Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат
2014.10.01

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар паласын их танхимд дүүргийнхээ ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Уг ёслолд дүүргийн 3000 гаруй ахмад оролцсоноос гадна УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат Засаг дарга Д.Оросоо болон бусад албаны хүмүүс  хүрэлцэн ирж, ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Мөн энэ үеэр ахмад настнуудаа төрийн дээд одон медаль, хөдөлмөрийн хүндэт медаль, дүүргийн хүндэт иргэн, шилдэг гэр бүлүүдээр цөөнгүй ахмадуудыг шагнаж урамшууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар Засгийн газар болоод УИХ-ын түвшинд ахмадуудад чиглэсэн ямар бодлого баримталж, тэдэнд хандан ямар хуулиуд батлагдсан, одоо боловсруулах шатандаа яваа хуулийн талаар мэдээлэл өглөө.

Мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн 6 дугаар төвийг буулгаж, ахмадын 100 ортой эмнэлэгийг удахгүй ашиглалтанд оруулах гэж буйгаа хэллээ. Түүнчлэн Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн газрын асуудал шийдэгдсэн зэрэг олон таатай мэдээллийг ахмадууддаа хүргэсэн юм.

ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ цааш ярихдаа Ахмадын насан туршийн боловсрол хийгээд ахмадуудын хөдөлмөр эрхлэх таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч буйг онцолж байлаа.

Харин Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат  үг хэлэхдээ “ 23 хорооны 1150 ахмад настан гэрээр хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. Мөн Ахмадын чийрэгжүүлэлтийн 4 бүсийн төвийн үйл ажиллагаа тогтмол хэвийн явагдаж, 732 ахмадад үйлчилсэн байна.

Баянгол дүүрэгт 23 хорооны 1150 ахмад настан гэрээр хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

Дүүргийнхээ  1529 ахмадыг үнэ төлбөргүй амралт, сувилалд амруулсан гээд идэвхи санаачилгатай ажиллаж байгаагаа илэрхийлээд дүүргийнхээ нийт  өндөр настнууддаа эрүүл энхийг хүслээ.

Ахмадын баярыг тохиолдуулсан хүндэтгэлийн үйл ажиллагааны төгсгөлд дүүргийн удирдлагуудын зүгээс хүрэлцэн ирсэн азай буурлууддаа гарын бэлэг барьж, хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолт сонирхууллаа.