Д.Батцогт: Бүлгийн дарга нар тохиролцчихоод саналаа тулгадаг
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2014.07.21

Д.Батцогт: Бүлгийн дарга нар тохиролцчихоод саналаа тулгадаг

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтыг “Ярилцах танхим ”-даа урилаа.

-2014 оны хаврын чуулганы хаалтын үеэр та УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарт нэлээд хатуу үг хэлсэн. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад танай байнгын хорооны чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хассан байсан юм уу?

-УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар тохиролцсоны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг баталдаг асуудал байж болохгүй гэдгийг л хэлсэн юм. Ер нь тийм байвал УИХ-ын 76 гишүүн гэж байгаад яах юм бэ. Ямар хуулийг дараагийн чуулганаар хэлэлцэх вэ гэдэг нь дарга нарын үзэмжийн асуудал болсон юм шиг байна. Жишээ нь манай байнгын хороо арав гаруй хууль санал болгоход дөнгөж хоёрыг нь намрын чуулганаар хэлэлцэхээр болж байх жишээтэй.

Бид зөвхөн эдийн засаг, мөнгө ярьж болохгүй.

Нийгмийн чухал асуудлыг эдийн засаг, мөнгөтэйгээ хамт ярих хэрэгтэй. Гэтэл тэр чигийн хуулиудыг хойш нь тавьж байна. Тухайлбал, хаврын чуулган завсарлахаас өмнө Эм эмнэлгийн хэрэгслийн тухай төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг батлах боломж байсан.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд батлахад бэлэн болгосон байсан юм. Үүнийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, батлахад хэдхэн минут л хангалттай. Гэтэл бүлгийн дарга нар батлах хуулийн төсөл, тогтоолын төслүүд дээр тохиролцоо хийсний үндсэн дээр батлаагүй үлдчихлээ. Уг нь баталсан бол хуулийн хэрэгжилт хэдийнэ эхэлчих байлаа.

-Хаврын чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хаврын чуулганаар олон асуудлыг шийдэж чадсан гэж бодож байгаа. Хэлэлцэх олон асуудалд дарагдахын хажуугаар албан тушаалын хэрүүл маргаанд дарагдсан завгүй үе өнгөрлөө. Энэ бүхэн эдийн засгийн хүнд нөхцөл, төсвийн орлого тасарсан үетэй таарсан нь олон асуудлыг ар араасаа дагуулсан.

Энэ хүрээнд төлөвлөгдөөгүй байсан олон асуудлыг УИХ баталсан. Тухайлбал, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тогтоолын хүрээнд эдийн засаг, газрын баялагтай холбоотой олон асуудлыг хэлэлцэж шийдлээ, Энэ талаасаа яривал хаврын чуулган үр дүнтэй байсан юм шиг. Гэвч цаг алдсан зүйлүүд их байсан.

“Давхар дээл”-ийн асуудлыг хагас жил ярьсны эцэст батлагдах шатанд нь унагаасан байгаа. УИХ-ын гишүүдийн нэлээд хувь нь Засгийн газартаа ороод суучихсан.

Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарсан гэдэг шүүмжлэл бий. Ийм том зүйлийг ярьж, ярьж эцэст нь ямар ч үр дүн гаргаж чадалгүй унагасанд харамсдаг. Сайд нарын сандал суудалтай зууралдаж баахан цаг алдлаа.

Долоо хоногийн дотор яриад, тухайн сайдыг огцруулбал огцруулаад огцруулахгүй бол болих хэрэгтэй байтал завсарлага авдаг, хойшлуулж сунжруулдаг зүйл их байгаагаас болоод шийдэж чадсангүй шүү дээ. Энэ бүхнээс болоод аль хэдийнэ шийдэгдчих байсан асуудлууд хойшлогдсон нь үнэн.

Энэ бүхнээс дүгнэхэд хаврын чуулганы үр дүн дундаж байсан гэж хэлэх байна. Хийсэн сайн зүйлүүд байгаагийн хажуугаар шүүмжлэлтэй асуудлууд ч их бий.

-Олон нийтийн дунд УИХ-ын гишүүд сайд нарыг огцруулах, томилох асуудал дор нуугаад сүүлчийн долоо хоногт чухал гэсэн хуулиудаа баталчихсан гэсэн хардлага бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тиймэрхүү асуудал гарсан гэдэгтэй санал нэг байна. Улстөржилт, намчирхалт, талцал маш хүчтэй өрнөсөн чуулган болж өнгөрсөн. Чуулганы хуралдааны сүүлчийн өдөр хуулиудыг бөөндөх байдлаар баталсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

УИХ хууль хэлэлцээд эхэлсэн л бол батлах үгүйгээ ягштал шийддэг байх ёстой. Үүнийг УИХ-ын гишүүд өөрсдийнхөө саналаар шийддэг. Гэтэл энэ бүхнийг намын бүлгүүд тохироогоор шийддэг болсон. Ийм байж болохгүй шүү дээ.

Энэ алдаануудаа дараа дараагийн чуулганаараа засах байх гэж найдаж байна. УИХ-ын гишүүд батлах ёстой хуулийн төсөлдөө анхаарал хандуулахаас илүү хэн нэгнийг огцруулах, томилох асуудалд ач холбогдол өгч байгаа нь туйлын харамсалтай байна.

-Танай байнгын хорооны хувьд хаврын чуулганы хугацаанд ямар хуулниудыг татлуулсан бэ. Ямар үр дүнтэй ажиллав?

-Манай байнгын хороо их ачаалалтай ажилласан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг эцэслэж гаргалаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлагдах эцсийн шатанд нь өгсөн.

Боловсролын талаар төрөөс баримтлах бичиг баримт дээр нэлээд ажиллаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, гадуур багш нар, сурагчидтай уулзаж байна. Батлагдсаны дараа амьдралд хэрэгтэй хууль гаргахын төлөө хичээгээд байна л даа.

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг эцсийн шатанд нь хүртэл бэлтгэсэн ч харамсалтай нь батлуулж чадаагүй. Намрын чуулганы хуралдаанаар баталчих байх. Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийгээд дууслаа.

Тэтгэврийн шинэчлэлийн бодлого, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар том хэлэлцүүлэг хийсэн. Ийм учраас манай байнгын хороо нэлээд сайн ажилласан гэж үзэж байгаа.

Ихэвчлэн нийгмийн асуудал хэлэлцдэг учраас гишүүд намын өнцгөөр биш итгэл үнэмшлээрээ асуудалд ханддаг.

Тиймээс ч байнгын хорооны хурал дээр улстөржсөн талцал өрнөдөггүй.

-Эм эмнэлгийн хэрэгслийн тухай төрөөс баримтлах бичиг баримтыг баталснаар ямар үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгаа вэ?

-Эмийн замбараагүй худалдаа, үнэ хяналттай болно. Эмийг хянадаг байгууллагуудын үйл ажиллагаа сайжрах байсан юм. Харамсалтай нь бүлгийн дарга нарын өнгө үзэмжээр энэ асуудалд хандсанаас болоод хойшлогдсон.

-Та ер нь иймэрхүү асуудлаас болж бүлгээсээ гарсан уу?

-Бүлгийн даргатай санал нийлэхгүй асуудал олон байсан. Ер нь бүлгийн дарга нар аливаа асуудлыг хоорондоо тохиролцчихоод бүлгййн гишүүдэд тулгадаг асуудал байж болохгүй гэж би боддог юм.

Хэн нэгэн дарга миний өмнөөс шийдвэр гаргачихаад түүнийгээ дагахыг шаардаад эхэлбэл ард түмнийг төлөөлөх асуудал үгүй болно. Тиймээс миний хувьд аль нэг даргын үгээр явахгүй, ямар нэг бодлогод хайрцаглагдахгүйгээр сонгогчдынхоо төлөөлөл байхыг л хүссэн юм.

-Бүлэггүй байх хэр байна вэ?

-Миний хувьд бүлэггүй сул гишүүн болчхоод хэцүүдээд байгаа юм одоохондоо алга. Аль нэг бүлэгт харьяалагдаж, хайрцаглагдаж байснаас байнгын хороо удирдаад явах нь амар юм.

Би энэ тэр нам гэж гишүүдэд ялгавартай ханддаггүй. Энэ маань ч гишүүдэд маань таатай байдаг юм. Тийм ч болохоор манай байнгын хорооны ажил илүү урагштай, асуудалд талцсан байдал гаргадаггүй байх.

-Таныг бүлгээс гарч байгаагаа мэдэгдэхэд байнгын хорооны албан тушаалаа хүлээлгэж өгөх байх гэсэн таамаг гарч байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-“Шударга ёс” эвслийн нэрээр байнгын хорооны дарга болсон учир эвсэл шийдвэрээ гаргаад байнгын хорооны даргаа өөрчилнө гэвэл би энэ ажлыг өгөхөд бэлэн. Гэхдээ эвслийнхэн намайг албан тушаалынхаа хугацааг нь хүртэл ажлаа хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм билээ.

-УИХ-ын намрын чуулганаар танай байнгын хороо ямар асуудлуудыг хэлэлцүүлэхээр болсон бэ?

-Нэлээд олон асуудлыг манай байнгын хороо хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх шатанд очоод байгаа. Тухайлбал, Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлого, боловсролын салбарт төрөөс баримтлах бодлого зэрэг байна.

Боловсролын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг дагаад Боловсролын тухай хуулиудад нэлээд өөрчлөлт орно. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөл, Тэтгэврийн тухай хуулийн төсөл зэрэг нэлээд олон хуулийн төслийг өргөн барих байх.

Ер нь намрын чуулганы хуралдаанаар манай байнгын хороо нэлээд, ачалаалттай ажиллах төлөвтэй байгаа. Соёлын салбарт Номын сангийн тухай хуулийг өргөн барилаа, Соёл урлагийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчилнэ. Кино урлагийн талаар томоохон хэлэлцүүлгийг манай байнгын хороо өрнүүллээ.

Монгол төр кино урлагийнхаа салбарт анхаарахгүй бол болохгүй нь. Гадны кинонууд ихээр түрж орж ирж байна. Монголын түүхийг гуйвуулсан олон ангит кинонууд гардаг боллоо. Гадны улс орнууд энэ кинонуудаараа дамжуулж, соёлын бодлогоо явуулж байна. Гэтэл манайд ийм зүйл дутагдаж байна.

Тиймээс олон ангит кино хийх эрэлт хэрэгцээ манайд их байгаа зэргийг хэлэлцүүлгээр ярьсан. Үүнд нь төр дэмжлэг үзүүлмээр байна гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгсөн. Энэ чиглэлээр улсын төсөвт мөнгө суулгадаг болмоор байна.

Тусгай салаа гэдэг олон ангит кино гарснаас хойш залуучуудын цэрэгт явах идэвх сэргэсэн гэдэг шүү дээ. Ийм байдлаар кино урлагаа хөгжүүлмээр байгаа юм. Мөн хөдөлмөрийн талаар баримтлах бодлогыг оруулж ирнэ. Энэ мэтчилэн манай байнгын хороонд хийх ажил байна.