Алтай хотод үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг Ерөнхийлөгчид танилцуулж, дэмжлэг хүслээ
2010.03.12

Алтай хотод үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг Ерөнхийлөгчид танилцуулж, дэмжлэг хүслээ

Алтай хот хэзээ мөдгүй хөлдөх аюултай нүүр тулаад байна. Хувьчлагдсанаасаа хойш дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй дулааны халаалтын зуух одоо аймгаа халааж дийлэхээ байжээ. Өнөөдөр тус хотод нэмж барил га барих бололцоогүй, байгаа хэдэн байшингаа халааж хүчрэхгүй, хэд хэдэн барилга байшин хөлдчихсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Говь-Алтай аймагт ажиллах үеэр энэ байдлыг яаралтай харж үзэн цаг алдалгүй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэргүүнтэй хүмүүс хүсжээ. Хувьчлалыг буцааж, улсаас хөрөнгө оруулалт хийж хамтарсан аж ахуйн нэгж болгоод, мэргэжлийн удирдлагаар хангах хүсэлтийг орон нутгийн иргэд болон удирдлагууд тавьж байна. Ерөнхийлөгч энэ асуудалтай танилцаад, яаралтай шийдэх хэрэгтэй гэлээ. Хөрөнгө оруулалтыг тендерийн арга замаар шийдэх, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төрөөс санхүүжүүлэх гэхчлэн арга замууд байж болно. Буцаж очоод засгийн газрын холбогдох хүмүүстэй ярилцах болно гэжээ.

Тус аймагт тулгамдаад байгаа бас нэгэн асуудал бол, усны хангамжийн асуудал. 2010 он гэхэд одоо ашиглаж байгаа хоёр худгийн усны нөөц бүрэн дуусна гэсэн судалгааг мэргэжилтнүүд хийжээ. Шинээр худаг ашиглалтанд оруулахад шаардлагатай 1 тэрбум 500 сая төгрөг, одоо бэлэн байгаа худгийг станцтай холбоход шаардлагатай 186 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр яаралтай хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ үеэр ярьсан байна.

Орон нутагт цас зудтай байгаа энэ хүнд үед нутгийн олонтойгоо байж, Говь-Алтай аймагт ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ долоо хоногт Улаанбаатарт ирсэн байна. Ирэнгүүтээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Салбарын сайд нарт дээрх асуудлаар албан тоот явуулж, энэ асуудлыг онцгойлон анхаарч үзэхийг хүслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.