Мэндчилгээ
УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.09.29

Мэндчилгээ

Ажилтай орлоготой Монгол хүний төлөө бүтээлч сэтгэл гарган ажиллаж байгаа нийт салбарын хамт олондоо хөдөлмөрийн салбарын өдрийг тохиолдуулан салбарын өдрийн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн мэндчилж байна.

Шинэчлэлийн Засгийн газар өөрийн бүтцэд Хөдөлмөрийн яамыг тусдаа биеэ даасан хэлбэрээр байгуулан, үйл ажиллагааныхаа төвд хүнээ тавьсан бодлого явуулж, “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн яамны бодлого, үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, хувиараа хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт зэрэг хүнийг ажилтай, орлоготой байхад чиглэсэн асуудлыг нэгтгэн зангидаж, зохицуулах үүргийг хүлээлгэснээс гадна хөдөлмөрийн зах зээлийн судалгааны институт, цахим хөдөлмөрийн биржүүдийг шинээр зохион байгуулан харъяалуулсан нь бүх аймаг, сумдыг хөдөлмөр зуучлалын үйлчилгээний цахим системийг нэвтрүүлж мэдээллийн системд холбож ажилд зуучлах үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүллээ.

Өнгөрсөн хугацаанд манай салбарынхан улс , орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрийг оруулж, та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд багагүй ажлыг амжуулж хийж бүтээснийг салбарын баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Тухайлбал, 2013 онд гэхэд Хөдөлмөр-нийгмийн зөвшлийн гурван талтайгаа хамтран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард тооцсоноор 140400 төгрөг байсныг 36 хувиар нэмэгдүүлж, 192000  төгрөг болгон шинэчлэн тогтоосон; Онлайн мэдээллийн  сүлжээ буюу ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын мэдээллийн “Е-бирж”-ийг нэвтрүүлж, 141 сум, 134 хороонд 355 ширхэгийг  байршуулан ажиллуулж, үйл ажиллагаа нь тогтворжсоноор хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 110 мянган хүн шинээр бүртгүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,8 дахин нэмэгдсэн; 49331 гаруй ажлын байр бий болгох зорилтыг дэвшүүлж, 105 хувиар биелүүлэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад  33 хувиар их буюу 51917 ажлын байрыг шинээр бий болсон

Та бид улс орноо хөгжүүлэх,  иргэн бүрээ ажилтай хөдөлмөртэй, айл гэр бүлээ  орлоготой хуримтлалтай байлгахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, “Ажилтай, орлоготой Монгол хүн” Үндэсний хөтөлбөр, дагалдсан 9 дэд хөтөлбөр  1 төслийг хэрэгжүүлэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч салбарын өдрөө угтаж байна.

Улсын хэмжээнд дундаж цалинг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд үндэслэн тооцдог болсон бөгөөд I дүгээр улирлын байдлаар 762,9 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 70,6 мянган төгрөгөөр өссөн  үзүүлэлтэй байна.

Шинэчлэлийн Засгийн газар хөдөлмөрийн салбарыг нэн тэргүүнд тавьж улс орны хөгжлийн үндсэн гол хүчин зүйл  “Хөдөлмөр эрхлэлт төвтэй-хөгжлийн стратеги” гэж үзэж хөрөнгө оруулалтаар Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд Жижиг дунд үйлдвэрийн салбарт чухал ач холбогдол өгч байна. Өнөөдөр манай улсын 910,0 мянга орчим ажиллах хүчний 70,8 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байна.

Бид ажил олгогчийн хэрэгцээ, тавигдах шаардлагыг нь хангасан мэргэжлийн ур чадвар, чадамжтай мэргэжилтэй ажилтны нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улс Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэхь гишүүн улсаар 2014 оны 5 сард бүртгэгдлээ.

Монгол ур чадвар тэмцээнийг 2013, 2014 онд  2 үе шаттайгаар  Ерөнхий Сайдын ивээл доор амжилттай зохион байгуулж, тэмцээнд тэргүүлэгч нь  2015 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор  боллоо.   

Хөдөлмөрийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор Улаанбаатар хот, Төв, Зүүн, Баруун болон Хангайн бүсийн Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-ийн “Хүний нөөц, захиргааны мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх сургалт”-ыг үе шаттайгаар зохион байгуулж  үр дүнд чиглүүлсэн салбарын боловсон хүчнүүдийг чадавхижуулах сургалтуудыг хийж байна.

Хөдөлмөрийн яамны баг хамт олон Та бидний хамтдаа хийсэн ажлын үзүүлэлт Монгол улсын Засгийн газраас яамдын 2013 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээр 82,7 хувь буюу 4,13 оноогоор эхний байр эзэлснийг тэмдэглэн хэлэхэд таатай болно.

Энэхүү үнэлгээ  нь  нэг талаас Хөдөлмөрийн салбарт хүчин зүтгэж яваа нийт ажилтан, албан хаагчид та бидний хамтын хөдөлмөрийн үр бөгөөд, нөгөө талаас төр, засаг,  ард иргэдийн зүгээс илүү өндөр хариуцлагыг үүрүүлж, улам эрч далайцтай ажиллахыг даалгасан гэж ойлгогдож байна.

Иймд цаашид бид хамтдаа хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгож, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, тогтвортой, эрүүл аюулгүй ажлын байранд бүтээмжтэй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зохистой хөдөлмөрийг төлөвшүүлэх, хөдөлмөрийн үнэлэмж бодитой дээшилж, цалин хөлсний хэмжээ нь амьдрал ахуйн хэрэгцээг хангахуйц түвшинд хүрэх суурь нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллахын зэрэгцээ тус яаманд хамаарах тусгай сангуудын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээл олголтын асуудлыг иргэдэд илүү ил тод, нээлтэй болгож, иргэдийн зүгээс тавих хяналтын механизмыг бүрдүүлж ажиллах шаардлагатай байгааг та бүхэндээ сануулан хэлэхийг хүсч байна.

Мөн бид жижиг дунд үйлдвэрлэлийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг улам оновчтой болгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг томоохон үйлдвэрлэгчидтэй хоршин ажиллуулах, нэн ялангуяа уул уурхайн томоохон төслүүдтэй хоршин хамтарч ажиллах иргэд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх, өндөр ур чадвартай ажилтны тоог тогтвортой өсгөх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага-аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улс орны эдийн засагт бий болж буй өсөлтийн үр шимийг зөв хуваарилах замаар ажилтай, орлоготой Монгол хүн, өрхийн тоог нэмэгдүүлэх, амьжиргааг нь улам сайжруулах томоохон зорилт бидний өмнө тавигдаж байна.

Цаашид Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдаж, хөдөлмөрийн салбарын асуудал цогц шийдвэрлэгдэх болсонтой холбогдуулан тус салбарын тулгуур хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийг  шинэчилэн батлуулах,  төрөөс эдийн засаг, нийгмийн бусад салбарын бодлоготой уялдсан хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах нэгдсэн цогц бодлогын баримт бичиг болох “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого” – шинэчилсэн хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-ын намрын чуулганд цогцоор нь өргөн барихаар ажиллаж байна.

Та бидний хариуцан ажиллаж буй салбарын ажил Монгол улсын иргэн бүрд хамааралтайг ухамсарлаж сахилга хариуцлагыг сайжруулж, ажилтан бүр төрийн өмнө хүлээсэн үүргээ  үр дүнтэй,  сайн биелүүлэх ёстой гэдгийг Сайдын хувьд анхааруулахыг хүсч байна.

Монгол улсын иргэд гадаадад биш, эх орондоо хүссэн ажлаа хийж, амьжиргаандаа хангалттай цалин хөлс авч, өрх гэрийнхээ, цаашлаад улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, аз жаргалтай, сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө, Ажилтай, орлоготой Монгол хүний төлөө  Шинэчлэлийн Засгийн  газар цаашид улам ихийг хийх болно.

 Хүндэтгэсэн:

       УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

        ХӨДӨЛМӨРИЙН САЙД                                 Я.САНЖМЯТАВ