С.Одонтуяа: Бүлгийн гишүүд бүтцийн өөрчлөлтийг чамбайруулах нь гэсэн саналд нэгдсэн
УИХ-ын гишүун, АН- н бүлгийн дэд дарга С.Одонтуяа
2014.10.03

С.Одонтуяа: Бүлгийн гишүүд бүтцийн өөрчлөлтийг чамбайруулах нь гэсэн саналд нэгдсэн

УИХ-ын гишүүн, АН-н бүлгийн дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-Энэ намрын улс төр эрчимтэй эхэлж байна. Ерөнхий сайд түрүүхэн (өчигдөр) 3асгийн газрын бүтцэд хэрхэн өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ. АН-ын бүлэг ч энэ асуудлаар хуралдсан байх. Бүлгийн гишүүд ямар байр суурьт нэгдэв?

-Засгийн газрын бүтцийн талаар АН-ын бүлэг хуралдлаа. Бүлгийн гишүүдийн олонхи бүтцийн шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс бид яамдын бүтэц өөрчлөгдөж байгаа энэ асуудалд нэлээд ажиллах болох нь. Гишүүдийн зүгээс “Нэгэнт ингэж бүтцийн өөрчлөлт хийж байгаа юм чинь чамбайруулах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байна.

-Дотроо хэр их зөрчилтэй байна?

-АН асуудлаа олон талаас нь ил тод ярьж шийдэх чадвартай нам. Санал зөрөх асуудлууд байж л байдаг. Зөрчил байж хөгжил байна.

-Эрчим хүчний яамыг Уул уурхайн яамтай, Зам тээврийн яамыг Барилга, хот байгуулалтын яамтай нэгтгэх асуудалд гишүүд санал зөрөлдөв үү?

-Монгол Улсын хамгийн чухал том салбар бол яах аргагүй уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр. Ийм гол үүрэгтэй яамдыг нийлүүлж байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Нөгөөтэйгүүр бид гадны хөрөнгө оруулагчдад амлачихсан шүү дээ. “Манай уул уурхайн салбар тогтвортой байх болно” гэж.

 Аливаа улс орны эрчим хүчний салбар 10-15 жилээр түрүүлж хөгжиж байх ёстой

Гэтэл маргааш нь дахиад энэ яам хөдөлгөөнд орж бужигнахаар гадны хөрөнгө оруулагчдын биднийг үнэлэх үнэлэмж улам буурч, итгэл нь алдарна. Эрчим хүчний салбар бол маш чухал. Аливаа улс орны эрчим хүчний салбар 10-15 жилээр түрүүлж хөгжиж байх ёстой. Гэтэл манайх өнөөдрийнхөө эрчим хүчний асуудлыг шийдэж чадахгүй байна. Тэгээд ч энэ хоёр том яамыг нэгтгэснээр ажил нь дээрдэх биш улам дордох вий гэж сэтгэл зовниж байна.

-Ингэхэд та бүтцийн өөрчлөлтийн талаар ямар бодолтой байна?

-Ер нь  бол бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй. Би хувьдаа дэндүү оройтож энэ асуудлыг оруулж ирлээ гэж харж байгаа. Уг нь Ерөнхийлөгч “давхар дээл”- ний тухай хөндөхөд бүтцийн өөрчлөлтийг хийчих ёстой байсан юм. Хугацаа алдах тусам асуудал дээрдэх биш дордож байна шүү дээ.

-Энэ бүтцийн өөрчлөлтөөр үндсэндээ зургаан яам хөдлөх нь. Дагаад томилгооны асуудал яригдана. Тэгвэл АН-ын бүлгийн хурлаар энэ тухай хөндсөн болов уу?

-Бүлгийн хурал дээр хэн нэгэн хувь хүний тухай яриагүй. Нэгэнт бүтцийн өөрчлөлтийг хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй гэж байгаа юм. Эхлээд бүтцээ баталж  дараа нь хүний асуудлыг ярих хэрэгтэй. Хүндээ тааруулж яам бий болгоно гэж юу байхав.

-Чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудал байсан. Гэтэл Засгийн газрын гишүүний асуудлыг хэлэлцэхээс өмнө Ерөнхий сайд яаравчлан бүтцийн өөрчлөлтөө оруулж ирлээ. Н.Батбаяр сайдыг авч үлдэх гэсэн гаргалаа гэж харах нэг хэсэг байхад дэд сайд О.Чулуунбатыг Сангийн сайд болно гэсэн таамаг ч байсан. Энэ тал дээр танд ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Манай бүлэг хуралдаад “Н.Батбаяр сайдын тухайд бол яам нь бүтцийн өөрчлөлт орж байгаа болохоор заавал сайдын асуудлыг тусгайд нь авч хэлэлцэх шаардлагагүй гэж зарим гишүүд үзэж байгаа. Бусад яамдын сайд бол таамаг төдий байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс “Давхар дээлний асуудалд онцгой анхаарна шүү” гэсэн үүрэг чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн.

Ер нь бол чуулган, байнгын хороодын хуралдаан дээр яамны ажлууд нь давхцаад ирц бүрдэхгүй байх зовлон бий. Тэгэхээр нэлээд хэд нь давхар дээлээ тайлах нь зүйтэй. Тэглээ гээд хөлдөөд үхчихгүй. УИХ-ын гишүүний хувьд хийх ажил их байна. Ард түмэн ч үүнийг хүлээж байгаа.

-Улс орны эдийн засаг хүндэрлээ гэж хаа, хаанаа ярьж байна. Та ч бас “Эдийн засгийн онц байдал тогтоох ёстой” гэж хэлж байсан. Бид яагаад ийм байдалд хүрчихэв. Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Энэ Засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн. Сүүлийн таван Засгийн газрын хийж байсантай тэнцэх хэмжээний замыг хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулж чадлаа. Мөн хотын замын түгжрэл, иргэдийн бухимдал дагуулаад байсан асуудлыг “Гудамж" төслийн хүрээнд шийдэж чадлаа. Иргэдэд олон төрлийн лавлагааг олгодог ТҮЦ машин гээд мэдээлэл технологийн дэвшлийг ашигласан олон чухал зүйлийг хийсэн.

Гэвч бид АН-д иргэд яагаад сонголтоо өгөв гээд үзэхээр биднээс цоо шинэ шинэчлэлийг хүсэн хүлээж байсан. Нэгдүгээрт, төрийн хэт данхайсан бүтэц, орон тоо, төрийн албан байгууллага, дарга нарийн хэт тансаглал, үрэлгэн байдлыг өөрчилнө гэж найдсан. Бид өөрчилж чадсангүй. Харин ч улам данхайсан.

Энэ Засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн

Хоёрдугаарт, төрийн байгууллагын хүнд суртлыг хална гэж найдсан. Бас л эсрэгээрээ, ажил явахгүй байна. Гуравдугаарт, хувийн хэвшлээ дэмжээд бондоос мөнгө өгөөд байна л гэнэ. Өгөх шийдвэр нь гарчихаад олон сар жилийн нүүрийг үздэг.

Хэдэн безнесмэнүүд нь бизнесээ хийх биш яамдын үүд сахиастай. Дөрөвдүгээрт, яам бодлого боловсруулдаг биш хэн хэнд хэдий зээл, тендэр өгөх үү гээд хуваарилаад сууж байна. Сүүлдээ Монголбанк шийддэг болж байх жишээтэй. Гол алдаа нь Шинэчлэлийн Засгийн газар ажлаа авангуутаа бодит байдлыг ард түмэнд хэлчих ёстой байсан юм.

“Нөхцөл байдал хүнд байна, цаашид улам хүндэрнэ. Цоо шинэ эдийн засгийн бодлого явуулъя, өөрсдөө хийж бүтээхгүй бол явахгүй юм, бүх шатандаа хэмнэлтийн горимд орж ажиллан өөрсдийнхөө бүтээж хөдөлмөрлөх эдийн засгийн эрмэлзлийг сэргээж ажиллах ёстой байсан юм. Гэтэл өмнөх засгийн тансагладаг байдлыг Шинэчлэлийн Засгийн газар үргэлжлүүлээд явсан.

Эдийн засаг төсөв мөнгөтэй байх үеийн арга барилаар ажиллаж, тун ойрын үед сайжруулна гэж амлаад байсан нь эргээд хүндрэлд оруулж байна. Бид зээлд дэндүү найдаж амьдарч байна. Бусад орны эдийн засгийг харахад төслийн үр өгөөжийг тооцож, тодорхой төсөлд мөнгө босгож байна.

Харин бид орж ирсэн мөнгөө буцаан төлөгдөх зүйлд зарцуулж чадсангүй. Манай яамд бодлого гаргахгүй, аж ахуйн ажил хийдэг болчихож бүтцийн өөрчлөлтөөр яамд маань бодлогоо боловсрууладаг цомхон болох ёстой. Хэдийгээр шинэ ажил санаачлаад хийгээд байгаа боловч ард иргэдийн амьдрал өмнөхөөсөө доройтоод байхаар иргэд бухимдаад байна.

-Энэ оны төсвийг батлахдаа ам.долларыг 1384 төгрөгт барихаар тусгасан. Гэтэл өнгөрсөн хавраас хойш 1800-гаас буусангүй. Гадны хөрөнгө оруулалт гацсанаас болж валютын хомсдол бий болж,  эдийн засаг доройтлоо гэж байна. Ер нь юун дээрээ анхаарах ёстой вэ?

-Монгол Улсын нөхцөл байдалд таарсан эдийн засгийн зөв модел гаргаж ирэх ёстой. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг тоймлоод харахаар макро эдийн засгийн үндсэн тэнцлүүд суларсан байна.

Цаашид энэ нь улам алдагдах хандлагатай байгаа. Бид төсвийн сахилга, менежментийг сайжруулахгүй бол хөрөнгө оруулалтын үр өгөөж улам л муудна.Тэгэхээр бид урт хугацааны эдийн засгийн бодлогоо тодорхойлоод үүнтэйгээ уялдуулаад хөрөнгө оруулалтуудаа хийх ёстой. Манайд судалгаа шинжилгээнд суурилна гэсэн юм ерөөсөө алга.

Бид төсөв болон хөрөнгө оруулалтаа батлахдаа дандаа сэтгэлийн хөөрлөөр баталдаг. Нэгдсэн төсөв батлахад улс орны хэмжээний төсөв тэнд яригдахгүй байна.

Монгол Улсын хаана ямар хэмжээний хөрөнгө оруулалт оруулах ёстой, ач холбогдлын эрэмбэ дараалал ямар байгааг ярихын оронд гишүүд зөвхөн сонгогдсон тойрогтоо анхаардаг. Тэгэхээр нэгдсэн төсвийг батлахад мэргэжлийн байгууллагууд зөвлөмж гаргадаг болох хэрэгтэй. УИХ- ын гишүүд тэр зөвлөмжийг харж байж нэгдсэн төсвөө баталдаг байх хэрэгтэй. Тэрнээс гишүүд нэг, хоёр обьект барьж орж байгаа нь явцгүй.

-Хөрөнгө оруулалтын тухай багц хуулиуд батлагдсан. Гэвч. хөрөнгө оруулагчид төдийлөн манайхыг чиглэхгүй байна. Энэ намрын чуулганаар Татварын тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль зэргийг хэлэлцэнэ. Эдгээр хуулиудад та хэр зэрэг ач холбогдол өгч байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль гээд үндсэн чухал хуулиудаа баталсан.Мөн уул уурхайн салбарт Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан байгаа.

Хөрөнгө оруулагчдыг үргээх биш харин ч дэмжсэн хуулийг баталж, хууль эрх зүйн орчноо сайжруулсан. Ялангуяа дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын шүүмжлээд байдаг төрийн оролцоог хязгаарлаж өглөө. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орууллаа. Газрын тосны тухай хуулиа баталж чадлаа.

Энэ намрын чуулганаар татварын тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулийг бид баталж чадвал далд эдийн засгийг хумихад чухал үүрэгтэй. НӨАТ- ыг буцаан олгоно гэдэг бол далд эдийн засгийг багасгах, иргэдийн татвар төлөх ухамсар, боловсролд чухлаар нөлөөлөх юм. Апиваа шинэчлэлийг хийхдээ сэтгэхүйн шинэчлэлийг хөгжүүлж байхгүй бол үр дүнд хүрэхгүй.

-Хаврын чуулган завсарласан гурван сарын хугацаанд та ямар ажил амжуулсан бэ?

-Тойрогтоо  нэлээд ажиллалаа. Эрүүл мэндийн хуулийн төслийг гишүүдтэйгээ хамтарч санаачилсан. Энэ хуулийн төслийг өргөн ба рихаар бэлтгэлээ. Хөрөнгө оруулалтуудын явц, хэрэгжилттэй нарийн танилцлаа.

Баянгол дүүргийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байна

Удахгүй ашиглалтад орох Баянгол дүүргийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Энэ эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулахын тулд аливаа гацаж байгаа асуудлыг цаг алдалгүй шийдүүлэхэд анхаарлаа хандуулж, ажиллаж байна.

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль энэ салбарт ямар шинэчлэл авчрах вэ?

-Энэ салбарыг бид олон жил эдийн засгийн нүдээр харахгүй ирсэн юм байна. Хамаг ачааг эмч нарынхаа нуруун дээр үүрүүлж ирсэн. Тэд хүндээ үйлчилж, өөрийнхөө мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд голлон анхаарах байтал аж ахуйн ажлаа шийдэх гэж хамаг цагаа үрж байна. Манай улсын урдаа барьдаг алтан гартай эмч нараа эмнэлгийн даргатай эмч нараа эмнэлгийн даргаар тавьчихаад аж ахуйн ажил шийдүүлэх гэж яам тамгын газрын үүд сахиулдаг.

Энэ ажлыг чинь менежерүүд хийж, эмч нарынхаа ажиллах юм. Тиймээс энэ салбарын эдийн засаг болон хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дөрвөн үндсэн чиглэлээр харж байна. Эрх зүйн орчны, санхүүгийн, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн, хүний нөөцийн шинэчлэл гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр харж байгаа.

Иргэн хүн өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын тулд өөрөөсөө 35-45 хувийг төлж байна. Харин дэлхийн жишигт бол 25 хувийг төлөхөд л ард иргэдийг санхүүгийн эрсдэлд оруулна гэсэн тооцоо байдаг.

Өнөөдөр төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагыг улс төрөөс хараат бус, бизнесийн орчинд бие даасан, тогтвортой ажиллах хууль эрх зүйн орчныг бий болгоно. Өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг зах зээлийн харилцаанд тэгш оролцох боломжоор хангах, улмаар зөвхөн тусламж үйлчилгээнийхээ чанараар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм.

-Туул голын бохирдлын асуудалтай холбоотой Ерөнхий сайдад хандсан гэв үү?

-Би сошиал медиад нэлээд идэвхтэй ажилладаг хүн. Тиймээс хүмүүсийн гаргаж байгаа с

Туул гол орчмын арьс ширний үйлдвэрүүд нэлээд бохирдуулж байна

аналыг сонсдог.' Туул голын бохирдлын асуудлыг олон нийт нэг биш, хэдэн жилийн өмнөөс ярьж байгаа. Би НИТХ-д төлөөлөгч байх үедээ ч энэ асуудалд сэтгэл зовж ярьдаг байсан.

Туул гол орчмын арьс ширний үйлдвэрүүд нэлээд бохирдуулж байна. Үүнийг газар дээр нь очоод нэг бүрчлэн үзлээ л дээ. Эдгээр байгууллагууд цэвэрлэх байгууламжтай гэрээтэй ажилладаг юм билээ. Энэ дагуу бохирыг 92-98 хувь цэвэршүүлээд Туул голд цутгах ёстой байтал ердөө 52 хувийг нь цэвэршүүлдэг юм байна. Мөн “Харгиа" цэвэрлэх байгууламжийг хувьчилж авсан байгууллага  нь бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломжгүй болсон.

Тиймээс нийслэл захирамж гаргаад үүнийг хувийн компаниас авсан. Нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Одоо Японы “Жайка” байгууллага “Харгиа”- гийн ТЭЗҮ-г хийж байгаа гэсэн. Туул голд хариуцаж байгаа байцаагчид бидэнд байнга санал ирүүлж байна. Тэдэнд улсын байцаагчийн эрх өгдөггүй юм байна л даа. Энэ нь байцаагч нарыг торгууль тавиад ажиллахад хүндрэлтэй байдаг. Энэ зэрэг асуудлаар Ерөнхий сайдад уламжилсан байгаа.

-Таныг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд шаардлага хүргүүллээ гэж сонслоо. Юун тухай юм бол?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын 218 дугаар тушаалаар эргүүл жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг албан хаагчдын хоногийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоосон байсанюм байна. Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, хээрийн сургууль гээд сургалтад хамрагдсан хүмүүст 24 цагийн турш 5000 төгрөг өгдөг байж.

Гэтэл НЦГ-ын даргын 2014 оны зургадугаар сарын 9-ний өдрийн албан даалгавраар хоолны зардлыг багасгаад 2500 төгрөг болгочихож. Энэ бол эрүүл мэндэд нь ноцтой нөлөөлөх асуудал гэдэг үүднээс Х.Тэмүүжин сайдад асуудлыг тавьсан. Бид 2015 оныхоо төсвийг хэлэлцэх үед бусад өөр зүйл дээр хэмнэлтээ хийгээд цагдаагийн ажилчдын бүрэлдэхүүний хоолны мөнгийг хасуулахгүй байх талаар ярьж байна. Энэ нь хэдийгээр жижиг дүн  мэт боловч маш олон албан хаагчдын асуудал юм.