Г.Баярсайхан Словак улсад суугаа өргөмжит консулыг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суугаа Өргөмжит консул Петер Славикийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
П.Славик нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг хүлээн авсанд талархал илэрхийлээд, хог хаягдлыг боловсруулах, түүгээр дулаан, эрчим хүч гаргах арга, туршлагыг Монголд нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгалаа.
Түүнтэй хамт энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Euro Druzstro” компанийн менежир Ян Оравеу уулзалтад оролцлоо. Тэрээр хог хаягдлыг бууруулах асуудлыг судалж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй талаараа танилцуулсан юм. “Үйлдвэрийн хог, биологийн хог хаягдалыг боловсруулж, дулаан эрчим хүч болон цахилгаан гаргаж авч байгаа нь Словак улсадүр дүнгээ өгч байна” гэж байв.
Мөн Монгол Улсад хог боловсруулах технологийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Байнгын хорооны дарга Г.Баярсайхан хортой хог хаягдлыг хэрхэн устгах, боловсруулж буйг сонирхож, дээрх технологийг Монголд нэвтрүүлэхэд шалгуур өндөр байх ёстойг сануулсан. Тэрээр “Аймаг, нийслэл болон хүн ам төвлөрсөн хот сууринд хог хаягдал нэмэгдэх хандлагатай байна.
Тийм учраас хог боловсруулах шалгарсан технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Гэхдээ өрсөлдөөн их, та бүхэн сайн чанартай, технологийг санал болгох нь чухал юм” гэлээ. Мөн холбогдох хууль дүрмийн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.