Х.Амгаланбаатар: Эв нэгдэл хамтын ажиллагаагаа спортын талбай дээр гаргаж байна
Монголын үйлдвэрчний эвлэлийн салбар хороод спортын төрлөөр өрсөлдөж байна. Нийт таван төрөлд хүч сорьж шилдгүүдээ тодрууллаа.
Үйлдвэрчний эвлэлийн холбооноос уламжлал болгон зохион явуулдаг шилжин явах цомын төлөөх нөхөрсөг тэмцээн боллоо. Тэмцээнийг нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын төмөр замын үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран зохион байгуулав.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “1995 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа. МҮЭХ эв нэгдэл хамтын ажиллагаагаа спортын талбай дээр гаргаж буй онцлогтой арга хэмжээ болж байна. Өнөөдрийн арга хэмжээнд МҮЭХ-ны ажлын алба, мэргэжил үйлдвэрлэлийн 13 салбарын холбоо, Нийслэлийн ҮЭХ, Монголын төмөр замчдын ҮЭХ харьяа таван байгууллагын баг тамирчид оролцож байна” гэж хэллээ.
Энэ жилийн тэмцээн гар бөмбөг, шатар, даам, ширээний теннис зэрэг төрлүүдээр зохиогдож байгаа ба тэмцээний шагналын сан урьд жилүүдийнхээс хоёр дахин өндөр аж. Энэ удаагийн тэмцээнд ахмад баг тамирчид урилгаар оролцож байгаагаараа онцлогтой юм.