Хэвлэлийн хурал. Ц.Даваасүрэн.
2014.07.09

Төсвийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэвлэлийн бага хурал хийлгэж, хаврын чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Хаврын чуулганы хугацаанд тус Байнгын хороо 63.0 хувийн дундаж ирцтэйгээр 19 удаа хуралдаж, 101 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцсэн. Үүнээс 69 хуулийн төсөл, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 9 төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 26 санал, дүгнэлт, 7 танилцуулга, 111 саналын томъёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

Мөн тайлангийн хугацаанд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 107 албан бичиг, 3 өргөдөл гомдол хүлээн авч, 78 албан бичиг явуулсан талаар Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.

Хаврын чуулганаар тус Байнгын хороо Шилэн дансны тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай (Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг чөлөөлөх), Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай (хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах), Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай (улс хоорондын шуудангийн илгээмжийг татвараас чөлөөлөх тухай), Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай нэмэлт оруулах тухай (бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай) зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд чухал ач холбогдолтой хуулиудын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж батлуулсан байна.

Түүнчлэн ”Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хөтөлбөрийн тухай”, ”Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай”, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” зэрэг Улсын Их Хурлын хэд хэдэн тогтоолыг батлуулжээ. Тухайлахад, ”Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 4,010,398.6 сая /дөрвөн их наяд арван тэрбум гурван зуун ерэн найман сая зургаан зуун мянган/ төгрөгөөр, зарлагыг 4,683,038.2 сая /дөрвөн их наяд зургаан зуун наян гурван тэрбум гучин найман сая хоёр зуун мянган/ төгрөг байхаар баталжээ.

Хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын ажлын 2 хэсэг байгуулж, 1 тайланг хэлэлцсэний зэрэгцээ Байнгын хорооны 6 тогтоол, Улсын Их Хурлын даргын 3 захирамж боловсруулж батлуулсан байна.

Байнгын хорооны 6 тогтоол, Улсын Их Хурлын даргын 3 захирамж боловсруулж батлуулсан байна.

Энэ хугацаанд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2 удаа хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль ”Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай”, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолуудыг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар “ДЦС-2 түшиглэн байгуулсан утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалтын үр дүнд хийсэн аудитын тайлангхэлэлцжээ. Түүнчлэн тус Байнгын хорооноос “Төсвийн хөрөнгөөр барьсан зарим барилга байгууламжийн тухай” Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 161 дүгээр тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллах; Утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалт, үр дүнд хийсэн аудитын зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллах, гүйцэтгэлийг Төсвийн байнгын хороонд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор танилцуулах үүргийг Монгол Улсын Ерөнхий аудиторт өгсөн байна.

Үүний зэрэгцээ Сангийн яам, Үндэсний татварын ерөнхий газар, Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбоо, Парламентын сэтгүүлчдийн холбоотой “Төсөв, санхүү, татварын нэр томьёо, агуулга” сэдвээр парламентын сэтгүүлчдэд зориулсан сургалт, Засгийн газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татвар болон худалдааны албан татварын талаар хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй санал бодлоо солилцож, харилцан ойлголцох, байр сууриа нэгтгэх зорилгоор Сангийн яам, Үндэсний татварын ерөнхий газартай хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Мөн Үндэсний аудитын газраас Монгол Улсын төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл, хэрэгжилтийн явц байдалд хийсэн дүн шинжилгээний тайлан, Үндэсний аудитын газрын 2013 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар сонсож, чиглэл өгсөн байна.

Дараа нь тайлантай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад Байнгын хорооны дарга болон гишүүд хариулт өглөө