Ж.Энхбаяр: Нэг ч хүнийг улс төрийн шалтгаанаар ажлаас халаагүй
2012.02.16

Ж.Энхбаяр: Нэг ч хүнийг улс төрийн шалтгаанаар ажлаас халаагүй

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бус хурал зарласан юм. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр шинээр томилогдсоноосоо хойш АН-ын угшилтай хүмүүсийг ажлаас халж өөрийнхөө төлөөллийн хүнийг томилоод байна гэсэн мэдээлэл гарах болсон учир энэ талаар бүлгийн гишүүд түүнээс тодруулга авахыг хүссэн байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.

-Таныг АН-ын хүмүүсийг ажлаас халж оронд нь өөрийн талын хүмүүсийг томилж байна гэсэн мэдээлэл гарсан. Та ямар хүмүүсийг ажлаас халсан юм бэ?
 
-УИХ дахь АН-ын бүлэг надаас тэнд үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн томилгоотой холбоотой мэдээлэл авахыг хүссэн. Одоогоор бүлгийн хуралд ороогүй байна. Харин хариуцлагатайгаар мэдэгдэхэд миний бие өнөөдрийг хүртэл ямар нэг улс төрийн шалтгаанаар  нэг ч хүнийг халах шийдвэр гаргаагүй.
Ажлаас халах шийдвэр гарсан тохиолдолд тушаал гарах ёстой.
Үүнийг ЗХЖШ хэрэгжүүлэх үүрэгтэй. Хоёр цэргийн ангид зохион байгуулалттай цэргийн хүнс ялангуяа мах хулгай хийсэн, шамшигдуулсан явдал гарсан.  Үүнтэй холбоотой арга хэмжээ авч, буруутай хүмүүсийг нь цэргийн албанаас бүрэн чөлөөлж, холбогдох байгууллагад нь шилжүүл гэдэг шийдвэр гаргасан. Бас дүрмийн бус харьцааны үүднээс хугацаат цэргийн нэг албан хаагчийн биед ноцтой гэмтэл учруулсан офицерийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гараад байна.
-Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан газрын даргыг халсан гэсэн. Энэ үнэн үү?
 
-Газрын дарга байсан хүн хуулийн хэлтсийн даргаар томилогдоод ажиллаж байна. Нэг зүйл хэлэхэд Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин гэдэг нь боловсон хүчнийг сургах, бэлтгэх, томилох дахин бэлтгэх, анги салбарт шилжүүлэн ажиллуулах, удирдах командын бүрэлдэхүүнд томилох нь тогтсон дүрэмтэй, бие даасан системтэй, онцлог салбар. Энгийн бусад яамдуудтай хольж сольж ойлгоод байна. Батлан хамгаалах яаманд байгаа албан тушаалтан бүрийн ажил үүргийн шаардлага өндөр, ялангуяа команд штабын хүмүүс мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Тэр хүрээнд тодорхой зарим хүмүүсийг сэлгэн ажиллуулдаг. Нэр дурдагдаад байгаа Сүхбаатар дарга хуулийн өндөр мэргэжилтэй хүний хувьд Хуулийн хэлтсийг аваад явах нь тэр хүний хуулийн мэргэжил, мэргэшсэн байдалд  байдалд таарч байгаа. Энд ямар нэг хүнийг ажлаас халсан явдал байхгүй. Энэ талаар Сүхбаатар даргатай тохиролцоод шийдсэн асуудал. Хэвлэлээр гараад байгаа мэдээллийг ойлгохгүй байна. Энэ мэдээллүүд Сүхбаатар гэдэг хүний зүгээс лав биш. Өөр шугамаар яваад байгаа нь ойлгомжгүй байна.
-Таныг сонгуулийн үеэр ажиллах тусгай штабаа бараг бэлдчихсэн байна гэсэн мэдээлэл бас гарсан.
 
-Батлан хамгаалах яам мэргэжлийн яам. Жолоочоос эхлээд туслах зөвлөх бүгд цэргийн мэргэжлийн бэлтгэгдсэн, тухайн салбартаа ажиллаж байсан хүмүүс байна. Хэвлэл мэдээллийн хүн нь хүртэл цэргийн хүн байх ёстой. Би тэнд цор ганц энгийн хүн. Зэвсэгт хүчнийг улс төрөөс ангид байлгах нь туйлын амин чухал. Хангалттай улс төржлөө. Улс төржүүлнэ гэдэг нь бэлэн байдлыг унагаадаг. Гол үүрэг бол бэлэн байдал байнга өндөр байхыг шаарддаг. Энэ үүднээс хэд хэдэн анги нэгтгэлүүдтэй танилцаж, бэлэн байдлыг өндөржүүлэх,  шаардлагатай тоног төхөөрөмж зэвсэг техникээр хангах асуудал яригдсан . Түүнээс л болж энэ ийм асуудал яригдсан байх.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.