Уул уурхайн сайд Д.Ганхуяг Дорнод аймагт ажиллалаа
Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тос олборлож, экспортолж байгаа Тосон-Уул XIX талбайн үйлдвэрлэлийн баазийн үйл ажиллагаатай танилцлаа
2014.08.11

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Дорнод аймагт ажиллалаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Дорнод аймгийн Матад суман дахь Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тос олборлож, экспортолж байгаа Тосон-Уул XIX талбайн үйлдвэрлэлийн баазийн үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар хамт танилцав.

Тосон-Уул XIX талбайгаас өдөрт 13 мянга орчим баррель газрын тос экспортолж байгаа юм байна.

Түүнчлэн Тамсаг XXI талбайгаас 2012 оны 12 дугаар сараас тос олборлож эхэлсэн бөгөөд түүхий тос цуглуулах, хадгалах, ачих нэгдсэн байгууламжийг  шинээр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн захирал Жан Вэй Шин танилцууллаа. Захирал Жан Вэй Шин барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл авахад 190 орчим хоног зарцуулдаг, 2014 оны эхний 6 сарын байдлаар 14 байгууллагын 320 гаруй хүн хяналт шалгалтаар ирж шалгасныг дурьдаад хүнд суртлыг багасгах, хяналт шалгалтыг цэгцтэй болгох талаар дэмжлэг үзүүлэхийг Уул уурхайн сайд болон УИХ-ын гишүүдээс хүссэн.

Сайд Д.Ганхуяг Монгол улсын төсөвт 2013 онд газрын тосны орлогоос 187,7 орчим тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд 2014 онд 228,2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Үүнд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн олборлолт онцгой үүрэгтэй гээд, хөрөнгө оруулагч талд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар дэлгэрэнгүй танилцуулж, энэ хууль нь хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай хууль болсныг онцлон тэмдэглэв.

Мөг тэрээр Петрочайна Дачин Тамсаг ХХК нь газрын тосны олборлолтын чиглэлээр Монгол улсад анхны том төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа компани болохыг тэмдэглэж, газрын тосны салбар нь Монгол улсад шинэ тулгар хөгжиж байгаа ирээдүйтэй салбар тул цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэлээ.

Хяналт, шалгалтыг цэгцтэй болгох талаар УИХ-д өргөн баригдсан Хяналтын тухай хуульд өргөн баригдсаныг мэдэгдэв. Мөн хөрөнгө оруулагч талд байгаль орчны хууль тогтоомжийг биелүүлэх, нөхөн сэргээлтийн ажилд анхаарч ажиллахыг сануулав.

Сайд тус компанид ажиллаж байгаа монгол ажилчдын төлөөлөлтэй уулзав. Газрын тосны салбарын хүний нөөцийг бодлогоор дэмжих, ижил мэргэжилтэй, адил түвшний ур чадвартай инженер, мэргэжилтэн, ажиллагсадыг  гадаад, дотоод гэж ялгалгүй ижил цалин хөлс авдаг байх, газрын тосны мэрэгжлийн инженерийн жагсаалт гаргах, инженерийн хуультай болох талаар судалгаа хийж ажиллах шаардлагатай байгаа талаар холбогдох албаны хүмүүст чиглэл өгөв.

Түүнчлэн хөрөнгө оруулагч тал өөрт ногдох газрын тосны орлого болон ашгаас Засгийн газрын баталсан гэрээний загварын дагуу орон нутгийн хөгжилд олон улсын жишгээр дэмжлэг үзүүлж болохыг Газрын тосны тухай шинэ хуульд тусгасныг онцлов.