Ж.Энхбаяр: Чадамжгүй болсон УИХ-ыг тараах гээд л үзье
Ж.Энхбаяр
2014.07.03

Ж.Энхбаяр: Чадамжгүй болсон УИХ-ыг тараах гээд л үзье

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр хаврын чуулганы хаалтын өдөр буюу “УИХ тарж, дахин сонгууль явуулсны дараа төмөр замын асуудлаа шийдэх нь зүйтэй. УИХ-ын гишүүдийн 3/2 нь гарын үсэг зурвал УИХ тарна. Гарын үсэг цуглуулна” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм 

  -Та УИХ тарах ёстой. Дахин сонгууль явуулсны дараа төмөр замын асуудлаа шийдэх хэрэгтэй гэсэн байна. Яагаад ийм алхам хийх болов?   

-Ардчилсан нийгмийн хамгийн том илэрхийлэл нь УИХ. Ард түмэн өөрсдийнхөө элч төлөөлөгчдийг сонгож байгаа хэлбэр шүү дээ. Ер нь УИХ-ын гишүүдийг яах гэж сонгодог юм. “Гүйцэтгэх засаглалд хяналт тавь” гэж сонгодог биз дээ.

Нэг ёсондоо “Бидний төлсөн татварын мөнгийг үр ашигтай зарцуулахад хяналт тавь” л гэж сонгож байгаа юм. Гэтэл УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж чадахаа больсон Төсвийн зарцуулалт, “Чингис” бондын зарцуулалт хяналтгүй байна.

Төрийн албаныхан дур зоргоороо авирлаж байгааг бүгд харж байгаа. Тэд хээнцэрлэж тансаглаж, үнэтэй машин авч унаж байна. Машин унах эрхгүй албан тушаалтнуудын хувьд зөвхөн унааны мөнгө нь 20 тэрбум төгрөг. Бас болоогүй машиндаа хэдэн тэрбум төгрөгөөр бензин шатахуун хийж таарна. Гадагшаа, дотогшоо аялж зугаалах хэм хэмжээ нь хэрээс хэтэрчихээд байгааг хэн хүнгүй харсан.

Энэ бүгдэд тооцох хариуцлага хаана байгаа юм бэ.

Ганц Н.Батбаяр сайдын асуудлыг хаваржингаа ярилаа. Үндсэндээ түрүү жилээс хойш яриад байхад дахиад л завсарлага аваад УИХ- ын чуулганаа хааж байна. Ингээд намар хүртэл өнөөх л ов мэхээ хэрэглэх гэж байна. “Давхар дээл ийн асуудлыг намрын чуулганы үед ярьсан. Гэтэл яг ингэж завсарлага аваад л хавар хүргэсэн. Үүнийхээ дараа тайлж ч чадалгүй эцсийн хэлэлцүүлгээр унагасан.

Одоо Н.Батбаяр сайдын асуудалд яг ингэж завсарлага авч байна.

АН- ын завсарлага ирэх пүрэв гаригт дуусах учраас түүнээс өмнө яаран сандран өнөөдөртөө /өчигдөр / багтааж УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулах нь АН-ын гол эрх ашиг болчихоод байна Дэндүү барьцаалагдсан эрх ашиг.

Дэндүү өнгө мөнгөөр холбогдсон сүлжээ. Шаардлага, зарчим, хариуцлага байхгүй.

Бид 2012 онд өр зээлийн асуудлыг нэлээд юм болж байж ярьсан. Гэтэл 2013 оныг аваад үзэхээр таван их наяд төгрөгөөр өрөө нэмчихсэн сууж байна. Энэ нь дандаа эх орноо барьцаанд тавьсан арилжааны зээлүүд. Товчхондоо, ард түмэн, залуучуудынхаа ирээдүйг барьцаанд тавьсан зээл шүү дээ. Гэтэл энэ их зээлийн зарцуулалт үнэхээр хангалтгүй. Хийсэн ажил нь өртөг өндөр, нас богино.

Бондоо төлж дуусахаас өмнө энэ хэдэн зам нь эвдрээд дууслаа. Зээлээ төлж эхлээгүй байхад шүү дээ. Энэ бол наад захын жишээ. 

-Үүссэн нөхцөл байдалтай уялдуулж УИХ-ыг тараах талаар ярьсан байх нь ээ? 

  -Энэ бүхнийг та бид бүгд мэдэж байгаа. Иргэдийн худалдан авах чадвар яаж буурч байна. Та бидний авч байгаа цалин өсөхгүй байна. Энэ бүхэнд УИХ хяналт тавих ёстой. УИХ байнгын хороод, Засгийн газраа хянаж байх ёстой атал энэ чадвар нь бүрэн алдагдлаа шүү дээ. Бүх юм найраан дундаа, тохироогоор хийгддэг.

“Нэг төрийн байгууллага, нэг төрийн өмчит компанийг өгнө” гэсэн наймаа л явж байна. Улс эх орны төр нь цэвэр арилжааных болчихоор юу болох вэ. Тийм болохоор УИХ тарчих шиг сайхан юм алга. Энэ УИХ тарж байж энэ бүхэн байрандаа орно. Яагаад тарах ёстой юм гэхээр амласан. Амлалтынхаа яг эсрэг бүхнийг хийж байна. Ард түмнээ хууран мэхэлж байна шүү дээ.

Тийм болохоор энэ УИХ-аар төмөр зам, ашигт малтмал, газрын хуваарилалт, өмч хувьчлал гэх мэт олон түмнээр зайлшгүй хэлэлцүүлэх шаардлагатай асуудлыг шийдэх шаардлагатай байгаа юм. Гэтэл энэ чадамж УИХ-д байхгүй болчихож.   

-УИХ-ыг тараах асуудалд Ардын намын бүлгээс ямар байр суурь баримтлах бол? 

  -Ний нуугүй хэлэхэд, бүлгээс илүү олон үзэл санаа байна. Намын эрх ашгийн үүднээс асуудлыг харж болохгүй. Улс орны эрх ашгийг харах шаардлагатай. Үнэхээр тэнд эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй УИХ-ын гишүүн байгаа болов уу л гэж найдаж байна. 

  -”УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулна” гэсэн. Тантай санал нэгдэх гишүүн хэр олон байгаа вэ?

  -Гуравны хоёр нь гарын үсэг зурвал УИХ тарах бололцоо бүрдэнэ. Энэ талаар гишүүдтэйгээ ярилцаж эхэлж байна. Санал нэгдэх хүн байгаа байх гэж найдаж байна.    -

Та энэ талаар бүлгийн гишүүдтэйгээ ярилцсан уу? 

  Зөвлөлдөөгүй. 

  -Аливаа асуудлыг хойшлуулж цаг аваад эсвэл олонхиороо хүч түрэн бултуулж байгаа энэ үед УИХ ыг тараах асуудал биеллээ олно гэж итгэхэд бэрх. Таныхаар УИХ-ыг тараах боломж ер нь хэр байгаа вэ?  

-Оролдоод л үзье. Үнэнд гүйцэгдэнэ гэдэг юм л болж байна шүү дээ. Эдийн засаг өдөр ирэх тусам л хүндэрч байна. Бидний бүх найдлага нурж байна. Итгэж найдаж, хүлээж байсан Оюутолгой, Тавантолгойд юу болов Бид зардлаа хэтэрхий тэлчихсэн.

Улсын хэмжээнд улсын төсвөөс хөрөнгө оруулаад хийчихсэн 410-аад хоосон караказ байшин байна. Ажил нь дуусаагүй гацчихсан, хэдэн зуун тэрбум төгрөг эргэлтэд орохгүй хэвтэж байна шүү дээ.

Товчхондоо, өөрөө өөрийгөө аваад явж байсан Монголын эдийн засаг чадамжаа алдчихлаа. Одоо өрөөс өрийн хооронд л явж байна. Өрийн ангал руу унаж байна шүү дээ бид. Гадаад өрийн төлбөрийн үйлчилгээг сая төсвийн тодотголд тусгаж өгсөн.

2011 онд жилдээ 30 гаруй тэрбум төгрөгийн гадаад өрийн төлбөр төлдөг байсан бол өнөөдөр 270 тэрбумыг зөвхөн хүүнь нь төлдөг болтлоо өсчихсөн байна. Энэ их өрийг даах чадвар манай улсын эдийн засагт байхгүй болж байна. Жирийн гэр бүл, аж ахуйн нэгжүүд өрийн дарамтад орж байна. Үүнээс гарах арга замыг бид эрэлхийлэх хэрэгтэй. 

  -УИХ-ыг тарааж чадамжгүй болгох нь хэнд ашигтай вэ?

-   Монголын ард түмэнд ашигтай. Таны хоёр жилийн өмнө маш сайхан зүйл бодож өгсөн санал өнөөдөр үнэгүйдчихээд байна шүү дээ. Энэ санал авсан хүмүүс чинь маш олон асуудлыг та бүхний хүсч санаснаар шийдвэрлэхээр маш сайхнаар ярьж байж гарч ирсэн юм. Гэтэл өнөөдөр тэр бүхэн яг эсрэгээрээ эргэлээ.

Таны сонгосон, таныг төлөөлсөн тэр хүн чинь өнөөдөр гишүүн болчихоод шал өөр зүйл хийгээд эхэллээ шүү дээ. Дээр нь Засгийн газар ямар ч хяналтгүй боллоо. Үндсэндээ сонгогч таны санал байхгүй болж байна гэсэн үг. Ардчилал өөрөө хуурамч, хэлбэр төдий болоод хувирчихлаа. Энэ үзэгдэл ардчилсан нийгэмд хортой.

Төрд, ардчилсан нийгэмд итгэх ард түмний итгэл сул эхэлнэ. Эндээс дарангуйлал үүсдэг.   

-Засгийн газар өрийн хэмжээг нэмэгдүүлэх саналтай байгаа шүү дээ?  

-Мөнгө л олж байвал бусад нь хамаагүй мэтээр тэд аашилж байна. Төмөр зам, ашигт малтмал аль нь ч хамаагүй. Байгаль орчин, Газрын хууль бүгд хамаагүй буюу олон мянган жил хадгалж ирсэн аюулгүй байдал, үндэсний дотоод мэдрэмжид байдаг тэр зүйлс рүү халдаж эхэллээ.

Мөнгө олж л байвал олон нийтийн санаа бодол хамаагүй, юугаа ч хамаагүй өгчихье л гэсэн байр суурьтай байна. Одоо хар л даа, Ашигт малтмалын хуульд “Урт нэртэй хуулийн үйлчлэлийг зогсоох асуудлыг ярьж байна. Энэ УИХ-ын хэлэлцэж байгаа асуудлыг хар. Газрын тухай хуулиараа “Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ” гээд оруулж ирж байгаа юм.

Харин одоо энэ Ашигт малтмалын хуулийг хар. Бүх юм ухарч байгаа. Хоёр жилийн өмнө болсон УИХ-ын сонгуулиар амласан амлалт сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг үйл ажиллагааг эрх баригчид явуулж байна Тийм болохоор энэ УИХ өөрөө чадамжгүй болчихож. Нэгэнт ард түмний сонголтоор бүрдсэн УИХ шүү дээ. Маш олон зүйлийг биелүүлнэ гэж амласныхаа эсрэг ажил хийгээд эхлэхээр утгаа алдаж байгаа юм.

Тэгээд Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суучихсан. Захирагдахаа больчихсон.

Тэгээд Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суучихсан. Захирагдахаа больчихсон.

Төсөв хяналтгүй болчихсон Сая хэлэлцсэн төсвийн хяналтыг хар л даа Бид 2013 онд долоон их наяд төгрөгийн төсөв батлаад тодотголоор зургаа болгож унагаагаад хэрэгжилт нь таваар гарч байв.

Эдийн засаг хүчтэй агшиж байгаагийн нэг үзүүлэлт нь энэ. Өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар уналаа гэж шүүмжилж байсан. Гэтэл ноднингийнхоо мөн үеийнхээс дахиад 64 хувиар уначихлаа. 

  -Өнөөдөр буюу чуулган хаах өдөр /өчигдөр/ маш олон чухал хууль, тогтоолын төслүүдийг шахаж хэлэлцэж байна. Өмнө нь гишүүд хуралдаандаа идэвхтэй ирж оролцоод хуулиудаа батлахгүй яасан юм бэ гэсэн шүүмжлэл олны дунд их гарч байна л даа?  

 -Хаврын чуулганы эцсийн өдөр ингэж шуурхайлаад хулгайн аргаар шийдэж байгаа нь дэндүү харамсалтай.   

Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ ажлын хүрээнд маш олон хууль болон тогтоолын төслийг баталж, өөрчлөлт оруулахаар хуульчилсан. Гэтэл ингээд чуулган завсарлачихаар ямар үр дүн гарна гэж хүлээх вэ. Эрх зүйн орчин нь бүрдэхгүй болохоор ажлын үр дүн хүлээх боломжгүй болчихож байгаа юм биш үү?

   -Өнөөдрийн байдлаар, 60-аад хоног нь өнгөрчихлөө. Цаана нь 20-оодхон хоног үлдэнэ. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын үр дүнг маш олон хүн хүлээж байгаа. Би ч, чи ч хүлээж байна. 100 хоногийн дараа таны цалин нэмэгдэх нь үү, худалдан авах чадвар өсөх нь үү, орлого нэмэгдэх нь үү гэдгийг хамтдаа харья.  

 -АН Засгийн эрх барьж байх үед маш олон газрыг хувьчиллаа. Цаашид ч хувьчлал үргэлжилнэ гэж байна Хувьчлал нэрээр хоорондоо “бялуу” хуваах, төрийн компаниудыг хувьдаа авдаг гэсэн яриа гарч байна. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?

    Хувьчлал цаг үеэ олоогүй гэдгийг шулуухан хэлэхийг хүсч байна. Эдийн засаг өсч байсан үед төрийн өмчийг хувьчилж үнэд хүргэдэг. Гэтэл өнөөдөр эдийн засаг хямралтай байгаа үед хувьчлал явуулна гэдэг бол Монгол төр алдаж байгаагийн илрэл Төрийн нэр хүнд хямдрахын нэр. Хувьчлал цаг үеэ олохгүй байна. Зөвхөн МИАТ компанид гэхэд “Чингис” бондын зээлээр 136 сая ам.доллараар нэг онгоц авч өгсөн.

Дахиад л 1996-2000 онд 70 жилд бий болгосон нийгмийн баялгийг үрэн таран хийсэнтэй адил үйл явц. Одоо үлдсэн жаахан юмаа хувааж идэх тухай л ярьж сууна.

Гэтэл одоо хувьчлах тухай ярьж байна. Хувьчлах жагсаалтад бондын мөнгөөр асар их хөрөнгө оруулалт хийсэн объектууд багтсан. Үүнийг юу гэж ойлгох вэ. Дахиад л 1996-2000 онд 70 жилд бий болгосон нийгмийн баялгийг үрэн таран хийсэнтэй адил үйл явц. Одоо үлдсэн жаахан юмаа хувааж идэх тухай л ярьж сууна.

Яагаад ч юм бүү мэд, зүй тогтол нь давтагдаад байх юм. 1996-2000 онд 414 төгрөг байсан ам.долларын ханш 1070 болж байсан. Монголд ганц үлдсэн Ардын хянан шалгах хороог татан буулгаж байгаад энэ ажлыг хийсэн байдаг. Гэтэл сая дахиад л МХЕГ-ыг татан буулгах санал оруулж ирж байна. Дахиад л өмч хувьчлал, дахиад л эдийн засгийн уналт, дахиад л төгрөгийн ханш шалдаа бууж байна.

1200 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдөр 1800 хол даваад явчихлаа. Тэгэхээр хувьчлал цаг үеийн хувьд алдаатай нь харагдаж байна.  

-Төмөр замын царигийн талаар УИХ дээр багагүй маргалдсаны эцэст Төрийн тэргүүн хүртэл байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хийлгэсэн “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн талаар олон нийт ч багагүй шуугилаа. Эцэс сүүлд нь цагдаа, шүүхийнхэн шалгахдаа тулж байна. Энэ бүхнийг та хэрхэн дүгнэж байна вэ?   

-Асуудал байна л гэсэн үг. Энэ бол ноцтой асуудал гэж ойлго. Үүнийг явцуу аргаар шийдэж болохгүй. Олон түмнээрээ хэлэлцүүлээд мэдээллээ зөв өгөөд шийдэхгүй бол энэ асуудлыг далимдуулж, нийгмийг хуваах хагаралдуулах, тогтворгүй байдлыг бий болгох сонирхол, гадаад, дотоод олон хүчин зүйл үйлчилж магадгүй. Онцгойлон болгоомжтой хандах асуудал.

Аль болох хийг нь гаргаж, эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсч байж шийдвэл хэрэгтэй. Харин улс төр, эдийн засгийн явцуу хүрээнд хандах нь сөрөг үр дагавар дагуулах магадлал тун өндөр.   

-Таны хувьд өргөн, нарийн царигийн алийг нь зөв гэж үзэж байгаа вэ?  

Үүнд хувь хүний байр суурь гэж байж болохгүй. Яг энэ асуудлаар улс төрийн нам шийдвэр гаргах ёстой. Учир нь энэ бол иргэн Энхбаярын асуудал биш. Төр барьж байгаа улс төрийн нам нэгдсэн шийдвэр гаргах ёстой. Тийм болохоор манай намын бүлэг байр сууриа нэгтгээгүй. Асуудалд олон талаас нь хандаж байна.  

-Энэ хаврын чуулганыг та хэрхэн дүгнэх вэ?   

Онц муу. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэхийг нэг сар ярилаа. Нэг сард нь эдийн засаг хямарсан, үгүй гэж маргалдлаа. Эцэст нь “Фортуна”-г огцруулна, огцруулахгүй гэж маргалаа. Үр дүн байхгүй.