Олон улсын уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгийн IV хурал болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон Улсын уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгийн IV хурал болон Монголын эрүү нүүрний мэс засалчдын нийгэмлэгийн V чуулган Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Тус хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан оролцлоо. АНУ, Япон, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНЭУ, БНХАУ, Тайвань, Израйль, Саудын Араб, Литва, Колумб, Филиппин зэрэг 15 орноос нийт 59 профессор, дотоодын нийт 100 гаруй судлаач багш, эрдэмтэд дээрх олон улсын хуралд оролцож байна.
Хурлыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Олон Улсын уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэг, Монголын эрүү нүүрний мэс засалчдын нийгэмлэг, Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэг, Монголын шүдний мэргэжилтэнүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Олон улсын холбооны V их хурлын үеэр Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн гажигтай оношлогдсон ургийн үр хөндөлтийг таслан зогсоох “Ханой тунхаглал”-ыг танилцууллаа.
Тус тунхаглалыг ЭМШУИС-ийн Нүүр Ам судлалын сургуулийн захирал, Дэд Профессор Г.Ариунтуул танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нарт гардуулан өгсөн юм. Хурал хоёр өдөр амжилттай үргэлжлээд байна.