Налайхын уурхайн 100 жилийн ой 2015 онд тохионо
20-р зууны эхэн үед Монгол оронд үйлдвэрлэл гэж хэлж нэрлэж болох цорын ганцхан байгууламж байсан нь Налайхын нүүрсний уурхай ажээ.
1911-1921 оныг Богдын Засгийн газрын үе гэж ойлгоод энэхүү 10 жилийн хугацаанд Монголд чухам ямар ямар өөрчлөлт гарсан бэ хэмээн түүхийн хуудсыг төнхөвөөс Налайхын уурхай нь Оросуудын удирдлагаар, Богд хааны ивээлээр анх байгуулагдсан нь нүднээ тусна.
Налайхын уурхайг Богд хаан таашаадаггүй атлаа нүүрсийг нь ашиглаж байлаа
Түүх уртсах тусмаа үнэн бодитой, богиносох үедээ худлаа болж аль нэгэн нам бүлэглэлийн идэш хоол болдгийг би олон баримтаар хэлж чадна. Үүний нэгэн тодорхой жишээ нь Налайхын уурхайн түүх юм шүү. 1915 онд Налайхын уурхай Оросуудын удирдлагаар ашиглалтанд орж анхны жилдээ 4000 тонн нүүрс гаргажээ.
Энэхүү нүүрс нь Өргөө хот өнөөдрийн Улаанбаатар хот руу үхэр, морь, илжиг, луус тэргэнд ачигдаж Богдын ногоон ордон, Барон Унгерний байшин, Америк, Орос, Хятадын олон пүүсний түлшинд
1915 онд Налайхын уурхайгаас 1000 пуд нүүрс олборлож эхэлсэн
зарцуулагдана. Үүгээрээ Богдын санг арвижуулахад татвар төлж Богд хаанд 2 давхар ашигтай байлаа. 1915 онд Налайхын уурхайгаас 1000 пуд нүүрс олборлож эхэлсэн Оросууд-Уурхайн ажлын дүрэм зохиож Богд хаанд адислуулахаар өгчээ.
Одоогийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм буюу тухайн үеийн уурхайн ажлын дүрмийг Богд хаан хүлээн авсан боловч адислаагүй агаад одоо болтол огт буцааж өгөөгүй нь дараах учир жанцантай ажгуу. Ер нь гадаад дотоодын ямар ч хүмүүнд газар хөндөхийг Богд хаан тун ч таашаадаггүй байв. Энэ нь лус савдаг хилэгнэхтэй холбоотойгоос гадна цаагуураа алсын бодлого байсан бус уу.
1900-аад оны үед Монголын лам нар баян хоосон, янхан ямбатан хэн ч гэсэн ганцхан үг хэлдэг. Энэ нь “Бид ч яахав малаараа болгоод амьдраад ирлээ. Бидний хойч үе газраа ухаж амьдрах биз дээ” гэсэн үгийг Монголын нийгэмд хүн бүр үглэж байсан нь гайхалтай бас сонирхолтой юм.
За тэгвэл одоо би дүгнэлтээ хэлье. Монголчууд 1900-аад онд малынхаа ашиг шимээр 2000-аад онд, газрынхаа баялагаар 3000-аад онд оюун ухааныхаа хүчээр амьдарч дэлхийн хөгжлийг гүйцэж түрүүлэх нигууртай мэт санагдана.
Яагаад гэвэл Монголын нийгэм нь өөрөө зуу зуун жилээр ирээдүйгээ тольдон хардаг нууц увидастай юм шиг ээ. Өнөөдөр газрын баялгаараа мөнгө олж байгаа Монголчууд ирээдүйгээ оюун ухааны хүч гэж тодорхойлж эхэллээ.
Одоогоос 100 жилийн өмнөх Монголчууд 100 жилийн дараах үеийг зөв төсөөлж бүрэн илэрхийлж чадаж байсан нь Монгол нийгмийн нэгэн онцлог билээ. Түүнээс гадна манай нийгэм бүхэлдээ 100 жилийн хугацаанд дэлхийн хөгжлийг товчлон 2 дахь 100 жилийг үйлдвэрлэлийн эрин үе болгох замдаа шуудран орж байх шиг санагдана. Яагаад гэвэл нүүрс өөрөө химийн бүтээгдэхүүн.
Энэхүү нүүрсийг Монгол орон ашиглаж эхэлсний 100 жилийн ойг Монголд үйлдвэржилт эхэлсэн баяр болгож хөдөлмөрийн хүний төлөө уриалга гаргаж 2015 онд өргөнөөр тэмдэглэх нь нэн зохистой юм. 1918 онд Автономит Монголд анх удаа хүн, амын тооллого болоход Монгол улс ердөө л 447501 хүн амтай байжээ.
Үүнд 4000 Орос, 8000 хятадыг оролцуулаад шүү дээ. Энэ үед Налайхын уурхайд 4 Орос дарга, 80 хятад ажилчин, үүнд даачаа тэрэгтэй 50 хужааг хасвал 30 хүнтэй хамгийн том үйлдвэр нь Налайх байлаа. Гэтэл 1995 онд 3000 хүн Налайхаас гэнэт халагдсаны ганц ч төгрөг авалгүйгээр гудамжинд хөөгдөн гарсан юм.
Налайхын уурхай нь 1915-1922 онд гадаадын өмч Орос, Америк, Хятадын эзэмшилд 1922 оны 12-р сарын 25-аас 1995 оны 01-р сарын 15 хүртэл Социалист өмч 1995 оноос хувийн өмчийн хэлбэрт шилжсэн. 1915 оноос одоо хүртэлх 100 жилийн хугацаанд 31 сая тонн нүүрсийг Өргөө Улаанбаатар хотод нийлүүлсэн Монголын уул уурхайн салбарын хамгийн том ачлалт аав нь, Монгол улсын бүх уурхайнуудын Ээж нь.
1915 оноос одоо хүртэлх 100 жилийн хугацаанд 31 сая тонн нүүрсийг Өргөө Улаанбаатар хотод нийлүүлсэн
Энэ гүрний Нийслэлийн гал голомт, оч цахилгаан нь Налайхаас эхтэй юм шүү дээ. Дэлхийн хамгийн хүйтэн хот Улаанбаатар хотыг орчлонгийн ийм том тохилог, дулаан жинхэнэ хот болгох эх ундарга нь Налайхын чанарын нүүрс гарцаагүй мөн. Аж үйлдвэрийн комбинат нь Налайхын нүүрсний ачаар бүүр сүүлд 1934 онд Оросуудын гараар бий болжээ.
Налайхын уурхайн 100 жилийн ойд асар их ач холбогдол өгч энэ үйлдвэрийг Монгол улсын Түлш эрчим хүчний агуу хүчирхэг түүчээ нь Улаанбаатарын Тулгат гал нь 100 жилийн өмнө оч гэрэл болж асахдаа одоогийн хөгжлийн гэрэлт бамбар нь болсныг хэн ч мартах ёсгүй.
90 жилийн ойн учир
Налайхын уурхайн 90 жилийн ой 2012 онд болсон. Гэтэл яагаад гэнэтхэн 100 жилийн ойн тухай шийдвэр гараад ирэв ээ гэж хүмүүс гайхдаг. Оросуудын бүтээн байгуулалтын ачаар 1921 оны Ардын хувьсгалаас бүр өмнө Монголд ганцхан том үйлдвэр ажиллаж Улсын санг арвижуулж байсан нь Налайх.
1921 оны хувьсгалчид гарч ирээд Налайхын уурхайг 1922 оны 12-р сарын 25-нд Улсын мэдэлд авч төрийн өмчид бүртгэсэн энэхүү өдрийг бид Монголын уурхайчдын төрсөн өдөр мөн гэж үзээд улс орон даяар тэмдэглэдэг билээ.
1915 онд Налайхын уурхай байгуулагдаж энэ уурхайг 1922 оны 12-р сарын 25-нд Улсын үйлдвэр болгож үүнийгээ бид босгосон хэмээн тухайн үеийн Засгийн газар нь өмчирхсөн учраас Монголчуудын уураг тархинд тарваганы дошны хар чулуу 1922 онд Налайх үүссэн гэдэг домог 100 жил үргэлжилж байна.
ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн захирал доктор н.Чулуун, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор Н.Ганбат нарын судалгааны багийн дүгнэлт Оросын эрдэмтэн И.И.Майскийн Современная Монголия-Г.Иркутск 1921 он ном Үндэсний түүхийн төв архивын баримтууд, 1918 оны хүн амын тоологын мэдээ, энгийн гар үйлдвэрлэлээс машинт аж үйлдвэрлэлд түүхийн альбом болон бусад эх сурвалжууд нь Налайхын уурхай 1922 онд биш 1915 онд байгуулагдсаныг баталдаг.
НИТХ-ын 2014 оны 09-р сарын 08-ны 154-р тогтоол нь түүхийн үнэнийг тодруулах Налайхын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, хамгийн гол нь өмнөх хуучин ойлголтуудыг залруулж зөв замд нь чиглүүлж өгснөөрөө төрийн удирдлагын туйлын их ач холбогдолтой үнэт шийдвэр болжээ.
Цаашдаа бид Налайхын уурхай 1915 онд ашиглалтанд орж Богдын Засгийн газрын үед нүүрс олборлож Өргөө Улаанбаатар хотыг илч дулаанаар хангаж эхэлсэн түүхийн зөв ойлголтыг хойч үедээ үлдээх болно. Ер нь Налайх дүүрэг уурхайн 90 жил гэдэг нь 2012 онд огт худлаа хоосон шоу болсон юм. Дүүрэг гэвэл 1992 оноос эхтэй. Уурхай 1922 онд биш, гэвч Налайхын уурхайг Улсын социалист өмч болгож бүртгэж авсны 90 жилийн ойг тэмдэглэж болох л юм даа.
Нүүдлийн тархмал аж ахуйгаас бид нүүрсний ачаар суурьшин хотжиж эхэллээ
Налайх нь Монголын хамгийн эртний Дагуул хот юм. Өргөө хотын дагуул хот шинэ Монголын нийслэлийг тэжээж байсан цорын ганц үйлдвэр нь Налайх. Налайх байгаагүй бол Улаанбаатар хот, цахилгаан станц, үйлдвэржилт асар хурдацтай эхлэхгүй байсан нь лавтай. Аж үйлдвэрийн талх болсон нүүрс нь хотынхоо яг дэргэд байсан учраас Улаанбаатар хот сүндэрлэн боссон юм.
Налайх байгаагүй бол Улаанбаатар хот, цахилгаан станц, үйлдвэржилт асар хурдацтай эхлэхгүй байсан нь лавтай
Налайхын уурхайг түшиж Монголын анхны ажилчин ангийн эх суурь тавигдсан. Монгол төрийн өмнө Налайх нь агуу их түүхэн үүргээ биелүүлсэн хот билээ. Дэлхийн уурхайчдын хийж бүтээж чадаагүй хамгийн дээд амжилтыг Налайхын уурхайчид эвдэж дэлхийн хамгийн хүнд хүчир хэцүү нөхцөлд Налайхын уурхайчид хөдөлмөрлөж байна.
1971 онд Налайх район нь Налайх хот болж тухайн үедээ энд амьдрал үнэхээр сайхан байлаа. Хот болсноор Налайхчууд өөрчлөгдөж Улаанбаатар хотыг хөлдөөхгүйн тулд жинхэнэ хотын ухамсарт иргэн болон хувирсан юмдаг. Монголд Нийслэлийн дагуул хот болох бүрэн боломжтой цорын ганц дүүрэг нь Налайх юм.
Өнөөдөр Налайхчууд "Хотжицгооё" хэмээн зориглож 100 жилийнхээ ойг тохиолдуулан бие даасан хот байгуулах, 60 сая тонн чанарын нүүрстэй уурхайгаа химийн үйлдвэр болгон хувиргах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Монголын нийгэм өнөөдөр асар хурдацтай шинэчлэгдэж орон нутгийн бүтээн байгуулалт эрс эрчимжиж байгаа өнөөгийн нөхцөлд 100 жилийн түүхтэй Налайхын иргэд налайж суусаар хоцрогдох гэж үү... Үүнийг төр засаг анхааран болгоох буй заа.
Монголын уурхайчдын "Эрдэнэт-хүн" холбооны тэргүүн Арс.Ганболд