Л.Гантөмөр: БШУ-ы салбарт 2014 онд 13.9 тэрбум төгрөгөөр 122 их засварын ажлыг хэрэгжүүлж байна
БШУ-ы сайд Л.Гантөмөрөөс 2014-2015 оны шинэ хичээлийн жилийн бэлтгэл л хэрхэн хангагдаж байгаа болон, энэ хичээлийн жилд БШУ-ы яамны зүгээс боловсролын салбарт ямархуу шинэчлэл хэрэгжүүлэхээр зорьж байгаа талаар тайлбар, мэдээллийг нь сонсов.
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа боловсролын шинэчлэлийн хүрээнд залуу сайдын толгойлсон яам ихээхэн хүч чармайлт гарган багагүй зүйл хийж амжуулаад байгаа юм байна.
Гэхдээ хичээлийн шинэ жил эхэлж байхад нийслэлийн олон сургуулийн засварын ажил хараахан дуусаагүй байгааг ч Л.Гантөмөр сайдын ярианаас ойлгосон юм.
-Сайд аа, хоёулаа ярилцлагаа сүүлийн өдрүүдийн дуулиан болоод байгаа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгийн хангамж, хүрэлцээний талаархи асуултаар эхлэх үү?
-За тэгье ээ. 2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 1112 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 201 967 хүүхэд хамрагдана. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилийнхээс цэцэрлэгийн тоо 45, хамрагдах хүүхдийн тоо 8200-гаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 106 000 хүүхэд байгаагийн 75600 нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд хамрагдалтын хувь 76.5-д хүрэх хандлагатай байна.
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад найман мянга орчим хүүхдээр нэмэгдсэн хэдий ч 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй үлдэж байна.
Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Үүнээс 156.0 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20.0 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25.8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдана.
2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 40 лаборатори сургуулийн 1680 багш бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршин хэрэгжүүллээ.
Бага боловсролын цөм хөтөлбөрөө батлан, багш нэг бүрт хэвлэн хүргэж, 860 гаруй сургагч багш нар үндэсний хэмжээнд 13310 багш, удирдлагуудад бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Яам, цэцэрлэгийн хангамж, хүрэлцээг сайжруулах талаар чадлынхаа хэрээр л ажиллаж ирлээ. Хамгийн сүүлд л гэхэд манай яамны захиалгаар БЗД-ийн 21 дүгээр хороонд 100 хүүхдийн хоёр цэцэрлэг ашиглалтад орлоо.
Ингэснээр тус дүүргийн 200 хүүхэд энэ намар гэртээ биш цэцэрлэгт өнжих боломж бүрдэж байгаа юм. Хүн амын тоогоороо нэгдүгээрт ордог Баянзүрх дүүрэгт жил бүр л цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа тухай иргэд шүүмжилдэг.
Тиймээс БШУЯ, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намартаа багтааж хүн ам олноор суурьшсан, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодод 17 шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулна.
-Бага боловсролын талаар багагүй анхаарч, сургалтын хөтөлбөрийг нь шинэчлэх болсон тухай өмнө нь ярьж байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?
2014-2015 оны хичээлийн жилд үндсэний хэмжээнд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээрээ онцлогтой. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр дараах онцлогтой.
Сургалтын хөтөлбөрийн оронд боловсролын хөтөлбөртэй болж, боловсролын нийтлэг удирдамжийн оронд ерөнхий чиглэл өгдөг, мэдлэг шалгахын оронд чадварыг үнэлдэг болж, сургахын оронд суралцах, хичээллэхийн оронд турших, цээжилж суралцахын оронд бие биедээ нөлөөлөх, олж нээн суралцдаг үйл явц өрнөж байна.
Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн холбогдох хүмүүст БШУ-ны Сайдын 01 тоот албан даалгаврыг хүргүүлсэн.
-Энэ жилийн тухайд нэгдүгээр ангид хэчнээн сурагч шинээр элсэн суралцах вэ. Тэдний талаар ямар анхаарал хандуулж байгаа вэ?
-2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 59352 сурагч шинээр элсэн суралцана. Энэ жилийн хувьд хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг хөгжүүлэхийн тулд “Ном”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 756 сургуулийн 430 000 сурагч 121 төрлийн секц дугуйланд, хамрагдахаар байгаа нь нийт хүүхдийн 90 орчим хувь нь болж байгаа юм. Энэ хичээлийн жилээс дунд ангийнхан ангийн номын сантай болно.
Төрийн өмчийн 220 сургуульд тус бүр 10 сая, 764 цэцэрлэгт тус бүр хоёр сая төгрөг олгож багш, суралцагчид өөрсдөө сонгон хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авсан.
Төрийн өмчийн сургуулиудад 128 физикийн лаборатори, 128 химийн лаборатори, 110 сургуульд ухаалаг хөгжмийн самбар, 1000 морин хуур зэрэг тоног төхөөрөмж олгосон бол удахгүй 100 физик, 100 химийн лаборатори болон бусад тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр бэлтгэж байна.
Хүүхдэд зориулсан утга зохиолын уралдаан зарлаж, роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын зохиолын төрлүүдээр нийт 61 бүтээл шалгаруулаад байна.
-Дүрэмт хувцасны тухайд жилийн жилд багагүй маргаан дагуулдаг. Бас сурах бичгийн хүрэлцээ, хангамж ямархуу байдалтай байгаа бол?
-Сурах бичиг, дүрэмт хувцасны бэлтгэл 100 хувь хангагдсан. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад 95 нэрийн 2 148 661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 431 ширхэг багшийн ном тус тус хэвлэн нийлүүлж байна.
Зах зээлд худалдаалагдах сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг байгаа. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдана.
Өнгөрсөн жилд 497.000 сурагчийн 38 хувь болох 189000 сурагч шинэ дүрэмт хувцсаар хангагдсан. 2014-2015 оны хичээлийн жилд 186104 сурагч шинээр захиалга өгсөн.
Энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон. Дүрэмт хувцасны худалдаа, борлуулалт улс орон даяар хийгдэж байна. Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн оны үнэтэй адил түвшинд байгаа. Энэ асуудал ямар нэгэн хүндрэл, бэрхшээл дагуулахгүй байх аа.
- Их, дээд сургуульд элсэгчдийн онооны талаар эцэг эхчүүд сайн ойлгоогүйгээс хэл ам таталдаг. Ер нь босго оноо нь хэд болсон юм бэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтад 400-аас дээш оноо авсан элсэгч их, дээд сургуульд элсэн орох эрхтэй болсон. Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилээс нийт их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт босго оноо 400 байхаар БШУ-ны сайдын тушаал гарсан ба босго оноог жил бүр шинэчлэн тогтоох болно.
-Зарим эрэлт хэрэгцээтэй инженер, багш зэрэг мэргэжилтэн бэлтгэхэд БШУ-ны яамны зүгээс ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх үү?
-Энэ их чухал асуудал болоод байгаа. Энэ ч утгаар нь Багшийн сургуульд өндөр оноотой оюутнуудыг тэтгэлгээр суралцуулж эхэлж байна. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд 650, 750-аас дээш оноо авч 70,100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, мөн хөдөө, орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлын 100 хувийн тэтгэлэгтэй 2000 гаруй оюутан суралцаж байгаа.
-Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад олон оюутан сургахаар болоод байгаа. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт монгол оюутнуудыг суралцуулах юм. “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Бүртгэл эхэлсэн эхний тав хоногт 270 гаруй залуучууд материалаа бүрдүүлж өгсөн байна лээ. Бүртгэл ирэх лхагва гараг хүртэл үргэлжилнэ.
Бид энэхүү төслийн үр дүнг дараах байдлаар тодорхойлж байгаа. Үүнд инженер бэлтгэх хөтөлбөр олон улсын жишигт хүрнэ. Аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий 1000 инженер, техникийн ажилтан бэлтгэгдэнэ. Тэргүүлэх 20 чиглэлээр олон улсын хамтарсан судалгаа хийгдэж, бодит үр дүнг практикт шилжүүлнэ.
Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль 2014-2015 оны хичээлийн жилд уул уурхайн инженер, механик инженер, байгаль орчны инженерийн үндсэн ангиа эхлүүлж 100 гаруй оюутан дэлхийн шилдэг их сургуулиудын хөтөлбөртэй ижил түвшний хөтөлбөрт суралцана.
-Дэлхийн шилдэг их сургуулиудад олон тооны оюутан суралцуулахаар яригдаж байсан. Тэр ажил хэрэгжиж байгаа юу?
-Дэлхийн шилдэг 100 их сургуульд Монголын нэг үеийн залуучууд хамтдаа суралцахаар болоод байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах тухай” 78 дугаар зарлигийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн 85 оюутан суралцахаар болсон.
Гадаадын 13 оронд Засгийн газар хоорондын гэрээгээр инженер, технологи, байгалийн ухаан, анагаах ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр суралцуулах бодлогын дагуу 710 хүн суралцах эрхээ авчихсан байгаа. Удахгүй тэд эх орноосоо мордоно.
-Монголын их, дээд сургуулиудын сургалтын бааз, технологийг сайжруулах талаар ямар бодлого барьж байгаа вэ?
-Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудын сургалт, судалгааны дэд бүтцийг сайжруулах зорилгоор 20 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийгдсэн.
Тус санхүүжилтээр МУИС-ийн лазерийн лаборатори, ХААИС-ийн дэргэд машин судлалын сорилтын лаборатори, ШУТИС-ийн дэргэд биомеханикийн лаборатори, МУБИС-д байгалийн ухааны сургалтын лаборатори, АШУҮИС-ийн дэргэд амьд эсийн дүрслэлийн лаборатори байгуулж дээд боловсролын сургалт, судалгааны орчин эрс сайжирлаа.
Цөм технологийн нийт 40 гаруй төслийг шинээр сонгон шалгаруулж 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Үүнээс анагаах ухааны салбарын найм, байгалийн ухааны салбарын тав, нийгмийн ухааны тав, хөдөө аж ахуйн салбарын 15, техник технологийн салбарын найман төслийг шинээр хэрэгжүүлээд байна.
Судалгааны дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулан 1.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа.
-Шинэчлэлийн Засгийн газар боловсролын шинэчлэлийг онцгойлон анхаарч байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд нийтдээ хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгааг товчхон дүгнэхгүй юу?
-Засгийн газраас цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 193 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 213.9 тэрбум төгрөг батлагдсан.
Дэлхийн банкны хөрөнгөөр 17 цэцэрлэгийн барилга, нийслэлийн хөрөнгөөр 31 барилга, үүнээс 16 цогцолбор, гурван сургууль, 12 цэцэрлэг, концессийн гэрээгээр 82 цэцэрлэг, сургуулийн барилгын хөрөнгө, санхүү шийдэгдсэн. Үүнээс 2014 онд 20 цогцолборт ажил хийгдэхээс 10 нь буулгах, дөрвөн сургууль, гурван цэцэрлэг, гурван өргөтгөлийн ажил хийгдэнэ.
Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд 5415 ор бүхий 60 цэцэрлэг, 21056 суудал бүхий 46 сургууль, 1955 ор бүхий 19 дотуур байр, 22 спорт заалыг барьж ашиглалтад оруулсан.
2014 онд улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 30586 суудалтай 65 сургууль, 12275 ортой 102 цэцэрлэг, 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2785 ортой 24 дотуур байр, 12 спорт заал нийт 219 барилгын барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүнээс 2014 онд 8648 суудал бүхий 18 сургууль, 5235 ор бүхий 45 цэцэрлэг, 2785 ортой 24 дотуур байр, зургаан спорт заал ашиглалтанд орно.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2014 онд 13,9 тэрбум төгрөгөөр боловсролын 122 их засварын ажлыг хэрэгжүүлж байна. Үүнээс 66 сургууль, 46 цэцэрлэг, дөрвөн дотуур байр, зургаан спорт заал, нийт 122 барилгад их засвар хийж байна.
Улсын хэмжээнд засварын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. Улаанбаатар хотод 2014 онд 39 сургууль, 41 цэцэрлэгийн их засварын ажил хийгдэж, дуусах шатандаа явж байна.