Ж.Энхбаяр:Цагдаагийнхан хүнд хэрэг тулгадаггүй,зодож байцаадаггүй байх ёстой
2012.01.04

Ж.Энхбаяр:Цагдаагийнхан хүнд хэрэг тулгадаггүй,зодож байцаадаггүй байх ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг нь энэ тогтоолын төслийг өмнө нь хэлэлцэж байсан удаатай. Сонгуулийн будлианаас болж 2008 оны долдугаар сарын 1-нд таван хүний амь хохирч, олон иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийн төлөө Монгол Улсын төр иргэдээсээ уучлалт гуйх гэдэг дээр УИХ-ын гишүүдийн санал зөрчилдсөн учир унагаж байсан юм. Харин Монгол Улсын Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн тунхагласны 100 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард иргэдээсээ уучлалт гуйснаар тогтоолтой тогтоолгүй энэ асуудал цэгцэрсэн байна. Тэгвэл өчигдөр уучлалт гуйх гэдгээс бусад асуудлаар тогтоолын төслийг дахин хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Хууль, цагдаагийн байгууллагын ажил, үүргийн хуваарь, зааг ялгааг харгалздаггүйгээс болж долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаа нэртэй болгоныг гудамжинд хамгаалалтад гаргасан. Мөн үймээний үеэр "Чулуу шид" гээд бусдыг уриалж байсан хүн дараа нь баривчлагдсан хүмүүсийг байцаагаад сууж байсан тохиолдол бий. Түүнээс гадна эрүүгийн хэрэг мөрддөг хүнийг Засаг дарга дуудаж үүрэг өгдөг. Цагдаагийнханд авилга өгдөг байснаа дараа нь тагнуулынханд . өгөөд эхэлсэн шүү. Хэв журам сахиулахынханд хандив өгч, тусалж болно. Тэд хандив тусламжаар нь өрөө тасалгаагаа камержуулах зэрэг үйлчилгээндээ ашиглаж болох. Харин хэрэг мөрдөхийнхөнд хандив өгч болохгүй. Хэрэв хэрэг мөрдөхийнхөнд авилга өгөх байдал газар авах юм бол хүний эрх зөрчигдөх асуудал задгайрах болно" хэмээн тогтоолын төслөө УИХ-ын чуулганд хэлэлцүүлэхийг хичээв.

Тогтоолын төслийг хамт өргөн барьсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч дээрх тайлбарыг дэмжиж байлаа. Тэрээр "Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өнөө-гийн хяналт шаардлагад нийцэхгүй байгаа нь үнэн. Хүнд хэрэг тулгадаг-гүй, зодож байцаадаггүй байх ёстой. УИХ-ын бүрэн эрхийн үлдэж буй зургаан сард үүнийг гүйцээж янзлах ёстой" гэлээ. Ингээд асуулт асуух гишүүн байгаагүй тул санал авч эхэлсэн юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хувьд хуулийн төслөө сайн боловсруулж байх ёстой. Хэрэгжүүлэгч нь Засгийн газар тул хуулийн төслийг аль болох тэндээс голлож оруулж ирэх ёстой. УИХ улс төрийн шийдэлтэй холбогдолтой асуудалд л оролцох ёстой" хэмээн санал хэлэв. Ардчиллын мөн чанар ороогүй газар бол шүүх засаглал. Энэ засаглалдаа салхи оруулах нь нэгэнт болжээ гэдэг дээр гишүүд санал нэгтэй байсан юм. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын чуулганы нэгд-сэн хуралдаанд оруулахаар тогтов.

Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг хуульд "хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой хэрэг" гэсэн ганц өгүүлбэр нэмэхээр болжээ. Ингээд гэнэт баяжиж хууль ёсны хөрөнгөөс их хэмжээгээр давсан хөрөнгөтэй болсон хүн хөрөнгөжсөн шалтгаанаа тайлбарлаж чадахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн утгатай заалтыг хуульд тусгахыг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.