А.Бакей: Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг намрын чуулганд өргөн барина
УИХ-ын гишүүн А.Бакей
2014.07.08

А.Бакей: Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг намрын чуулганд өргөн барина

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн хаврын чуулганаар хэрхэн ажилласан талаар дарга А.Бакей нь өчигдөр мэдээлэл хийлээ.

Хамгийн ачаалалтай ажилладаг, улс төрийн шинж чанартай асуудал хэлэлцдэг Байнгын хороо энэ хугацаанд 11 удаа хуралдсан байна.

Мөн давхардсан тоогоор 17 асуудал шийдсэний дотор бие даасан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн долоон төслийг батлуулжээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг тэд хамгийн удаан хэлэлцсэн. Энэ нь давхар дээл” тайлах тухай төсөл байсан юм. УИХ-аар сар гаруйн турш ярьсан ч засгийн хэлэлцүүлгийн шатнаас унагаж орхисон.

Энэ талаар А.Бакей гишүүн “Гэхдээ энэ төслийг хэлэлцэх явцад Засгийн газар болон УИХ-ын эрх мэдлийн хуваарилалтад анхаарах ёстой гэдгийг улстөрчид ойлгосон. Тиймээс цаашид хэлэлцэх байх” гэлээ.

Нийтээр тэмдэглэх баярууд болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, наадмаар таван өдөр амардаг болгосон. Мөн Засгийн газрын тухай хуульд агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг бүх яаманд харьяалуулж, салбарынхаа чиглэлээр үүний эсрэг арга хэмжээ авах зохицуулалт оруулж баталсан байна.

Ингэснээр ЭМЯ гэхэд агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг судлаад үүний эсрэг арга хэмжээ авах ёстой болсон. Мөн БШУЯ сурагчдад утааны хор хөнөөлийн талаар мэдээлж, судалгаа шинжилгээ хийх зэргээр ажиллах юм.

Хяналтын тухай хуулийн төслийг Засгийн газраас хоёронтоо өргөн барьсан ч УИХ-ын босгыг давж чадаагүй юм. Тиймээс нэр бүхий гишүүд гурав дахь төслийг өргөн барьж, хэлэлцэх, эсэхийг шийджээ. Уг төслөөр иргэдийн санал бодлыг сонсохын тулд Төв аймагт хэлэлцүүлэг зохион байгуулсан аж.

Тус Байнгын хороонд хамааралтай, олон нийтийн анхаарлыг ихээр татаж буй чухал асуудал нь Сонгуулийн нэгдсэн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл. Тэгвэл Ажлын хэсгүүд төслөө бэлэн болгосон гэнэ.

Гэхдээ зарчмын зарим зүйл дээр санал нэгдээгүй хэвээр байгаа. А.Бакей гишүүн энэ талаар “Сонгуулийн ямар тогтолцоотой байх талаар санал нэгдээгүй. Зарим нам 100 хувь мажоритар, зарим нь холимог тогтолцоо дотроо 50:50, 48:28 харьцаатай байна гэх мэтээр олон санал дэвшүүлж байна.

Ажлын хэсэгт багтсан намуудын төлөөлөл зөвшилцөнө. Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл ч мөн нэлээд цэгцэрсэн, гэхдээ санал нэгтгэх зүйл бий. Эдгээр төслийг намрын чуулганд өргөн барина” гэв.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан өөр нэг Ажлын хэсэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж буй. Одоогоор тэд ямар нэг шийдэлд хүрээгүй, цаасан дээр буусан төсөл ч алга байна. Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ асуудалтай холбогдуулан судалгаа явуулсан нь Ажлын хэсэгт нэлээд чухал мэдээлэл өгсөн гэнэ.