Ж.Энхбаярыг өмөөрөх шалтгаан
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр сайдын зөвлөлийн хуралдааныхаа үеэр мэргэн буучдын рот бэлэн байлгах тухай ярьсан нь дуулиан болов. Зарим хэвлэл үүнийг уухайн тас шүүрч аваад ард иргэдээ буудах тусгай рот байгуулах гэж байна хэмээн онцлов. "2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэг шиг үйлдэл гарвал шууд ард түмнийхээ эсрэг буудах нь" хэмээн улстөржүүлж амжлаа. Эл уухайд Ардчилсан нам ташуур өгч Ж.Энхбаярыг шалгах ажлын хэсэг ч байгуулав. Цагаан сар угтсан улс төр энэ боллоо. Юун ч сүртэй юм бэ. Ингэж хэлэхэд учир байна. Нэгдүгээрт, Батлан хамгаалахын сайд салбартаа ямар нэгэн шинэ юм сэдэж болохгүй юу. Юу санаж байгаагаа сайд нарын зөвлөлийн хурал дээрээ ярих ёстой юу. Эсвэл өөр газар ярих ёстой байсныг тэр андуурав уу. Үнэхээр мэргэн буудагчдын тусгай рот манай улсад байдаггүй юм уу. Ер нь байгуулж болдоггүй хуультай юу. Хэрвээ тийм бол сайддаа хэлээд өгөхийн оронд сонинд хов зөөсөн офицерууд үнэндээ онигоотой биш үү. Цэргийн хүн ийм сул амтай улс төрд дуртай байгаа нь хошин шог шиг санагдаж байна. Энэ үйлдэл хал үзэж халуун чулуу долоосон цэргийнхний дургүйг хүргэсэн нь тодорхой юм. Ж.Энхбаярт дургүй байж болно оо. Түүнийг энэ салбарын сайд болоход яг үнэндээ дуртай нь хэд байлаа.
Үүнийг бичиж буй би ч дургүй байсан хүмүүсийн л нэг. Гэхдээ энэ үйл явдал бол манай улсын БХЯ тэнд ажилладаг офицерууд үнэхээр хангалтгүй байгааг тодорхойлж өглөө. Тэд тангараг өргөсөн цэрэг эрчүүд биш юм байна. Зүгээр л сонинд хов зөөдөг хөгийн "гар"-уудаас ялгаагүй аж. Яахав дээ, залуу хүн ирээд "Мэргэн буудагчдын рот байгуулмаар байна" гээ л биз. Шууд өмнөөс нь "болдоггүй юм, дүү хүү " гээд хэлчих аавын хүү тэнд байсангүй. Харин гүйж гараад шар мэдээ дамжуулах новшнууд л байж. Гэвч одоо нэгэнт эхэлчихсэн улс төр учраас туулаад гарахаас өөр зам Ж.Энхбаярт үлдээгүй нь тодорхой. Харин нэг зүйлийг Ардчилсан намынхан олж мэдээсэй. Мэргэн буудагчдын рот байгуулбал түүнийг Ж.Энхбаяр лав командлахгүй байх. Хэн нэгэн хурандаа эсвэл Ерөнхийлөгч тушаал өгөх биз. Тэгээд ч нөгөө рот нь заавал ард түмэн рүү буудах нь алба уу. Ямар ч улс оронд цэргийн тусгай анги нэгтгэл байнгын бэлэн байдалтай байх ёстой. Үүнийг сануулж өгсөн Ж.Энхбаяр буруутан болдог байж. Гэвч одоо Ардчилсан намын бүлэг хэрхэн улстөржихийг харах л үлдлээ. Хэрэв түүний буруу бол огцруулах уу. Тэгэх чадамж нь Ардчилсан намд бий юү гэдгийг бодох л хэрэгтэй. Тэр үнэхээр өөртөө ашигтайгаар тусгай рот байгуулаад өөрөө команд өгөөд ард иргэдээ буудах байсан гэж ам өчгөө өгвөл Ж.Энхбаярыг огцруулах нь байтугай буудаж ч болох юм. Хэрвээ буруугүй нь тогтоогдвол сонинд хов зөөсөн офицеруудыг халах хэрэгтэй. Ж.Энхбаярыг өмөөрөх ийм л шалтгаан байна даа.