэтэрчихсэн нөхцөлд ямар ч баялаг бүтээгч, бизнес эрхлэгчийг хуулийн байгууллагынхан өлгөөд авах гох дэгээ байх л болно.

Манайх шиг шилжилт хийж байгаа улс оронд анхны хуримтлал шударгаар бий болно гэж бараг байхгүй. Гэхдээ шударга биш, мөн гэдэг маргаанаа нэг газарзураас татаж цэглэхгүй бол энэ нь үргэлжлээд л яваад байна. Тиймээс зурааснаас өмнөхөө мартаад, зурааснаас хойш дүрмээрээ тоглоно гэж тавьж өгөхгүй бол нөгөө талд.нь хуулийы байгууллага эрх мэдлээрээ далайлгаж, зорилготойгоор тодорхой бүлэг рүү дайрдаг болж эхэлж байна.

Мөнгөтэй хүнийг оролдоод байвал би өөрөө орлоготой болно гэсэн хувийн ашиг сонирхол ч бас яваад байна. Хуулийн байгууллагынхан нэг бизнесмэнийг хэрэгт шалгаад эхлэхээрээ “гахай болгох уу, үнээ болгох уу” гэж ярьдаг.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Гахай болгоно гэдэг нь тэр дор нь асуудлыг шийдээд, өөрөөр хэлбэл, том авлига аваад хэргийг нь цавчаад аваад үлдэнэ гэсэн үг. Үнээ болгоно гэдэг нь өдөр болгон саагаад явна гэсэн үг. Яг энэ хандлага чинь өөрөө хүмүүсийг нуух юмтай байлгаад байгаа юм. Тэгэхээр энэ айдсыг үгүй болгох ёстой.

Хэрэв сүүдэрт байгаа мөнгийг нь ил гаргаад, хууль ёсны болгочих юм бол хуулийн байгууллага очиж хүн шантаажилж, дээрэмдэж чадахаа болино. Энэ бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлах нэг том шаардлага. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчдээ айдсаас нь салгая.

Хоёр дахь шаардлага нь, хуулийн байгууллагыг чадавхжуулаад, хууль тогтоомжийг шинэчлээд эхлэхээр хүмүүсийг айлгадаг одоо байгаа энэ бүтэц улам аюултай болох юм биш үү гэсэн болгоомжлол нийгэмд гараад ирчихсэн. Энэ нь өөрөө хуулийн салбарын шинэтгэлд садаа болж эхэлж байна.

Хуулийн салбарын шинэтгэл бол "хүний эрхийг хангах, шударга ёсыг хэрэгжүүлэх" гээд том зорилт руугаа явна. Гэхдээ энэ зорилт руу яваад эерэг үр дүн авчирна гэдэгт баялаг бүтээгчид, иргэд итгэхгүй байна шүү дээ. "Тоног төхөөрөмжийг нь сайжруулаад, хэрэг илрүүлдэг технологи, ажилладаг ур чадвар нь улам дээшлэх нь.

Өмнө нь болхидуу маягаар намайг дээрэлхдэг байснаа одоо илүү нарийн аргаар дээрэлхэх нь" гэсэн айдас, болгоомжлол төрүүлээд байна.

Энэ бүх айдас нь хуулийн салбарын шинэтгэлд садаа болоод байгаа юм. Тийм учраас хоёр дахь том зорилт нь дараагийн салбарын шинэтгэлээ эхлүүлэхийн тулд дээр хэлсэн зураасаа татах зайлшгүй шаардлага байна.

 Тэгж байж шинэ дүрэм авчирч тавих хэрэгтэй. Бидний энэ цаг үед Гэмт хэргийн, Зөрчлийн гээд том хуулиудыг шийдэж байгаа бол тэр хуулиуд үйлчлэхээс өмнөх нууц далд хөрөнгийг хөөцөлдөхөө больж, түүхээ орхиё л гэж байгаа юм.

Яагаад гэвэл, энэ түүхээрээ явбал дахиад 20 жил "Чи идсэн, уусан. Татвар нуудаг, нуудаггүй” гээд хэрүүл үргэлжилнэ. Гэхдээ энэ хэрүүл нь эдийн засгийн биш улс төрийн, хуулийн гээд утгаа алдаж байгаа юм. Энэ хэрүүл дахиад 20 жил үргэлжилбэл Монгол Улс хөгжихгүй. Тийм учраас сонголт хийх цаг болсон. Өнгөрсөн 20 жил шигээ явах уу, эсвэл шинэ дүрмээр ирээдүйн 20 жил рүү явах уу гэсэн сонголт хийх цаг ирлээ.

-Хуулийн үйлчлэх хугацаа нь 2006-2013 он гэж төсөлд заасан байна лээ. Энэ нь цаад захиалагч нь хэн бэ гэдэг хариулт нэхээд байна. Одоо шалгагдаж байгаа хэргүүд, төрийн мөнгө завшсан албан тушаалтнууд Өршөөлийн хуулиар нь өршөөгдөх нь гэж хардаж байна шүү дээ?

-Өршөөлийн хуулиар хүссэн, хүсээгүй ял шийтгэлтэй холбоотой хэсгийг өршөөнө. Харин хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа татвартай холбоотой асуудал байвал тэр татвараа төл гэдэг үүрэг өгнө. Бид нэг зарчим бодох ёстой. Тэр нь юу гэхээр, нэг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжиж байгаа зохицуулалт, нөгөө нь өршөөж байгаа зохицуулалт.

Энэ хоёр дотор юуг оруулах, юуг оруулахгүй вэ гэдгээ хууль тогтоогчид шийдэх ёстой. Хоёр маргаан байгаа. Төрийн өндөр дээд албан тушаалтан буюу УИХ- ын 76 гишүүн + Ерөнхийлөгч + сайд нар + шүүгчид, прокурорууд гээд тодорхой албан тушаалтнууд дээр энэ хууль үйлчлэх үү, үгүй юү гэдгийг шийдэх ёстой. Засгийн газраас энэ бүхнийг хааж оруулж ирэх үү, нээж оруулж ирэх үү  гэж ярьж байгаад эдийн засгийн ил тод байдалтай холбоотой учраас нээлттэй оруулъя гэсэн. Үүнийг нь УИХ яаж ч шийдэж болно.

Өршөөлийн хуулийн төсөл нууц байгаа учраас доторхи зүйлийг нь нарийвчилж ярьж болохгүй байна. Гэхдээ тэр хуулиар хээл хахууль, хээл хахуульд зуучлах зэрэг тодорхой хэргийг хаачихсан. Хулгай, хүн худалдаалах, хүчин ч гэдэг юм уу ийм, ийм зүйлээр өршөөгдөхгүй шүү гэдэг дотор нь хээл хахууль орохгүй гээд хаачихсан. Өөрөөр хэлбэл, тодорхой гэмт хэрэг дээр Өршөөлийн хуулиараа хаалттай. Харин субъектээр нь хаах уу гэдгийг УИХ л шийднэ.

Үнэхээр зоригтойгоор бид ийм манлайлал үзүүлж байна, бидэнд энэ хууль үйлчлэхгүй, баялаг бүтээгчдэд, ард иргэдэд үйлчилнэ гээд кнопоо дараад шийдвэр гаргах боломж нь УИХ-д нээлттэй.

-Яг ингэж нээлттэй орхисон учраас сөрөг хүчин шүүмжилж байна л даа. Энэ хуулийн үйлчлэх цаг хугацаанд Засгийн газар "Чингис" бондыг ямар ч хяналтгүй зарцуулсан. Үүнийгээ баллуурдах гэж байна гээд л. Өөрсдийгөө өршөөх хууль л оруулаад ирлээ гэж байна.

-Өршөөлийн хууль дээр нь хээл хахуультай холбоотой хэргүүд нь хаалттай байгаа болохоор хардах хэрэггүй. Эдийн засгийн ил тод байдал гэдэг чинь татвар, бүртгэл гээд гэмт хэрэгтэй холбоотой асуудал биш байхгүй юу.

-Тэгвэл оффшор дансаа мартах зэрэг орно л биз дээ?

-Эрүүгийн хуульд гадаад улсад оффшор данстай байхыг гэмт хэрэг гээд биччихсэн байвал тэрийг хааж болно. Одоо манайд үйлчилж буй Эрүүгийн хуульд тийм заалт байхгүй. Хуульгүй зүйлээр бид юм хийж болохгүй шүү дээ.

-Өршөөлийн хуулийн гүн рүү нь орохгүй асуухад ер нь өршөөлийн давтамж арай ойртоод байгаа юм биш үү. Тав, зургаахан жил болоод л УИХ-аас Өршөөлийн хууль батлаад байгаа нь хэр зөв бодлого вэ?

-Манайд байгаа тогтолцоо л юм даа. Үндсэн хуулиар Өршөөлийн хууль гаргах эрх УИХ-д нээлттэй. Хэн ч хориогүй. Яг гэмт хэрэгтэй холбоотой Өршөөлийн хууль яагаад ийм ойр давтамжтай гараад байна гэхээр одоо үйлчилж буй Эрүүгийн хуультай шууд холбоотой. Шорон байсхийгээд л дүүрээд байна шүү дээ. Шоронжсон улс гэж хэлээд байгаа шалтгаан ердөө л энэ.

Гурван жилийн дотор Монголын шорон дүүрчихдэг. Ямар шалтгаанаар ингээд дүүрэв гэж харахаар ноцтой, аюултай гэмт хэргээс илүүтэй жижиг гэмт хэрэг, анх удаа хэрэг үйлдсэн залуучууд ороод байдаг. Би сонирхолтой статистик хэлье. Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн зургаан хувь нь л шоронд буцаж ордог. Тэгэхээр шорон хэнээр дүүрэв гэхээр дандаа шинэ хүнээр дүүрдэг.

Энэ нь манай одоогийн Эрүүгийн хууль ерөнхийдөө хатуу, анх гэмт хэрэг хийсэн залуус руу хурц үзүүр гаргасан тийм л хууль гэдгийг илэрхийлээд байгаа юм. Үүнийг өөрчлөхөөр Гэмт хэргийн тухай хуулийн төсөл өргөн бариад явж байна. Хэрэв шинэ Гэмт хэргийн тухай хууль батлагдаад мөрдөгдвөл шоронжсон систем багасаад, Өршөөлийн хууль ойрхон гаргах хэрэгцээ, шаардлага үгүй болно. Өөрөөр хэлбэл, бид Өршөөлийн хууль ойрхон гараад байна гэж шүүмжлэхээс илүү гарах нөхцөл хаана бүрдээд байна гэдгийг харах ёстой.

-Тэгвэл татвартай холбоотой эдийн засгийн өршөөлийн талаар юу хэлэх вэ. 2008 онд УИХ-аас Татварын өршөөлийн хуулийг баталснаас хойш ердөө зургаан жил л өнгөрч байна шүү дээ?

-Татварын өршөөлийн хууль 2008 онд батлагдахад олон хүн итгээгүй. Бидний юмыг ил болгочхоод дахиад араас явна даа гэсэн болгоомжлол олон нийтэд байсан учраас хамрагдсан субъект нь их хязгаарлагдмал. Цөөн тооны хүн хамрагдсан. Гэхдээ дөрвөн их наяд төгрөг ил болсон гээд бод доо. 

Хүмүүс итгэхгүй болгоомжилж, хэдий цөөхөн хүн хамрагдсан ч ийм их хэмжээний мөнгө ил болсон гэхээр сүүдрийн эдийн засаг ямархуу төвшинд байна гэдэг нь ойлгогдох байх. 2008 онд бас л хямралын маягийн байсан шүү дээ. Одоо яг энэ цаг үед нэгдүгээрт хямралыг даван туулахад, хоёрт баялаг бүтээгчдээ айдсаас салгахад, гуравт, үүнээс хойш эдийн засаг, татвартай холбоотой өршөөл үзүүлэхгүй шүү гэдгээ ил тод зарлаад явах ёстой.

Өргөн барьсан хуулийн төслөөрөө бол бид таван сарын хугацаа зааж өгсөн. Энэ хугацаанд шинэчилсэн бүртгэл хийгдээд явна гэж тооцож байгаа. Энэ нь өөрөө Монгол Улсын эрх ашиг, хувь хүний өмчид үр ашигтай л даа. Үүнийг жижигхэн зүйлээр дөрөөлж зогсоож болохгүй. Авлига хээл хахууль, албан тушаалтай холбоотой хэргүүд энэ завсраар гоожих гээд байна гэвэл надад бодитой санал нь ч байна.

-Ямар санал...?

-Надад бичсэн текст нь бэлэн байгаа. Засгийн газарт энэ төслийг оруулахдаа хоёр хувилбараар оруулсан юм. Нөгөө текст нь юу гэхээр энэ хууль үйлчлэхгүй гэсэн хаалтын заалтыг дахиад нэг газар тодорхой биччих юм.

Өөрөөр хэлбэл, "Энэ хууль төрийн өндөр албан тушаалтан буюу ийм, ийм хүмүүст үйлчлэхгүй ээ" гээд л боллоо. Тэгвэл энэ хуулийн үр дүнг төрийн өндөр албан тушаалтнаас бусад хүн хүртэнэ.

-Тэгээд яагаад тэр текстээ биш, нөгөөхийг нь УИХ-д оруулж ирсэн юм бэ?

-Яг тийм байдлаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг өргөн барьчихвал УИХ-ын гишүүд кноп дарж энэ хуулийг дэмжих үү гэдэг эргэлзээтэй.

Надад ийм болгоомжлол байсан юм. Ер нь бол цаана нь нууц байгаа Өршөөлийн хууль тийм заалттайг мэдсээр байж ил байгаа хуулиар нь хоосон улс төр хийхэд амархан л даа. Гэхдээ энэ нь өөрөө бодит байдал дээр улс оронд ашиггүй.

-Тодорхой тооцоо судалгаатай байж хууль гаргадаг байх. Сүүдрийн эдийн засаг хэдий далд ч түрүүнд хэлдэг дөрвөн их наяд гэдэг шиг төсөөлөл байгаа юу?

-Далд байгаа учраас тоо бүртгэл мэдээж байхгүй. Эдийн засагчид одоо байгаа нөхцөл байдлыг тооцоолоод сүүдрийн эдийн засагт байгаа мөнгө, нийт зах зээлд ил байгаа мөнгийг харьцуулахад 60:40 байж магадгүй шүү гэдэг юм билээ. Энэ бол маш том тоо.

Сая эдийн засаг хямарч, хуулийн байгууллагууд ч баялаг бүтээгчид рүү их дайрч байна. Бизнес хийхээр л түүгээр нь барьж аваад хийгээд байгаа. Тэгэхээр бизнес хийх гэж үйл тамаа үзэж, тэр хүмүүсийг цалинжуулж, ажлын байр бий болгож, татвар төлж, өөрөө шалгуулж байхын оронд банкинд хадгалуулаад хүүгээ аваад сууж байх нь хамаагүй дээр гэж тооцоод ил байсан мөнгөө хүртэл банк руу шилжүүлчихлээ.

Энэ нь өөрөө аюултай байна гэж харуулж байгаа юм. Тэгэхээр үүнийг шийдэх л ёстой. Хүн баялаг бүтээгээд, бусдыг ажлын байраар хангаж- цалинжуулж байхад нь хуулийн байгууллага шалгаж, хориод, гох дэгээ татаад эхлэхээр хэн баялаг бүтээж, энэ эдийн засгийг хэн босгож ирэх юм бэ.

-Баялаг бүтээгчид рүү дайрах хандлага сүүлийн үед огцом нэмэгдлээ. Эдийн засгийн нөхцөл байдалтай энэ бүхэн холбоотой юу?

-Нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Хоёрдугаарт, манайд дөрвөн үе шаттай хувьчлал маягийн юм явчихсан. Энэ нь өөрөө хуулийн засаглал бий болгох гэж байгаа эрмэлзлэлээс сөрөг. Гэхдээ сөрөг гээд бид гар, хөлөө тайралтай ,биш.

Энийгээ засч авч явах ёстой. Ний нуугүй хэлэхэд, бид ямар ч хувийн өмчгүй, мөнгөтэй хүнийг үзэн яддаг тийм нийгмээс зах зээлийн нийгэм "рүү шилжсэн. Социализмын үед хуримтлал

үүсгэсэн хүн бараг байгаагүй. Байсан нь "Москвич" машин авах л мөнгөтэй байсан. Тэгээд зах зээлийн нийгэмд оронгуут яах вэ. Энэ нийгмийн ажиллах гол зүйл нь мөнгө, хуримтлал. Тэгэхээр мөнгийг яаж бий болгох вэ гээд хүн болгон хөдөлмөрлөж, компани байгуулах гэж оролдсон ч тэр нь яваагүй.

Харин хамгийн том баялаг хаана байсан гэхээр улсад байсан. Тэгээд эхнийх нь өмч хувьчлал болсон. Төрийн өмчийг хувьчилсан энэ үйл явц шударга болсон, болоогүй гээд, хувьчлалаар тийм хүн хөлжсөн, бусад нь ядуу боллоо гээд янз бүрийн хэл ам болсон. Гэхдээ л үр дүнд нь үндэсний хэмжээний анхны хөрөнгөтнүүд бий болсон. Тэр хүмүүс өнөөдөр бизнес хийх гээд эхлэнгүүт төрийн үйлчилгээ, хяналт шалгалт нь их дарамттай байдаг.

Тиймээс өөртөө саДаа болсон хүмүүсийг худалдаж авч эхэлсэн. Татварын байцаагчийг, гаалийн байцаагчийг худалдаж авч эхэлсэн. Тэр хүмүүстэйгээ ойлголцох юм бол бизнес нь урагшилж, ойлголцож чадахгүй бол янз бүрийн шалгалт орж ирээд л дампууруулдаг. Ингээд ойлголцоод ярж байтал сонгууль болгоны дараа нөгөө хүмүүс нь өөрчлөгддөг болсон.

Ингэхээр ямар нэгэн улстөрч, улс төрийн бүлэглэл, намтай хэлхээ холбоотой байхгүй бол энэ баялаг эрсдэлтэй юм байна гээд улстөрчдийг өөрийн талдаа элсүүлэх үйл явц өрнөсөн. Өөрөөр хэлбэл, эхлээд өмчтэй болчихсон, дараа нь төрийн тодорхой чиг үүргийн хүмүүсийг худалдаад авчихлаа, тэгээд улс төрийн бүлэглэлүүдтэй хэлхээ холбоотой болчихлоо.

Гэтэл хуулийн байгууллага шүүх, цагдаа гээд орж ирлээ. Тиймээс нөгөө бизнесээ хамгаалахын тулд хуулийн байгууллагад хэн нэгнийг гар хөлөө болгох шаардлага үүссэн. 20 жил ийм л процесс явлаа. Энэ бүхэн юутай холбоотой гэхээр мөнгө, баялаг бүтээлт байнга эрсдэлтэй байна. Тиймээс төрийн байгууллагыг, төржсөн сүлжээ болж хувираад байгаа юм.

-Тэгвэл одоо яах ёстой юм бэ?

-Энэ процессыг өөрчлөхийн тулд . хуулийн байгууллагын шинэчлэл явж байна. Төрийн албыг шинэчилж, иргэддээ үйлчилдэг болгох шинэчлэл хийж байна. Энэ шинэчлэлүүдийг хийгээд дүрмээрээ тоглоё гэхээр хуучнаа засаагүй учраас тоглож чадахгүй байгаа хэрэг. Тийм учраас өмнөх түүхээ мартая, орхиё.

Одоо харин хуулийн байгууллага нь хуулийн байгууллага шиг, төрийн байгууллага нь төрийн байгууллага шиг, улстөрчид нь улстөрчид шиг болъё. Баялаг бүтээгч нь баялаг бүтээгч шиг болох ийм л цаг үе рүү явъя гэж байгаа юм.

Үүнд зориулж Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулийн төслийг батлах зайлшгүй шаардлага байгаа юм. Өршөөлийн хууль хуулийн салбарын шинэчлэлтэй уялдаж байгаа гол шалтгаан энэ шүү дээ. Үүнийгээ бид олж харж байна уу гэдэг л асуудал.

-Энэ хуулийг баталбал авлигачид гараад явчихна, өөрсдөдөө зориулж хууль батлах нь гэж байгаа гээд олон шүүмжлэл өрнөж байна. Үнэхээр өөрсдөдөө зориулаагүй юм бол түрүүнд хэлдэг хаалтын заалтыг шууд төсөлдөө оруулах эр зориг УИХ-д байгаа болов уу?

-Байгаа л юм шиг байна шүү дээ. Сөрөг хүчин нэлээд шүүмжлэлтэй, авлигачдыг , өршөөх нь гээд ярьж байна. Бодвол "Хаалтын заалтыг нь хийгээд энэ хуулийг чинь гаргаад өгье" гэж байна гэж би ойлгож байгаа шүү дээ. Ерөөсөө л Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд төрийн дээд албан тушаалтнууд хамаарахгүй гээд хаачихад болох юм.

-Заавал төрийн дээд гэхгүй, төрийн албан тушаалтнууд гээд оруулж болохгүй юу. Төрийн дунд шатанд байгаа дарга нар төсвийн хөрөнгийг үр дүнгүй хувьдаа зарцуулсан жишээ бишгүй байна. Эхнээсээ ял шийтгүүлж байгаа шүү дээ?

-Тэр бол Өршөөлийн хуульд байгаа гэмт хэргийн заалтуудаар хаагдах юм. Харин Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол татвар, бүртгэл гээд өөр зүйл. Магадгүй зарим' нь ёс зүйн асуудал. Тийм учраас төрийн өндөр албан тушаалтан гэж бичээд, ямар гэмт хэргийг өршөөхгүй вэ гэдгээ Өршөөлийн хуулийнхаа хаалтын заалт дээр биччихнэ.

Яагаад төрийн албан хаагчдыг бүгдийг нь хавтгайруулж оруулж болохгүй вэ гэдгээ тайлбарлая. Нуулгүй хэлэхэд, анхан шатанд " ажиллаж байгаа төрийн албан хаагчид идэж уулаа гээд амьдралынхаа хоёр хэрэгцээний төлөө л явж байгаа.

Байртай болох гэж ихэвчлэн зээл авдаг.Ингэхдээ тэрэнд нь татвартай, татваргүй гээд янз бүрийн л юм байгаа байх. Арай гайгүй нь хүүхдийн төлбөр, машин л авч байгаа.

Өөр юу байгаа юм бэ. Тэдэнд ямар уурхай байгаа биш, том компани байгаа биш. Харин асуудал хаана байна гэхээр улс төр орж ирдэг дээд төвшинд л байгаа. Олон нийт ч тэгж харддаг. Жирийн төрийн албан хаагч руу дайраад яахав дээ.

-Энэ төслийг сөрөг хүчин дэмжих хандлагатай байгаа гэж та хэлсэн. Харин эрх баригч АН-ын бүлэг энэ хуулийг гаргах дээр ямар байр суурьтай байгаа вэ. УИХ-ын дарга З.Энхболд энэ төслийг яарч батлах хэрэггүй гэсэн байна лээ. Уг нь АН-ын бүлэг хүссэн бол энэ чуулганаар батлаад гаргах боломж нь байсан шүү дээ?

-Энэ хуулийн эсрэг зогсч байгаа хүн ховор байх. Харин хаана, юу байна гэдгийг том зургаар нь харах, ойлголцох л асуудал бий. Зөвхөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг нь барьчихаад гөвөөд байж болохгүй л дээ. Ард нь байгаа Өршөөлийн хуулиа бас харах ёстой.

Цогцоор нь харж асуудалд хандах хэрэгтэй. Энэ хуулийн ач холбогдлыг дараагийн 20 жилийн дүр зургаа бодож, Монгол Улсын хөгжлөө гэж харвал хэн ч ойлгоно доо. Өнгөрсөн 20 жил бид үнэндээ зэрлэг капитализм дунд явж ирлээ шүү дээ. Үр хүүхдийнхээ ирээдүйн 20 жилийг энэ түүхээр үргэлжлүүлэн бичих тийм харалган, харгис бодолтой хүн байхгүй байх аа.

-Тэгвэл өнгөрснөө мартаад цагаан цаас шиг болоод явж чадах уу. Эдийн засгийн ил тод байдлын тухай төсөлд нууцыг хадгална, задалбал 5-50 сая төгрөгөөр торгох заалт орсон байна лээ. Энэ мэдээж их мөнгө. Гэхдээ нэгнээ намнах гэж байгаа улстөрчдөд бол таван сая төгрөг бага шүү дээ?

-Нэг мартаж байгаа сэдэв нь наадахь чинь. Үнэхээр иймэрхүү маягаар өршөөл үзүүлж, шийдвэр гаргаж байгаа улсад чиний хэлж байгаа жишээ гардаг. Өнгөрснөө мартая, тэгээд ирээдүй рүү алхах баталгаа нь юу юм бэ гэжасуудаг. Баталгаатай холбоотой ганц, хоёр туршилт бий. Жишээ нь, наад баримтууд чинь устгагдана гэж болно. Эсвэл нууцад авч болж байна.

-Манайх нууцыг хадгалж чадах уу?

-Наадахь чинь бас нэг асуудал. Гүйцэтгэх ажлынхаа мэдээг өөрсдөө хэвлэлийн бага хурал хийж зарладаг. Тэгж зарласныхаа дараа шалгадаг. Өөрөөр хэлбэл, айдас бий болгоод шалгадаг энэ байдал чинь хуулийн байгууллагын арга барил болчихсон. Үүнийг хуулиар хязгаарлаж янзална.

Ер нь бол үүнийг бүхэлд .нь авч үзвэл итгэлцэл. Аливаа улс орны хөгжил, хүмүүсийнх нь аз жаргалтай байдал итгэлцлийн төвшин ямар байгаагаас шалтгаалдаг гэдэг. Бид одоо арай илүү шинжлэх ухаанчаар асуудалд хандах ёстой юм. 

Монголчуудын итгэлцлийн үзүүлэлт ямар вэ. Надад маш сайн арга зүйтэй гаргаад ирсэн судалгааны дүн алга. Гэхдээ энгийн ажиглалтаар харахад монголчууд өөрөө өөрсдөдөө итгэдэггүй, өөр хүмүүст л итгэдэг. Нэг монгол хүний хэлсэн үгийг "хэзээ тэр ийм болчихсон юм" гээд итгэхгүй. Харин тэр үгийнх нь дор нэг гадаад нэр тавьчих юм бол "ямар мундаг гайхамшигтай үг вэ" гэдэг.

Энэ бол бид бие биедээ итгэхгүй байна л гэсэн үг. Энэ нь биднийг хагаралдуулж, зөрчилдүүлж, үзэн ядуулж байна. Өөрсдөө өөрсдөдөө итгэдэггүй, үзэн яддаг улс эцсийн дүндээ бусдын өгөөш болох амархан. Өнгөрсөн 20 жилд монголчуудын итгэлцлийн үзүүлэлт юу байсан юм гээд харахаар үнэхээр алга. Өөрөөр хэлбэл, бид том дүр зургаар асуудпаа харж сурах хэрэгтэй байна. Түүнээс нэг хоёр хуулийн төсөл дээр байгаа нэг хоёр үгээр хөөцөлдөх цаг одоо биш.

-Том үр дүнгээс гадна өнөөдрийн зорилтынх нь талаар асууя. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл бол "ЭЗЭН-100"-гийн нэг чухал хууль нь. Одоо хойшилчихоор хэзээ үр дүн гарах юм бэ?

-Уг нь хаврын чуулганаар батлагдсан бол энэ зун, намар буюу цаг уураас хамаараад бүтээн байгуулалт хийдэг энэ богинхон хугацаанд хөрөнгө оруулалт болж гарах байсан байх.

Намрын чуулганаар баталбал цаг уураас хамаардаггүй бүтээн байгуулалт руу орно. Тухайлбал, үйлчилгээний салбар руу, ядаж л тодорхой хүмүүс татвараас айгаад 10 мянган ам.доллараа дарчихсан сууж байсан бол хууль гарснаар байр түрээсэлж, хоолны газар ажиллуулна шүү дээ.

Иймэрхүү байдлаар хүмүүс эрсдэлгүй, айдасгүй болчихвол мөнгөө ил гаргаад ямар нэгэн зүйл рүү хөрөнгө оруулалт хийх гээд оролдоод эхэлнэ. Үүнийг дагаад татварын, төрийн албаны, хяналт шалгалтын, хуулийн шинэтгэл давхар явах ёстой.