“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 31 дэх удаагийн цахим хурлыг хийлээ.
2014.10.07

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 31 дэх удаагийн цахим хурлыг өчигдөр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд хийлээ. Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн,  Хүүхдийн төв сувиллын захирал Э.Буянмандах,  3-р төрөх эмнэлгийн дарга Д.Бат-Очир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа нар оролцлоо. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хурлыг нээж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлууд, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сүүлийн долоо хоногийн байдлаар танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 1638 хүүхэд мэндэлжээ.   

Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлаас цухас дурдвал, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр,“Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалт, Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 322 дугаар тушаал гарсны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах  тоноглогдсон 5 автомашиныг Дорнод аймгийн БОЭТ, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагаанууд боллоо. 

Олон улсын ахмадын өдрийг 10 дугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 24 жил болж байгаа. Энэ жил НҮБ-аас Олон улсын ахмадын баярын өдрийг “Хэнийг ч бүү орхигдуул, Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжье” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан. Манай улс энэхүү уриан дор нэгдэн Олон улсын ахмадын өдрийг ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд тэмдэглэж байна.  

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд орон нутгийн захиргааны байгууллагыг оролцуулж байх шаардлагатай гэдгийг салбарын сайд дахин онцоллоо. Яамнаас аймгийн Засаг дарга нарт хамтран ажиллах Түншлэлийн баримт бичгийг ойрын хугацаанд хүргүүлэхээр болсоноо дуулгалаа. Мөн ирэх оноос эмийн нэгдсэн худалдан авалтын бодлогыг хэрэгжүүлэхээр болсон.

Ингэснээр төсөв хэмнэх тооцоо байгааг хэллээ. Эцэг, эхийн хараа, хяналт, хариуцлагагүйгээс бага насны хүүхэд золгүй байдлаар эндэх явдал буурахгүй байгааг хаа хаанаа анхаарах шаардлагатайг онцоллоо.Түүнчлэн 20 орчим сумдын эмнэлгийн уурын зуух, барилгын их засварын ажил хийгдэж байгааг дуулгаад, өвөл хаяанд ирсэн энэ үед шуурхай гүйцэтгэж, хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч хүмүүст санууллаа. 

Хүүхдийн төв сувиллын захирал Э.Буянмандах “Хүүхдийн сувиллын үйлчилгээг эрчимжүүлэх тухай эрүүл мэндийн сайдын 236 дугаар тушаал”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Хүүхдийн төв сувилалд хоол тэжээлийн хурц болон архаг дутлаас үүдэлтэй сульдаа, тураал, цус багадалт зэрэг суурь өвчтэй 3 хүртэлх насны хүүхдийг сувилах, чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажилласан байна. Тус сувиллын хамт олноос хүүхдийн хооллолт, асаргааны талаар 360735 утаснаас мэдээлэл авч болох юм байна. 

Цахим хуралд Ховд аймгийн эрүүл мэндийн газрын дарга Д.Цээпил оролцож, “Эх,хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өөрийн аймгийнхаа хийсэн ажлын талаар танилцууллаа. Тус аймгийн эрүүл мэндийн газар 8 зорилт, 45 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.

Тус аймаг нь эмч, мэргэжилтэнг чадавхижуулах, материаллаг нөхцөлийг сайжруулах, чанартай, хүртээмжтэй, аюулгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцлийг дээшлүүлэх талаар хангалттай үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ч харамсалтай нь эхний хагас жилийн байдлаар перинаталь эндэгдэл, нялхасын болон бага насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл буураагүй байна. 

ЭМЯ-ны НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл дэлхий нийтийг түгшээж буй Эбола вируст халдвар болон манай орны томуугийн өвчлөлийн талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Эбола вируст халдварын дэгдэлт, (10 дугаар сарын 01-ны байдлаар) 7178 өвчилж, 3338 нас бараад байна. Үүнээс 377 эмнэлгийн ажилтан халдвар авч, 216 ажилтан нас барчээ. Гвиней, Либери, Сьерре-Леон, Нигери, Сенегал, БНАКУ гэсэн баруун Африкийн 6 улсад энэхүү өвчин хамгийн их тархалттай байна. Өвчтөний цус болон биеийн шингэнтэй шууд хавьтал болох, зүү, тариураар дамжих, Африкийн улсуудад зэрлэг амьтдыг нядлах үед, мөн сарьсан багваахайнаас халдвар тархдаг байна. Вирусийн халдварт өвчнүүд улс орон дамжин бүртгэгдэж байгаа үед бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж ажиллахыг анхааруулж, тодорхой зөвлөмжийг танилцууллаа. 

Томуу, томуу төст өвчний тухайд, Монгол улсын хэмжээнд 157,912 хүн амбулаториор үйлчлүүлсний 7,094 (4.5%) нь ТТӨ-тэй ба өмнөх 7 хоногоос 0.2%, өнгөрсөн оноос 0.1%-иар их, 10,000 хүн амд 26.3 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 3.1, өмнөх оны мөн үеэс 3.5 тохиолдлоор тус тус их байна. Иймд, 

• Томуу, томуу төст өвчинтэй холбоотой тушаал, зааврыг хэрэгжүүлэн ажиллах тархвар судлалын заалтаар эмч, ажилтнуудыг вакцинд хамруулах 

• Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах (эмийн болон халдваргүйтгэлийн бодисын нөөц) 

• Хүн амд зориулсан мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлэхийг эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага хамт олонд захилаа. 

Дараагийн цахим хурлаар Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хийсэн ажил, ололт, туршлагаа танилцуулахаар тогтсоноор хурал өндөрлөв.