Засгийн газар дээр дахин ярилцах шаардлага хэмээн хуулийн хэлэлцүүлгийг түр зогсоов
2014.10.10

Засгийн газар дээр дахин ярилцах шаардлага хэмээн хуулийн хэлэлцүүлгийг түр зогсоов

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.10.10/ нэгдсэн хуралдаанаарЗээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм.

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах үүднээс УИХ-аас 2012 онд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм.

Зээлийн батлан даалтын сангаас энэ оны эхний хагас жилийн урьдчилсан байдлаар нийт 169 иргэн, аж ахуйн нэгжийн 26.4 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.

Гэвч энэ нь 50 хүтэл ажиллагсадтай нийт 36800 аж ахуйн нэгжийн дөнгөж 0.45 хувийг хамарч байгаа аж.

Иймээс уг сангийн удирдлагын бүтэц, засаглалыг сайжруулах чиглэлээр сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд банкны төлөөллийн оролцоог хангах, банкны үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хуульд зааснаар зөвхөн Засгийн газар үүсгэн байгуулагч гэж хязгаарлахгүйгээр тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн эх үүсвэртэй аймаг, нийслэлийн төсвөөс зээл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор хөрөнгө хуваарилж болох зохицуулалт хийх үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.

Ө.Энхтүвшин: Орон нутагт Иргэдийн хяналтыг хэрхэн тавих вэ?

Гурван жилийн үр дүнг хархаар батлан даалт шаардлагатай хүмүүсийн дөнгөж 0.4 хувь л хамрагдсан байна. Засгийн газраас гадна Орон нутаг батлан даалт гаргана гэж хуульд орж ирж. Ингэж орон нутаг орж ирэхээр хэдэн хувь хүрнэ гэсэн тооцоо бий вэ? Орон тоо хэрхэн нэмэгдэх, зардал яаж өсөх вэ? Сүүлийн жилүүдэд орон нутагт их эрх өгч байгаа. Даанч үүнийхээ үр дүнг хянахгүй байна. Баахан мөнгө өгдөг. Түүгээр тухайн сумын Засаг дарга машин авч унаад дуусдаг.

Тухайлбал тариалан хөгжүүлэх сангийн мөнгийг зарим засаг дарга нар зориулалтын бусаар ашигласан байсан. Мөн тухайн орон нутгийн Засаг дарга өөрийн намынхандаа зээл, хөрөнгө өгдөг байдал байна.

Д.Зоригт: Орон нутагт “хөлтэй” байх ёстой

Монголд ийм сан анх удаа ажиллаж байна. ЖДҮ-дэд дэмжлэг үзүүлдэг маш хэрэгтэй, байх ёстой сан. Энэ сангийн үйл ажиллгаанд засах зүйлс бий. Үүнийг анзаарч энэ хуулийн төсөл орж ирж байна гэж ойлгож байна. Энэ сан хангалттай эх үүсвэртэй байж чадахгүй байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд 169-хөн иргэн, ААН батлан даалт авсан байна. Тун хангалтгүй байна. Энэ сан мөн орон нутагт хүрч чадахгүй байгаа. Тухайлбал Өвөрхангайн Богд сумын иргэн энэ батлан даалтыг авахын тулд УБ-т ирж банк, сан хоёрын хооронд гүйх хэрэгтэй болж байна. Ийм байж болохгүй орон нутагт “хөлтэй” байх ёстой. Мөн банкуудтай ажиллах уялдаагаа сайжруулах хэрэгтэй.

Хэлэлцүүлгийн үед Сангийн сайд Ч.Улаан сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих ёстой байгууллага нь сангаа удирддаг, төрөөс мөнгө авчихаад төрөөс хамааралгүй байгаа дутагдалтай тал байна. Иймээс энэ гажуудлыг засч удирдлагын бүтцэд нь өөрчлөлт оруулах, нөгөөтэйгүүр хөрөнгийн холимог эх үүсвэртэй болгох боломж бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөл боловсруулсан тухайгаа танилцууллаа.

Мөн энэ хуулийн төсөл нь зээлийн батлан даалтын санг салбарласан олон сантай болгоход биш аймаг орон нутаг өөрсдийн хөрөнгийн бололцооноос хамаарч уг санд хөрөнгө оруулж болох, тэгвэл оруулсан хөрөнгийнх нь хэмжээтэй уялдуулан эрх мэдэл шилжүүлэхэд чиглэж байгаа гэдгийг хэлж байв.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны тухайд уг хуулийн төслийн талаар эсрэг байр суурьтай байгаа, төсвийн хөрөнгө үрэгдэж мэдэхвий гэсэн болгоомжлол гишүүдийн дунд байгаа зэргээс шалтгаалж хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэрхэх талаар Засгийн газартайгаа дахин ярилцах шаардлага байгаа тухайгаа Сангийн сайд хэлсэн тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр зогсоож, чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав.