Г.Баярсайхан: Шаардлагатай бол ОХУ-аас буудай импортлох зөвшөөрлийг цуцлана
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.10.08

Г.Баярсайхан: Шаардлагатай бол ОХУ-аас буудай импортлох зөвшөөрлийг цуцлана

Өнгөрсөн есдүгээр сард тариаланчид буудайн үнийг салбарын яам унагаж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж тариалангийн талбайд жагссан бол өнөөдөр харин буудайн импортыг зогсооход анхаарахыг хүсч УИХ-д ханджээ. Энэ талаар бид УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаас тодрууллаа.

-Тариаланчид, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хооронд үүсэн үл ойлголцол эцэстээ УИХ-д ирж, Байнгын хороо асуудлыг хэлэлцэхээр болоод байна. Та өнөөдөр яамны удирдлагууд, тариаланчдын холбоо гээд тал, талын төлөөллийн байр суурийг сонссон. Байдал яг ямар байна вэ. Үнэхээр Монгол Улс одооноос эхэлж улаан буудай импортоор авахгүй бол ирэх жилийн гурилын хэрэгцээгээ хангахгүй болчихоод байгаа юм уу?

Ургацын балансыг харахад Монгол Улс энэ намар 450 мянга гаруй тонн улаан буудай хурааж авахаар байна. Энэ нь гурилын хэрэгцээгээ дотоодоос хангах бүрэн бололцоотойг харуулж байгаа дүн юм. Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн яам улаан буудай импортлох шийдвэр гаргасан нь бодлого алдагдсантай л холбоотой.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхан буудай импортоор авах болсон шалтгаанаа газар тариалангийн салбарт баримтлах бодлогогүй болсонтой холбоотой гэж тайлбарласан хэрэг үү?

Тэгж мушгиж болохгүй, бодит байдал үүнийг нотлоод байна шүү дээ.  Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудайг тариаланчид хураан авах нь тодорхой байхад салбарын яамны удирдлага нь Үндэсний зөвлөмжийн дагуу гадаадаас буудай импортолно гэж байгаа нь бодлого үүргээ гүйцэтгэх боломжгүй болсонтой холбоотой. Өөрсдийн бүтээснээ маргааш нь нурааж байгаатай ижил зүйл болчихоод байна шүү дээ.

-Нийт хэчнээн мянган тонн улаан буудай импортлох шийдвэр гаргасан байдаг юм бол?

Албан ёсоор 49 мянган тонн улаан буудай, 50 мянган тонн гурил импортлох зөвшөөрлийг салбарын яамнаас олгосон байна. Тариаланчдын төлөөллийн яриагаар бол 100 мянган тонн улаан буудай импортлохоор болсон гэсэн. Хэрвээ ийм шийдвэр гаргасан бол маш ноцтой асуудал. Улаан буудай стратегийн чухал бүтээгдэхүүн. Улс орнууд энэхүү стратегийн чухал бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах бодлого барьдаг. Экологийн аюулгүй хүнсээр иргэдээ хангах гэдэг агуулгаараа.

Харин манай Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбараар бол хямдыг харж, улаан буудай импортлох шийдвэр гаргасан байгаа юм. Хямдыг харвал бид дотооддоо улаан буудай тариалах шаардлагагүй. Өмнөд хөршийн зах зээлд хүний эрүүл мэндэд хортой хямд үнэтэй гурил их байна.  Тэгэхээр хямдыг харсан гэдэг нь Монголын төр газар тариалангийн салбараа тараагаад урд хөршөөс буудай импортлоё гэсэнтэй агаар нэг зүйл л дээ.

Энэ буруу. Монголын төр дотоодынхоо үйлдвэрлэлээр гурил, буудайн хэрэгцээгээ хангах ёстой. Илүүдлээ гадаадад экспортлох ёстой. Гэхдээ гурилын үнэ тогтвортой байх ёстой, заавал хямд байна гэж хэлэхгүй. Бүхнийг хямд байлгана гэвэл инфляци өндөр үед тариаланчид энэ давалгааг давж чадахгүй.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан газар тариалан эрхлэгчидтэй уулзах үеэр

-Дотоодоосоо улаан буудай, гурилын хэрэгцээгээ хангах боломжтой байхад буудай импортлох зөвшөөрлийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гаргаж, цуцлах боломж байгаа юу?

Гурил, буудай импортлох зөвшөөрлийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны удирдлага гаргаж, Төрийн нарийн бичгийн дарга нь гарын үсэг зурсан байна. Маргааш бид байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэрээ хэр эрх зүйн чадамжтай, хуульд нийцэж ийм шийдвэрийг гаргав гэдгийг ярина.

Ер нь гурил, буудай импортлох нь зөв үү гэдгийг ярилцана. Хэрвээ зогсоох шаардлагатай байх юм бол байнгын хорооноос Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд улаан буудай, гурилын импортыг зогсоох үүрэг өгнө. Дотоодын үйлдвэрлэгчиддээ төр уян хатан хандах ёстой. Гадаадын үйлдвэрлэгчийг дэмжих бус дотоодын үйлдвэрлэгчээ дэмжих ёстой.

Улаан буудай чанарын шаардлага хангахгүй байна гэх юм?

Монголын улаан буудайн 60 хувь чанарын шаардлага хангахгүй байна гэж Төрийн нарийн бичгийн дарга Золжаргал ярьсан. Улаан буудайн тэн хагасаас илүү нь чанаргүй байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ жилийн гурил, будааны цавуулаг 27-30 хувь байгаа, энэ бол чанартай байгаагийн баталгаа. Ийм байхад гурилын чанарыг сайжруулна гадаадаас цавуулаг сайтай өндөр буудай оруулж ирнэ гэж болохгүй.

Цаг агаараас шалтгаалж цавуулаг багатай буудай хураадаг, мөн ургац муутай жил буудай, гурил импортлох шаардлага үүсдэг. Энэ жилийн хувьд тийм асуудал байхгүй. Гэхдээ бидэнд ирсэн мэдээллээр одоо импортоор оруулж ирж байгаа буудай шаардлага хангахгүй байгаа. Төрийн нэр барьсан бизнес яваад байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа.

-Улсын нөөцөд худалдан авах буудайн үнэ дээр зохицсон юм болов уу?

Тонн буудай 550 мянган төгрөг дээр тогтсон гэсэн.