Д.Тэрбишдагва: 39 ахмад дайчинд 100 сая төгрөг өгөхөөр ярилцаж байна
Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.08.06

Д.Тэрбишдагва: 39 ахмад дайчинд 100 сая төгрөг өгөхөөр ярилцаж байна

Халх голын ялалтын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож буй. Халх голын орчимд 1939 онд Японы цэргийг Монголын эрэлхэг дайчид, ЗХУ-ын цэргүүдийн хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан билээ.

Энэ дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэхээр Халхын голын ялалтын 75 жилийн ойг энэ сард өргөн хүрээнд тэмдэглэхээр Засгийн газар шийдвэрлэсэн билээ. 

Энэ талаар Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг зохион байгуулах Засгийн газрын комиссын ажлын хэсгийн дарга Шадар сайд Д.Тэрбишдагваас тодрууллаа. 

-Халх голын ялалтын 75 жилийн ой монголчуудын хувьд чухал. Түүхт энэ баярыг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ? 

-Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх асуудлыг БХЯ-наас санаачилж, Засгийн газрын тогтоолоор ойг энэ сард улс орон даяар тэмдэглэхээр боллоо. Энэ ажлын хүрээнд ойг зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсэг, мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ойг зохион байгуулах салбар ажлын хэсэг томилогдож, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Он гарсаар ялалтын баярт зориулсан тодорхой арга хэмжээнүүдийг явуулсаар ирсэн. Тухайлбал, байлдаанд оролцсон дайчдын гавьяаг алдаршуулах ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ялалтын ойн сэдэвт асуулт хариултын уралдаант тэмцээн явуулсан, түүнчлэн нийслэл болон орон нутагт байгаа ялалтын дайчдын хөшөө дурсгалыг сэргээх зэрэг ажлууд хийгдсээр байгаа. Энэ сард олон улсын эрдэм шинжилгээний хурал, Орос, Монголын залуус нийлсэн нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй тойрон аялал хийнэ.

Тэд Дархан Сэлэнгэ, Орхон аймгаар аялаад Улаанбаатар хотод энэ сарын 23-нд ирж нэгдсэн арга хэмжээнд оролцож, нийт зочид төлөөлөгчдийн хамтаар энэ сарын 24-нд Хэнтий аймагт очиж төлөвлөсөн үйл ажиллагаандаа оролцох юм. Маргааш нь буюу энэ сарын 25-29-нд Дорнод аймагт хамгийн том арга хэмжээ болно. Энэ өдрүүдэд болох баярын хөтөлбөр бэлэн болсон байгаа. 

-ОХУ-аас ямар ямар хүндтэй зочид ирэх вэ? 

-ОХУ-аас 6-8 ахмад дайчин болон тэдгээрийн үр хүүхдүүд ирэх төлөвтэй байна. Түүнчлэн Ерөнхийлөгч В.Путинд урилга илгээсэн. Ирнэ гэдэгт найдаж байна.

 -Манайд одоо хичнээн ахмад дайчид байна вэ. Тэднийг ойн баяраар хэрхэн урамшуулахаар төлөвлөж байгаа вэ?

 -Энэ байлдаанд оролцсон 50 ахмад дайчин амьд сэрүүн байгаа гэсэн судалгаа оны эхэнд гарсан. Харин өнгөрсөн сарын сүүлээр 39 болсон гэсэн мэдээлэл ирлээ.

Эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсган тэмцэж ялалтыг авчирсан буурлуудынхаа амьдралд дэм болох зорилгоор нийт 100 сая төгрөг буюу ахмад тус бүрт хоёр сая төгрөг өгөхөөр ярилцаж байна