Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн нээлтэд оролцов
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвданы санаачлагаар бүтээн босгосон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2014.08.28/ болов.
Энэхүү эмнэлгийн барилга нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны дэмжлэгээр болон бусад сайн санаат хүмүүсийн хандив, тусламжаар баригдаж ашиглалтад орж байна.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар болон хандив тусламж үзүүлсэн дотоод, гадаадын мянга мянган нигүүлсэнгүй үйлстнүүдийн төлөөлөл оролцлоо.
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлж олон мянган бяцхан үрсийг эрүүл энх болгохын төлөө бүхий л хүчин чадлаа зориулан буяны үйлсэд оролцсон сайн санаат хүмүүсийн өглөг хандиваас бүтсэн энэхүү эмнэлэг ашиглалтанд орж байгаад туйлын их баярлаж буйгаа онцлов.
Тэрбээр сайн санаат хүмүүсийн өглөг хандиваас бүтсэн энэхүү эмнэлэг ашиглалтанд орж байгаад туйлын их баярлаж буйгаа онцлов
Мөн тэрээр "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг"-ийн барилга нь хүүхдийн зүрхний ангиографи /катетер/-ийн орчин үеийн лабораторитой. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн “Siemens” брендийн хоёр туйлт иж бүрдэл тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 9-нд анх барилгын суурийг тавьж ийнхүү хоёр жилийн дотор хүүхдийн эмнэлэгээ ашиглалтад оруулж байна.
Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт гүнээ талархаж байна. Мөн Тайвань, Сингапур, БНХАУ, Япон, АНУ-аас өглөг хандив ирүүлсэн, энэхүү үйлсэд оролцсон бүх буянтай үйлстэн бүхэнд талархаж арван цагаан буян арван зүгт дэлгэрэх болтугай хэмээн ерөөл өргөв.
Хүүхдийн эмнэлэг нь гурав буюу зургаан давхар бүхий хоёр үндсэн байгууламжаас бүрджээ. Зургаан давхар бүхий эмнэлгийн тусламж үзүүлэх барилга нь 25 ортой нярайн эмчилгээний тасаг, 50 ортой цусны эмгэг, хавдар судлалын тасаг, нярайн болон хавдрын мэс заслын хэсэг, оношлогоо эмчилгээний хэсэг, хөнгөвчлөх эмчилгээний хэсгээс бүрдэж байна.
Харин гурван давхар эмнэлэгийн барилгыг сургалт, судалгаа, зочин, эмч, мэргэжилтнүүдийн байр байхаар тохижуулсан байна