“Эзэн-100”-г ингэж дүгнэж байна
Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу УИХ-аас Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.
Өөрөөр хэлбэл, 100 хоногийн хугацаанд эдийн засагт бодит дэмжлэг болохуйц хуулийн төслүүдийг баталж түүнийхээ үр шимийг намраас эхлэн үзэхээр болж Засгийн газар “Эзэн-100” хөтөлбөр эхлүүлсэн юм. Тэгвэл тус хөтөлбөрийн 100 дахь хоног энэ сарын 18-нд дуусч байна.
Хөтөлбөрийн үр дүнгийн талаар элдвийн таамаг яригдаж, улстөрчид, эдийн засагчид өөр өөрсдийн хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч байгаа юм. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн дуусах хугацаа дөхсөнтэй холбогдуулан гишүүд, улстөрчид ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
/УИХ-ын гишүүн/ Я.Содбаатар: Үр дүн гарсангүй
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг анхаарах хэрэгтэй. Засгийн газраас “ЭЗЭН 100” хөтөлбөрийг гарган эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэлийг Их хурлаас тогтоол гарган өгсөн. Харамсалтай нь 100 хоногийн хугацаанд бидний болон хөрөнгө оруулагчдын хүлээж байсан үр дүн гарсангүй.
Удахгүй ЭЗЭН 100 хоног дуусна. Гэтэл валютын ханш тогтворжсонгүй.
Гадаадын хөрөнгө оруулалт өмнөх жилээс 63 хувиар буурсан. 2012 онтой харьцуулахад хоёр дахин уначихлаа. Монгол Улсын гол бизнесийн чиглэлийн салбарууд идэвхжиж өгөхгүй байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх дотооддоо төлбөрийн тэнцлийн балансыг хангах, төсвийн орлого зарлагын тэнцвэржилтийг хангах, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх гээд тавигдсан зорилтууд хангагдсангүй.
“Эзэн-100” хөтөлбөрийг дүгнэх, нөгөө талдаа цаашид манай орны нийгэм эдийн засгийн байдал ямар байх зэргээр дүгнэлт гаргах нь сонин байна. Энэ бүгдийг улс төрийн төвшинд улс төрийн намууд ярьж үндэсний зөвшилцөл рүү явж тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгараад байна.
Товчхондоо нийгэм, эдийн засгийн байдал төсвийн тодотголыг яаралтай хийхийн тулд Их хурлыг хуралдуулах хэрэгтэй. Төсвийн тодотгол хийж төр дахин өөрийнхөө бүсийг чангалах шаардлагатай. Төр бүсээ чангалснаар төсвийн бодлогоор дамжуулан эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга зам нь үүгээр хийгдэнэ. Төсвийг байх хэмжээнд нь хүртэл дахин танах, урсгал зардлыг дахин танах ёстой.
/УИХ-ын гишүүн/ Б.Гарамгайбаатар: “ЭЗЭН-100” гэж нэрлэсэн зүйл байхгүй
-УИХ эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөл баталж гаргасан. Төсөлд “ЭЗЭН-100” ч юм уу нэр өгсөн зүйл байхгүй. Засгийн газраас гаргасан яриа.
Өнөөдөр бүх хүний амнаас 100 гэсэн үг гарч байна. Тэр нь ярьж байгаа хүмүүсийн асуудал биз.
Харин Их хурлаас гаргасан тогтоол нь эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд ямар ажил хийх ёстой, ямар эрхзүйн баримт баримт бичгүүдийг богино хугацаанд бэлтгэж өгөх вэ гэдэг нь тусгалаа олоод гарчихсан. Одоо түүнийг хэрэгжүүлэх үйл явц нь Засгийн газрын асуудал байхгүй юу. Засгийн газар өгсөн чиглэлийн дагуу ямар ажил хийж байгаагаа Засгийн газар цаг дээрээ тайлагнаж байгаа гэж бодож байна.
Тиймээс тогтоолын төсөлтэй холбоотой ажлыг Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын намрын чуулганаар ярих байх. Тогтоол дээр заалтууд нь бүрэн байгаа. Засгийн газрын өгсөн мэдээллийн дагуу бид байнгын хороон дээрээ ярина.