Б.Лхагвадорж: Мэдээллийн ил тод байдал, тайлагналыг маркетингтай холиод байдаг
“БиДиСек” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Лхагвадорж
2014.09.15

Б.Лхагвадорж: Мэдээллийн ил тод байдал, тайлагналыг маркетингтай холиод байдаг

“БиДиСек” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Лхагвадоржтой компанийн засаглалыг хэрэгжүүлж буй туршлага болон мэдээллийн ил тод байдлаа хэрхэн хангадаг талаар ярилцлаа.

-Танай компани хөрөнгийн бирж дээрх үнэлгээгээр ТОП-10-д жагсдаг. Компанийн засаглалыг хөгжүүлж мэдээллийн тод байдлаа хангаж байгаа туршлагаасаа хуваалцана уу. Энэ тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн бэ?

Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани гэдэг утгаараа хуулиараа ил тод байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Түүнээс гадна бид өөрсдөө хөрөнгийн зах зээл дээр ажилладаг компанийн хувьд компанийн  ил тод байдлыг алхам тутамдаа хангаж ажиллахыг хичээдэг.

Манайх 2006 оноос ХК-ийн хэлбэрт шилжсэн. Тэгэхээр манай хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцааны ханш өсөх, компани хэрхэн ашигтай ажиллаж байгаа нь  нэг номерийн асуудал. Мэдээж хуулиар үүргээ биелүүлж байгаа гэхээс илүүтэйгээр хувьцаа эзэмшигчиддээ мэдээлэл тарааж, өөр хөрөнгө оруулагчдад мэдээллээ өгч байх нь хөрөнгө оруулалт нэмэгдэх нэг үндэс болдог.

Хувьцааны үнэ нэмэгдэх нь компанийн хөрөнгө оруулалт нэмэгдэж тэр хэрээр хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө өсч байгаа гэсэн үг.

Жишээ нь 100 төгрөгөөр хувьцааны үнэ дээш, доош болоход хувьцаа эзэмшигч хэдэн төгрөг алдаж, мөн олж байна гэдэг маш чухал. 100 сая ш хувьцаатай бол 100 төгрөгөөр өсөхөд 100 саяыг олоод, буухад 100 саяыг алдах жишээтэй.

-ХК болсноос хойшхи найман жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж  засаглалыг хэрэгжүүлсэнээр ямар үр дүн гарч байна?

Засаглал маань удирдлагын түвшинд хувьцаа эзэмшигчид ямар оролцоотой байх вэ, хараат бус гишүүд яаж оролцох вэ, хувьцаа эзэмшигчиддээ хэрхэн мэдээлэл хүргэх вэ гээд олон асуудлыг хамарна.

ХХК-ийн хувьд нэг л хөрөнгө оруулагчтай буюу эсвэл гэр бүлийн хэд хэдэн хүн эзэмшдэг тохиолдолд тодорхой хэмжээгээр ил тод байх боловч хувьцаат компанитай харьцуулаад тийм ч  өндөр шаардлага тавигдахгүй.

Манай компани 2006 оноос өмнө ХХК байхдаа таван хөрөнгө оруулагчтай болохоор асуудлаа ТУЗ дээрээ л яриад явчихдаг, хаалттай байсан.

Харин ХК болсноос хойш засаглалын асуудал, ил тод байдал томоор тавигдах болсон.

-Компанийн засаглал юунаас эхлэх вэ. Таны бодлоор?

Компанийн менежмент нь мэдээж ажилчдынхаа сэтгэл санаа, хамт олон руу чиглэгддэг бол засаглал нь хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдад илүү хандсан ойлголт.

Манай компани зөвхөн хувьцаа эзэмшигчид гэхээс илүү хөрөнгийн зах зээл дээр тоглолт хийдэг хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Энэ утгаараа ТУЗ, удирдлагыг хэрхэн томилж байгаа нь жирийн хувьцаа эзэмшигч гэхээс илүү томоохон хөрөнгө оруулагчдад хамааралтай. Харин компанийн хэрхэн ажиллаж байгаа болон тэнд яг юу болж байгаа талаарх мэдээлэл жирийн хувьцаа эзэмшигчдэд маш чухал байдаг.

-Танайх компаниудад IPO хийхэд мэргэжлийн талаас зөвлөгөө өгдөг. Монгол компаниудын хувьд засаглалын ямар байдалтай байдаг вэ?

Хуулин дээр хувьцааны үнэ ханшид нөлөөлж болохуйц мэдээллийг ил тод болгох ёстой гэж байгаа. Компанийн үйл ажиллагаанд өөрчлөлт орох, чиглэл өөрчлөгдөх, шинэ бизнес эрхлэх болсон зэргээ дор бүр нь мэдээлж байх албагүй.

Гэхдээ чухал мэдээллийг эзэмшиж буй цөөнх хэсэг маань бусадтайгаа адилхан эрх эдлэх ёстой. Өөрөөр хэлбэл тэр мэдээллийг ашиглаад компанийн хувьцааг хямдаар худалдаж авах, эсвэл зараад бусдаасаа давуу тал олох, компанийн байдал муу болвол хувьцаагаа зараад байж болохгүй. Тиймээс компаниуд ямар мэдээллээ нээлттэй, хаалтай болгох вэ гэдгээ бодлогоороо шийднэ.

Манай хувьд дотоод мэдээлэл эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн хувьд хувьцаагаа хөдөлгөх эрх нь хязгаарлагддаг. Харин мэдээлчихвэл бусадтай л адилхан эрхтэй болж байгаа гэсэн үг. Зарим хүмүүсийн зүгээс мэдээллийн ил тод байдал, тайлагналыг маркетингтай холиод байдаг. Зөвхөн сайн талаа мэдээллээд, мууг нь дарна гэсэн хандлагатай.

Жишээ нь шинэ бүтээгдэхүүн гаргалаа, тоног төхөөрөмжтэй боллоо гэх зэргээр мэдээллдэг. Гэтэл ялангуяа ХК-ийн хувьд компани дээрээ болж байгаа муу зүйлээ ч гэсэн тодорхой хэмжээнд зарлаж байх ёстой.

Үнэхээр уул уурхайн компани байж байгаад лиценз нь хүчингүй болчихвол тэрийгээ зарлах ёстой.

Үнэхээр уул уурхайн компани байж байгаад лиценз нь хүчингүй болчихвол тэрийгээ зарлах ёстой. Хөрөнгө оруулалт хийгдэх гэж байгаад больчихвол зарлах ёстой. Хэрвээ анзаарч байгаа бол Оюутолгой компани сайн муу мэдээллээ байнга зарладаг. Тэр мэдээллийн үндсэн дээр хувьцааны үнэ доош, дээш явж байгаа учраас зарлах нь ач холбогдолтой. Хэрвээ компани алдах гэж байвал хувьцаа эзэмшигчдийнхээ үгийг сонсч, ухамсартайгаар алдаагаа засна гэсэн үг.

Компаниуд ашигтай ажиллахаас гадна бусдаас өндөр үнэлгээ авахын тулд нээлттэй байх хэрэгтэй

-Компаниудын засаглал хэр байна вэ?

Монголын  компаниудын хувьд дутагдалтай байдаг ч сайжрах нь цаг хугацааны асуудал. Гол асуудал нь ихэнхи компаниуд хувьцааны төвлөрөл ихтэй байдаг. 80-90 хувь нь цөөн хэдэн хүний гарт байдаг. Тэд нар маань бусад жижиг хувьцаа эзэмшигчидтэй харьцдаггүй. Нэг нь ч мэдээллэхгүй сурчихсан, нөгөө нь мэдээлэл авч мэддэггүй. 

Гэхдээ сүүлийн үед жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс олон тархай хувьцааг нэгтгээд худалдаж авах процесс ажиглагдаж байна. Тэр хүн том хувьцаа эзэмшигч болоогүй ч гэсэн тухайд компанид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой гэсэн үг. Тэгэхээр  компанийн удирдлагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй болчихож байгаа юм.

-Танай үнэт цаасны гүйлгээ идэвхтэй байдаг. Амжилттай ажиллаж байгаа туршлагаас хуваалцана уу?

Манай хөрөнгийн зах зээл улсын эдийн засагт эзлэж байгаа хувь нь бага. Брокерийн компаниуд нь хязгаарлагдмал үйл ажиллагаа явуулдаг.

Гэхдээ манайх байнгын топ 20 дотор багтдаг явдал нь компанийн үнэлгээтэй холбоотой.

Нийт Үнэлгээ яаж гардаг вэ гэхээр зах зээл дээр арилжигдаж байгаа хувьцааны ханшаас хамаардаг. Манайх 11 сая ширхэг хувьцаатай зах зээл дээр 2500 төгрөг байлаа гэхэд компаний үнэлгээ 30 орчим тэрбум төгрөгний үнэлгээтэй гэсэн үг.

Харин өөрийн цэвэр хөрөнгө гэдэг бол өөр дүн. Бидний зах зээлд эзэлж байгаа байр суурь, харилцагчдын сэтгэл ханамж, бидний ирээдүй, төлөвлөгөө, нэр хүнд гээд мөнгөөр илэрхийлж болшгүй зүйл маань компанийн нийт хөрөнгө дээр нэмэгдэхээр нийт үнэлгээ гарч ирнэ. Компаниуд ашигтай ажиллахаас гадна бусдаас өндөр үнэлгээ авахын тулд нээлттэй байх хэрэгтэй.

Миний жилийн цалингийн  хэмжээг хувьцааны өсөлт бууралт тодорхойлчих жишээтэй. Компанийн хувьцааны ханш өндөр байна гэдэг маань ажилчдын ахуй амьдрал дээшилнэ. Ихэнхи сайн компаниуд өөрсдийн ажилчиддаа stuck-option хийдэг. Манай компанийн хувьд цалингаас гадна эзэмшиж байгаа хувьцааныхаа төлөө санаа зовох ёстой гэсэн үүднээс тодорхой хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Удахгүй шинээр нэмж хувьцаа гаргахаар ажилчиддаа олгох төлөвлөгөөтэй байгаа. 

-Компанийн засаглалын талаар сүүлийн үед нэлээд анхаарч, хөтөлбөр гаргаж, хуулинд ч сайн заалтууд оруулсан. Таны бодлоор хуультай холбоотой санал байна уу?

Хуулиар компаниудыг их шахвал эсрэг үр дүн гарна. Үнэхээр засаглал хэрэгтэй гэдгийг ойлгосны үндсэр дээр хэрэгждэг учраас удирдлагын хүсэл зоригоос хамаарна.

Гэхдээ сүүлийн үед бидний зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудын ТУЗ-ын хурлын үеэр нэг зүйлийг ажигласан.

Хараат бус гишүүдийг илүү эрх мэдэлтэй байлгах гээд 3 дэд хорооны гишүүдийн ихэнхийг тэднээс бүрдүүлэхээр байгаа. Гэтэл компанид хувьцаа эзэмшдэг бусад гишүүд маань яах вэ.

Хувьцаа эзэмшдэггүй хүмүүс маань дараагийн ТУЗ-д хүмүүс санал болгоно гэхээр хөрөнгийн эздэд жаахан болгоомжлол төрүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Эргээд мэргэжлийн бус хандлага үүсэх вий гэхээс болгоомжилж байна.

 Ярилцсанд баярлалаа.