Хүүхдийн анагаахын тэнхим олон талт харилцаагаа өргөжүүлнэ гэв
Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар тэргүүтэй хүмүүс оролцлоо
2014.09.30

Хүүхдийн анагаахын тэнхим олон талт харилцаагаа өргөжүүлнэ гэв

АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын бага хурал  боллоо.

Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнтуяа, АШУҮИС-ийн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн АУС-ийн Анагаахын тэнхимийн багш Д.Малчинхүү болон эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, ажилтан албан хаагчид оролцсон юм байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаа нийт төлөөлөгчдөд баяр хүргэн үг хэллээ. Тэрээр “Нийт үе үеийн төгсөгчид, эрдэмтэн, багш нарт баярын мэнд дэвшүүлэхийн ялдамд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төр засгийн тууштай бодлого, хүүхдийн тэнхим, хүүхдийн эмч нарын хичээл зүтгэлийн үр дүнд сүүлийн 20 гаруй жилд нялхсын нас баралт гурав дахин, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дөрөв дахин буурч, Монгол улс хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй улс, орны жагсаалтаас хүүхдийн өвчлөл, эндэгдэл дунд зэрэгтэй улсын эгнээнд багтсан. Энэ нь хүүхдийн анагаахын тэнхимийн эрдэмтэн багш нар, тэдний шавь нар, үе үеийн эмч, мэргэжилтний итгэл, зүтгэл, нөр их хичээнгүй хөдөлмөрийн үр шим байсан гэдгийг энд цохон тэмдэглэхэд таатай байна” гэв.

Мөн сайд олон жил манлайлан ажилласан эмч, мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол, тэмдгийг гардуулан өглөө. Тус тэнхим туулж өнгөрүүлсэн 60 жилийн хугацаандаа 2416 хүүхдийн эмч бэлтгэж, эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгсөн байна.

Хүүхдийн анагаахын тэнхим олон талт харилцаагаа өргөжүүлэн АНУ, Япон, Финлянд, Итали, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орны эрдэмтэдтэй хамтран төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, сургалт, судалгаа хийж байна.

Цаашид тус тэнхим хүүхдийн анагаахын салбартаа тэргүүлэн манлайлж, олон улсын түвшинд хүрсэн сургалт, орчин үеийн дэвшилтэт судалгаа, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна.