С.Эрдэнэ: Уучлал гуйснаар Монгол Улсад Ардчилсан төр байгаа юм байна гэдгийг харуулна
2011.12.08

С.Эрдэнэ: Уучлал гуйснаар Монгол Улсад Ардчилсан төр байгаа юм байна гэдгийг харуулна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа
-Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Төр ард түмнээсээ уучлал гуйх асуудал яригдаж байгаа юм байна. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?

-2008 оны долдугаар сарын 1-нд олон хүнийг хэлмэгдүүлж, амь, нас эрүүл мэндээр нь хохироож, нийгэмд айдас хүйдэст автуулсныхаа төлөө Монголын төр түмнээсээ уучлалт гуйх ёстой гэсэн тогтоолын төсөл УИХ-аас гаргах гэж байна. Төрийн өмнөөс уучлалт гуйх ажлыг Ерөнхийлөгч зохион байгуулахаар тусгагдаж байгаа. Энэ зөвлөмж, тогтоолын хамт гарах юм.

-Гэхдээ уучлалт гуйхын эсрэг саналтай гишүүд байна лээ...

-Янз янзын санаа оноотой гишүүн бий. Гэвч Монголын төр ямар ч үед иргэнийхээ эрх, эрх чөлөөг зөрчиж, хүч хэрэглэн амь насыг нь хохироох ёсгүй. Ийм эмгэнэлтэй зүйл дахиад битгий болоосой гэдэг үүднээс УИХ-ын тогтоол шийдвэр гаргахаар болсон юм.

-Долдугаар сарын 1-ний хэрэгт тухайн үеийн эрх баригч нам буруутай. Гэвч тэд одоо болтол ард түмнээс уучлал гуйгаагүй байна. Магадгүй тэд энэ төслийг эсэргүүцэж байгаа байх...

-Долдугаар сарын 1-ний хэрэг прокурорын шатанд шалгагдаад дуусаж байгаа юм билээ. Хэрэг удахгүй шүүхэд шилжих болов уу. Миний авсан мэдээллээр долдугаар сарын 1-ний хэрэгт гэм буруутай этгээд нь тогтоогдож байгаа. Цагдаа хүчний байгууллагынхан галт зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон гэсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэртэй тэргүй бүх асуудал тодорхой болох биз ээ. Долдугаар сарын 1-ний хэргийн төлөө заавал Бат, Дорж гэх хэн нэгэн уучлал гуйгаад байх биш. Төрд хэн нь ч олонх байсан ч ард түмнийхээ нулимс, цусыг урсгаж, хууль бус үйлдэл хийж болохгүй гэдгийг одоо гаргах гэж байгаа тогтоолын төсөл харуулах учиртай.

Ингэж  уучлалт гуйснаараа Мон-голын төрд маш том жишиг тогтоож өгнө.  Төр ийм алдаа гаргавал ард түмнийхээ итгэлийг алддаг юм байна. Төрд хэн ч байсан буруу үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг юм байна гэдгийг ойлгуулах юм. Энэ бол 2008 оны долдугаар сарын 1-ний хэргээр далимдуулж, хэн нэгэн улс төр хийх гээд байгаа хэрэг биш. Төр өөрөө хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстойг нотлох гэсэн алхам энэ л дээ.

-Жагсаалд оролцсон хүмүүсээс уучлалт гуйх уу, эсвэл нийт ард түмнээсээ юу гэдгийг гишүүд нэлээд ярьсан. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, тэдний гэр бүлээс уучлал гуйгаад өнгөрөх хэрэг биш. Долдугаар сарын нэгэн бол нийгэм даяар айдас хүйдэст автуулсан шүү дээ. Ард түмэн бүгд түгшүүрийн байдалд орчихсон байлаа, Онц байдал тогтоосон тэр бүсэд цагдаа хүчний байгууллагууд дураараа дургиж байсан. Тааралдсан болгоноо барьж авч зодож, нүдээд л зоргоороо аашилсан. Иргэдийг хэдэн зуугаар нь хэлмэгдүүлэн хорьж, эрүүдэн шүүсэн байдаг. Тиймээс Монголын төр бүх ард түмнээсээ уучлал гуйх ёстой.

-Зөвхөн уучлалт гуйхаас өөр ямар зүйлүүдийг тогтоолын төсөлд тусгасан байгаа бол?

-Долдугаар сарын 1-ний гэм буруутныг тогтоохоос өмнө Монголын төр уучлалт гуйх ёстой. Төр өөрөө асар том алдаа гаргасан. Яагаад гэвэл Онц байдал зарласан. Тухайн үеийн Засгийн газар, хүчний байгууллагуудын уялдаа холбоо муу байсан тээд яривал их зүйл бий. Тэр бүхний өмнөөс Монголын төр уучлал гуйх юм. Энэ бол ардчилсан нийгмийн хамгийн том соёл. Иргэдээ хэдэн зуугаар нь хороочихоод уучлал гуйх нь битгий хэл олноор нь хоморголон устгаж байгаа улс орон алийг тэр гэхэв. 1930-аад онд Монголын ард түмнийг хэдэн мянгаар нь хэлмэгдүүлэн устгаж явсан МАХН өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй л байна. Гэтэл 2008 онд болсон эмгэнэлт явдлын төлөө Монголын төр гурван жилийн дараа уучлал гуйх.гэж байна шүү дээ. Уучлал гуйснаар Монгол Улсад ардчилсан төр байгаа юм байна гэд-гийг харуулах үйл явдал болно.

-АН-ын дарга Н.Алтанхуяг долдугаар сарын 1-ний хэргийн төлөө уучлал гуйгаад  байсан байх аа?

-Н.Алтанхуяг уучлал гуйж байсан. Тухайн үеийн МАХН одоогийн МАН-ын хийсэн үйлдлийн төлөө АН-ын дарга дарга уучлал гуйна гэдэг байж болохгүй зүйл. АН, МАН хоёрын хамтарсан зорилго өөр шүү дээ. Долдугаар сарын 1-нийг цайруулахын төлөө энэ хоёр нам хамтраагүй биз дээ. Ийм болчимгүй үйлдэл хийж болохгүй. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч хэлмэгдүүлэлтийн төлөө төрийн нэрийн өмнөөс уучлал гуйж байсан. Ер нь ардчилал шударга ёсны төлөө  дуугардаг нам бол АН шүү дээ. Нийгмийн аль зүй ёсны шаардлагад нийцсэн өөрчлөлтүүдийг манай нам хийдэг. Мал, орон сууц хувьчлах гээд улс оронд хэрэгтэй зүйлүүдийг эхлүүлж, тухайн үедээ эрсдэлийг нь үүрээд гарч байлаа. Үүгээрээ бахархаж явдаг. Үүнтэй адил бид ард түмнээсээ уучлалт гуйх асуудлыг санаачлаад УИХ-аараа хэлэлцүүлээд явж байна. Алдаа гаргасан ч уучлалт гуйж чаддаг байх хэрэгтэй.

-Төр гэдэг бол АН, МАН хоёулаа мөн. Тэгэхээр АН-ын даргыг уучлал гуйж байхад буруутгаж байсан байж одоо яагаад төр уучлал гуйх хэрэгтэй гэж үзээд байгаа юм бэ?

-Төрийн нэрийн өмнөөс уучлалт гуйх гэж байгаа юм. Тухайн үед манай даргын гуйсан уучлал бол  хувь хүн Н. Алтанхуягийн хэлсэн үг.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.