Л.Төмөрбаатар: Тендер гэж маш будлиантай асуудал байна
СХД-ийн 24 дүгээр хорооны Засаг дарга Л.Төмөрбаатар
2014.10.10

Л.Төмөрбаатар: Тендер гэж маш будлиантай асуудал байна

СХД-ийн 24 дүгээр хорооны Засаг дарга Л.Төмөрбаатартай тус хороонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил болон тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцлаа.

- СХД-ийн 24 дүгээр хороонд сүүлийн үед ямар бүтээн байгуулалт өрнөж байна вэ?

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд дөрвөн ажлыг хийхээр тусгаснаас хоёр ажил бүрэн гүйцэтгэлтэй байна.  2014 онд найман ажил төлөвлөснөөс зургааг нь хэрэгжүүлсэн. Тухайлбал Шороотын амны зуслан, Зээлийн гуравдугаар гудамжинд тус бүр нь 45 сая төгрөгний өртөгтэй хоёр гүний худаг бариуллаа. Мөн гурван газарт гүүр тавих ажлыг эхлүүллээ. Нэг гүүрний төсөв 22 орчим сая төгрөг.

 Бага сургууль барих төсөв, зураг төсөл нь шийдэгдсэн. Тендер зарлах үлдээд байгаа. 2015 онд хажуудаа цэцэрлэгтэй бага сургууль ашиглалтад орчих болов уу гэсэн найдлага тавьж байна.

Уг нь 2011 онд 670 хүүхдийн  сургуулийн барилгын ажил эхэлсэн ч Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр барилгын ажлыг 70 хувьтай байхад нь царцаасан. Дараа жилийн төсөвт суулгуулахаар хөөцөлдөж байгаа.

Иргэдээ эрүүл аюулгүй байлгах үүднээс жалга бүрт эко эргүүлийг 7-10 сард ажиллуулж байна. 10 эко эргүүл ил задгай хаясан, энд тэнд хуралдсан хогийг цэвэрлэж ачуулдаг. Нэг хүний сарын урамшуулал 192 мянган төгрөг. Мөн дулааны улиралд хоёр хүнийг зуслангийн бүсэд ажиллуулахын зэрэгцээ тусгайлсан хогийн цэгүүд байгуулсан.

Түүнчлэн 260 гэрэлтүүлэг тавих асуудал шийдэгдэж зураг төслийг НЗА-д хүлээлгэж өгсөн. Одоогоор хороо маань 95 гэрэлтүүлэгтэй.

- Ямар асуудлууд тулгамдаж байна вэ?

УИХ болон Нийслэлийн удирдлагаас гарч буй зарим шийдвэр амьдралд нийцдэггүй. Тухайлбал хүн амын өрхийн индексийн судалгаа гэж бий. Судалгаанд хамрагдах ёстой эмзэг бүлгийн зарим хүмүүс хамрагдаж чадаагүй. Хөнгөлөлтийн талоныг авах ёстой олон хүн авч чадаагүй. Дундаж амьдралтай мөртөө танилтай, зальтай хүмүүс хамрагдчихсан.

СХД-ийн 24 дүгээр хороо

Зайлшгүй тусламж хэрэгтэй, харж хандах хүнгүй ахмад настай хүмүүс амжиргаагаа залгуулах гэж туйлдаж байна. Түлээ нүүрс авахаас эхлээд халамжаар авдаг цөөхөн хэдэн төгрөг нь хаанаа ч хүрдэггүй. Удаан хугацаагаар хэвтэрт орчихсон ахмадууд ч бий.

Манай хороо зөвхөн гэр хорооллоос бүрдсэн Голдуу өрх толгойлсон эхчүүд, нэн ядуу, хог түүдэг, малаа бараад хотод ирсэн, өндөр настай хүмүүс амьдардаг. Тэд хорооны хүн амын 60 хувийг эзэлдэг.

Ер нь захын хороолол учраас хүндрэл их. Хотын төвөөс Баруун салааны эцэс ороход 21 км. Хорооны захиргаанаас хамгийн ойр эмийн сан хүрэхэд хоёр км.

Жаахан хүүхдүүд хамгийн ойрын цэцэрлэгт очихын тулд нэг км алхах хэрэгтэй. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн олонхи нь гэртээ хүмүүждэг. Сургуулийн хувьд хорооны хүүхдүүд 104, 67 дугаар сургуульд хамрагддаг. Тэнд 3-4 ээлжээр хичээллэдэг. Нэг шатны анги 10 гаруй бүлэгтэй байх тохиолдол ч байна. Орой хичээл нь эхэлсэн бага насны хүүхдийг хүлээж зогсож байж авахгүй бол гэртээ ирэхэд хүнд.

- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн ямар байна вэ?

Тендер гэж маш будлиантай асуудал бий. Дүүрэг дээр зарлагддаг тендерийг голдуу найз нөхөд, танил талын хүчээр авдаг. Тэгсэн атлаа гүйцэтгэсэн ажил нь чанаргүй. Жишээ нь Зээлийн гудамжинд баригдсан гүний худгийг аваад үзвэл гаднаас нь харахад сайхан тоосгон байшин мөртөө таазыг нь үзэхээр прусээр раам зангидаад доороос нь шохойн хавтанг шруфдчихсэн байдаг. Гурван сантиметр хөөстэй, нэг сантиметр шилэн хөвөнтэй. Тэгээд л болоо. Тэгсэн мөртөө 45 сая төгрөгөөр баригдсан.

24 дүгээр хороо 2900 орчим өрхтэй, 11 000 гаруй хүн амтай, 10 хэсэгтэй.

Саяхныг хүртэл худгийг таван сая төгрөгөөр барьдаг байсан. Гүүр ч ялгаагүй. Тэдэн саяд хүрэхгүй бол хийхгүй гэж компаниуд “томордог”. Бүр цадчихсан шинжтэй байгаа биз дээ? Иргэдийн бүлгээр хийлгэчихье гэхээр 20 саяас дээш өртөгтэй бол заавал тендер зарлаж компаниар хийлгэнэ гэдэг ойлголт тогтчихсон. Иргэдийн бүлэгт мэргэжлийн чадвартай хүмүүс бий.  Тендерийн хороо болон ажлыг хүлээж авдаг комисс хоёрын дунд “НО” бий. Заавал хүлээж аваад гарын үсэг зур гэсэн заавар дээрээс ирдэг. Тиймээс сүүлд хийгдсэн хоёр ажилд би гарын үсэг зураагүй. Зурахгүй болохоор дараа хийгдэх ажлууд дээр санаатай саад хийдэг.

- Газартай холбоотой асуудал байдаг уу?

Газрын зөвшөөрлийг түргэн шийдэх хэрэгтэй. Үерийн ам, намаг зэрэг зөвшөөрөлгүй бүсэд буучихсан 200 орчим айл байна. Тэд нийгмийн үйлчилгээ авах боломжгүй. Дүүргийн болоод нийслэлийн газрын албадын шийдвэрийг удаан хүлээж байна. Газрын асуудал шийдэгдээгүй учраас эрчим хүч хүргэх ажил саатсан. Гурван жил цахилгаангүй байгаа айл ч байна.