9 сарын 1-нээс эхлэн хогны уут тараана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг зохион байгуулах тухай А/648 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараах зохион байгуулалтын схемийг баталлаа. Батлагдсан схемийн дагуу 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, худалдаа үйлчилгээний газар, хог тээвэрлэгч байгууллагуудаар дамжуулан зохион байгуулахаас гадна гэр хороолол дахь ус түгээх байруудаар хогны уутыг тараахаар боллоо.
Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын зориулалтын уутны хэрэглээг нэвтрүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал болон дүүргийн Засаг дарга нарт, зориулалтын хогны уут хэрэглээгүй, ил задгай хог хаягдлаа хаясан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 13 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяулахгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг айл өрхүүдэд эхний ээлжинд хэрэглэж хэвшүүлэх, цаашид хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоо руу оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын суурь болгон нийслэлийн айл өрхүүдэд зориулалтын хогны уут тарааж эхэлсэн.
Тус уутанд үнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх бөгөөд нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15ш хогны уутны зардал 1425 төг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.