Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад ажиллаад ирлээ
2010.02.12

Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад ажиллаад ирлээ

Зудын хүндрэлтэй байгаа Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, комиссар Т.Бадрал, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн, ГХЯ-ны гэрээ эрх зүйн газрын хилийн тасгийн дарга Д.Ганболд болон УИХ, яамд, аймаг орон нутгийн албаны бусад хүмүүс энэ сарын 6-11-нд ажиллаж, малчдад тусламж үзүүлээд ирлээ.

УИХ-ын дарга орон нутагт ажиллах үедээ Ховд аймгийн хувьд нэн чухалд тооцогдох хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм. Д.Дэмбэрэл дарга дагалдан яваа ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээ хамтран орон нутагт уулзалт, хурлуудыг зохион байгуулж, хилийн боомт, эрчим хүч, авто зам, олон улсын нислэг үйлдэх, аврах анги байгуулах зэрэг асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.

Байнгын ажиллагаатай хилийн боомт нээх нь хязгаар нутгийнхны хувьд хамгийн чухал асуудлын нэг бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд Өмнөговь аймгийн хоёр боомтыг байнгын болгох асуудлын хамт Ярантын боомтын асуудлыг оруулж шийдвэрлүүлэхийг Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавт үүрэг болгосон.

Түүнчлэн ирэх оны төсөвт хил гаалийн ажилчдын орон сууцны асуудлыг тусгах, Булган боомтыг энэ оны гуравдугаар сараас нээн ажиллуулж улмаар байнгын болгох, хилийн боомтод лабораторийн барилгыг энэ онд багтаан барьж дуусгах талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөв.

УИХ-ын даргын шийдвэрлэсэн бас нэгэн чухал асуудал нь Эрчим хүч, авто замын асуудал байв. Тус аймагт импортлогдож буй эрчим хүчний гаалийн болон бусад татварыг чөлөөлөх, эрчим хүчний өмчлөл, тоолуур, 04 шугамын шинэчлэлийн асуудлыг холбогдох байгууллагуудад хариуцуулахаар болж, Баруун бүсийн эрчим хүчний төвийг Ховд аймгийн төвд шилжүүлэн байршуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.

Түүнчлэн хятадад шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус улсаас тэжээл авахгүй байх, хятадад мах экспортлох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавт хариуцуулж, олон улсын нислэг үйлдэх асуудлыг энэ оны долдугаар сарын 1-ний дотор багтааж ИНЕГ, ГХЯ-ны түвшинд шийдвэрлэх, Булган суманд аврах анги байгуулах асуудлыг ирэх оны төсөвт суулгах замаар шийдвэрлэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон юм

УИХ-ын дарга Ховд аймагт ажиллах үеэр Мөст сумын малчин Ш.Пүрэвжавт “Улсын сайн малчин” цол тэмдгийг гардуулав.

Сар шинийн баярын өмнөхөн орон нутагт ажиллаад ирсэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон УИХ-ын даргыг дагалдан явсан багийнхан орон нутагт нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудаар тодорхой шийдэлд хүрч, үүний зэрэгцээ малчдадаа тусламж хүргэн баярлуулаад ирлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн бусад сумдад тойрч ажиллахаар үлдсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.