Жолоочийн хариуцлагын даатгалын талаарх дэлхийн туршлагаас ...
Хөгжсөн орнуудын нийт даатгалын зах зээлийн 30 гаруй хувийг жолоочийн албан даатгал эзэлдэг байна.
2014.10.02

Жолоочийн хариуцлагын даатгалын талаарх дэлхийн туршлагаас ...

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал /ЖХАЖД/ 1920-иод онд АНУ-д бий болж, 1940-1950-иад онд Европт өргөн дэлгэрчээ. ЖХАЖД улс орнуудад тээврийн хэрэгсэл эзэмшигчийн учруулсан хохирлыг нөхөн төлөх санхүүгийн баталгааг бий болгоход чиглэсэн нийгмийн хэм хэмжээ, түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд ашиглах санхүүгийн хэрэгсэл байдлаар хөгжиж иржээ.

АНУ

10 жилийн өмнө АНУ-д 1 237 000 машин хулгайлагджээ. Гэхдээ энэ бол 2003 онтой харьцуулахад 1,9 хувиар буурсан үзүүлэлт. Тиймээс Америкчуудын хувьд авто машинтай холбоотой даатгал нь татварын нэгэн адил заавал биелүүлэх үүрэг юм. Гэхдээ АНУ-д Европтой харьцуулахад жолоочийн хариуцлагын даатгал улс даяар албан журмын болж чадаагүй. 45 мужид энэ төрлийн даатгалыг албан журмын гэж үздэг бол үлдсэн таван мужид заавал хийлгэх албагүй. Гэхдээ дээрх таван мужийн хуулиар жолооч хүн ямар ч даатгалгүй байж болохгүй. Даатгалын багц хамгийн багадаа 500 доллар байх ёстой.

Муж болгонд даатгалын тариф харилцан адилгүй. Нэг хэсэг мужид даатгалгүй бол худалдаж авсан машинаа бүртгүүлэх боломжгүй байхад нөгөө хэсэгт нь осол гарахгүй л бол даатгалын баримт бичиг шаардахгүй байх жишээтэй. Даатгалын тарифын хувьд төрийн хяналтгүй, даатгалын компаниуд өөрсдөө тодорхойлдог. Өрсөлдөөн ширүүн байдаг учраас үйлчлүүлэгчид үнийн талаар гомдол гаргах нь цөөн. Жилийн хураамжийн хэмжээг тухайн машины үнэд суурилсан оноо болон бонусын төвөгтэй системийн дагуу тодорхойлно. Түүнчлэн өмнөх жилийн даатгалын түүхийг харгалздаг.

Дэлхийд жилд 300 мянган хүн авто машины ослоор нас барж, 7,5 сая хүн тахир дутуу хоцорч байна.

Даатгалын нөхөн төлбөрийг үндсэн гурван цифрээр тодорхойлдог. Энэ нь хохирогч болгонд учирсан биеийн болон сэтгэл санааны хохирлын хэмжээ, бүх хохирогчдод төлөх нөхөн төлбөрийн хэмжээ, эцэст нь материаллаг хохирлын хэмжээ юм. Тухайн мужаасаа хамаараад нөхөн төлбөрийн хэмжээ хамгийн багадаа 10 000/20 000/ 5 000, хамгийн ихдээ 50 000/ 100 000/25 000 доллар байдаг. Даатгалын хамгийн бага багцаар бүх хохирлыг бүрэн нөхүүлэх боломжгүй. Тухайлбал зогсоолын төлбөр, шүүхийн зардал, олох байсан ашиг гэх мэт. Америкчууд шүүхдэх дуртай учраас шүүхийн зардлын нөхөн төлбөрийн хэмжээ 100 мянган доллараас давах тохиолдол олон. Хэрэв шүүхийн зардал үндсэн нөхөн төлбөрөөс давбал даатгуулагчийн тооцоо даатгалын компани болон шүүгчид шилждэг. Тиймээс хувийн бизнес эрхэлдэг америкчууд гэнэтийн хохирлоос өөрийгөө бүрэн хамгаалахын тулд даатгалд их мөнгө зарцуулдаг.

Европын ЖХАЖД-ын зарчмууд

Европын орнуудад даатгалын ерөнхий болон тусгай нөхцлүүдийг хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэсэн дүрэм байхгүй. Харин хяналтын байгууллагын гол үүрэг бол даатгалын компаниудын санхүүгийн байдалд анхаарах. Энэ нь даатгалын хураамж нэг бол хэтэрхий өндөр, эсвэл хэтэрхий доогуур байна гэж айлтгүй гэсэн үг.

Европт даатгуулна гэдэг тун ашигтай. Даатгагч гуравдагч этгээдийн эд хөрөнгийн хохирлыг 120 орчим мянган доллар, эрүүл мэндийн хохирлыг 600 мянга хүртэл долларт багтаан нөхөн төлдөг. Зарим орны хууль дүрмэнд бүх хохирлыг барагдуулахад шаардагдах бүх мөнгийг төлдөг. Өөрөөр хэлбэл тухайн хүн осолд ороод тахир дутуу болвол насан эцэс болтол тэтгэмж олгоно гэсэн үг. Гэхдээ Европт осолд ороод насан туршдаа юу ч хийлгүй тэжээлгэе гэсэн хүн байдаггүй учраас энэ төрлийн нөхөн төлбөр жилд ердөө 40 сая еврогоос хэтэрдэггүй. Европын даатгалын компаниуд даатгуулагчдаас авсан мөнгөнийхөө 90 хувийг нөхөн төлбөрт зарцуулдаг. Тэд голдуу хураасан мөнгөнийхөө хүүгээр ашиг олдог.

Ногоон картны систем

Европын орнуудад даатгалын гэрээний нэгдсэн зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл өөрийн орондоо жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгэсэн жолооч Европын өөр оронд эрсдэлд орвол даатгалын дүрэм адилхан үйлчилж хохирлоо төлүүлэх боломжтой. Учир нь Европын орнууд “Ногоон карт” хэмээн нэрлэгддэг ЖХАЖД-ын нэгдсэн системтэй. Европын холбооны улсуудад ЖХАЖД эрхэлдэг бүх даатгалын компаниуд автоматаар Ногоон картны гишүүн болдог.

Европын орон болгонд Баталгаат Сан гэж бий. Уг сангийн хөрөнгийг даатгуулаагүй, эсвэл бүртгэгдээгүй машинаас үүдсэн хохирлыг төлөхөд зориулдаг. Даатгалын зах зээл дээр ажиллаж буй бүх даатгагчид автоматаар Баталгаат Сангийн гишүүн болдог.

ОХУ

ЗХУ-д ийм даатгалыг бий болгох тухай 1960-аад онд яригдаж байсан ч хууль нь батлагдаагүй байна. Хожим 1993 онд асуудал дахин яригдаж 10 жилийн дараа хуулийг баталж байжээ.

2013 он гэхэд ОХУ-д даатгалтай машины тоо хоёр дахин өсч, шинээр зарагдаж буй машины 95 хувь нь эзэндээ очих мөчид даатгагдсан байдаг болжээ. Тиймээс авто даатгал Оросын даатгалын зах зээл дотроос хамгийн эрчимтэй хөгжиж буй сектор юм. Оросод нийт 53,3 сая авто машин байдгийн 42,7 сая нь ЖХАЖД-тай.

Даатгалын энэхүү секторт «Росгосстрах», «РЕСО-Гарантия», «Ингосстрах» зэрэг компаниуд тэргүүлдэг.

Япон

Японд хамгийн багадаа жилийн хугацаагаар даатгадаг. Суудлын автомашиныг 12, 13, 24, 25, 36, 37 сараар даатгадаг аж. Европоос ялгаатай нь Японд даатгалын нөхөн төлбөрийг хуулиар зохицуулдаг. Хуулийн дагуу тухайн хүн авто замын осолд ороод бэртсэн бол бэртлийн зэргээс шалтгаалж нөхөн төлбөр олгоно. Хэрэв тахир дутуу болсон бол 270 мянган доллар төлдөг.

Хамгийн сонирхолтой нь Японы ЖХАЖД зөвхөн хүний биед учирсан хохиролд хамаатай. Өөрөөр хэлбэл жолооч ослын буруутан болж бусад хүмүүс гэмтэж бэртвэл даатгагчид жолоочид бус бэртсэн хүмүүст нөхөн төлбөр олгодог. Түүнээс гадна эвдэрсэн автомашинд нөхөн төлбөр өгөхгүй. Япончуудын сэтгэл зүйн онцлог хуулиндаа туссан нь энэ.

Өөр нэг онцлог. Аваар гарсан тохиолдолд буруутай жолооч, жолоочийн хамаатан садан, машинаа өөр хүнд өгч явуулсан машины эзний аль нь ч нөхөн төлбөр авна гэж горьдолтгүй. Жишээ нь аав, хүү хоёр машинтайгаа явж байгаад осолдвол, тэр байтугай нас барсан ч мөнгө авах ёсгүй. Харин аав, хүү хоёртой хамт явсан хөндлөнгийн зорчигчдод нөхөн төлбөр олгоно.

Албан журмын даатгалыг голдуу техникийн үзлэгтэй хамтад нь хийдэг.

Олонхи япончууд албан журмын даатгалаас гадна хулгай, байгалийн аюулт үзэгдлээс сэргийлж нэмэлт даатгал хийлгэдэг.