Байнгын хорооны дарга Г.Баярсайхан ажлаа тайлагналаа
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагнав
2014.07.08

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр /2014.07.08/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд дурдагдсанаар, “ Тайлангийн хугацаанд Байнгын хороо 63,11 хувийн дундаж ирцтэйгээр 16 удаа хуралдаж, давхардсан тоогоор 28 асуудал хэлэлцжээ. Байнгын хорооноос хууль тогтоолын төслийн талаарх хэлэлцэх эсэхийн болон анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт 15, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн дөрвөн танилцуулга гарсан байна. Мөн 11 тогтоол гарснаас хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах чиглэлээр дөрөв, Засгийн газар болон харьяа яам агентлагт чиглэл өгсөн хоёр, холбогдох

асуудлаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах хоёр, бусад гурван тогтоол гарчээ. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын болон дэд хэсэг 50 удаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороо нэг удаа хуралдсан байна.

Байнгын хороо тайлангийн хугацаанд Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна.

Мөн Газрын тухай багц хуулийн төслийн талаар иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан 8 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Байнгын хорооноос Засгийн газар хуулийн төслийг сайжруулан дахин оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тайлангийн хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны жилийн төсөв, үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл, Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийн талаар Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдын мэдээллийг сонсож хэлэлцэн тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүргийг өгчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.