Д.Ганхуяг: Ардчилсан нам шинэчлэлийн түүчээ болж чадахгүй байна
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай “Ардчилсан хүчний холбоо”-ны талаар болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нар “Ардчилсан хүчний холбоо” байгуулахаар анх тохиролцсон гэсэн. Таныг холбоондоо нэгдэхийг хэзээ санал болгов?
-Бид анхнаасаа ардчиллын үйл хэрэгт хамт байсан. Өөрөөр хэлбэл, 1991 онд Социалдемократ намд элсэж байлаа, би. Харин 2001 онд ардчилсан хүчний намууд нэгдэж Ардчилсан намыг байгуулсан түүхтэй. Гэхдээ мэдээж Социалдемократ нам ч гэсэн Ардчилсан намд нэгдсэн. Энэ утгаараа бид гурав нэгэн үе “Алтан гадас” фракцд байсан.
-Та гурав “Алтан гадас”-аас яагаад дайжчихсан юм бэ?
-Тухайн үед З.Энхболд, Н.Алтанхуяг хоёр намын даргад өрсөлдөө биз дээ. (инээв) Тэгээд ч фракц солигдох, шинээр үүсэх асуудал бол улс төрд байнга явагддаг эрүүл үзэгдэл.
-Аанхаа. Тэгээд л З.Энхболд гишүүн гомдож хоцорсон хэрэг үү. Ардчилсан намын төлөөллийг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргаж, МАХН-д хариуцлагыг үүрүүлэх нь та бүхний тактик байсан биз дээ?
-Тийм юм байхгүй ээ. Н.Алтанхуяг намын дарга болсон. Тэгээд л УИХ-ын сонгуульд олонх болсон МАХН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан шүү дээ. Тиймээс л парламентын ардчилал бүдгэрсэн. Өөрөөр хэлбэл, эрх баригч болох олонх, Засгийн газарт улс орны эрх ашиг, иргэдийн байр сууринаас хяналт тавих, бодлого өрсөлдүүлэх, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүрэг бүхий хүчтэй цөөнхгүй болсон. Тиймээс УИХ-ын олонх, цөөнхийн бүлгийн харьяалал нь хамаагүй Засгийн газарт ороогүй. Ер нь шуудхан хэлэхэд, хамтарсан Засгийн газрыг унагаах санаархал бидэнд байхгүй. Тодруулбал, уг ТББ-ыг үүсгэн байгуулагч З.Энхболд, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Г.Баярсайхан Д.Одхүү, Н.Батбаяр, Л.Болд, Х.Баттулга, Ц.Оюунгэрэл бид нарт нэгэн зарчим байгаа. Энэ нь улсынхаа нам, хувийн эрх ашгийн эрэмбийг хэзээ ч алдахгүй гэсэн. Харин хамтарсан Засгийн газар хариуцлагагүй байдлаа засахгүй бол хэзээ ч, хэнтэй ч хариуцлага тооцдог нь ардчилсан нийгмийн жам юм.
-Ер нь та хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдаг юм аа даа?
-Тийм. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай байдаг. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр нь зарим талаараа зөв байсныг үгүйсгэхгүй. Тодруулбал, Оюутолгойн гэрээг баталсан, Тавантолгойн ордын 15 орчим хувь болон Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцэмж муутай төмөр замын лицензийг нэг ч ам.доллар авал¬гүй ганц нэгхэн хувийн компанид олгосон зэрэг хэдэн том шийд-вэрийг гаргасан. Гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ үнэхээр “Даанч дээ” гэмээр тааруухан болсон. Миний харж буйгаар, гэрээ байгуулж байхад Монголын тал нийт ашгийн 55-аас илүү хувийг авахаар болсон гэж рекламдаад байсан. Гэтэл одоо мөрдөж байгаа ашигт малтмалтай холбогдох татварын орчноор тийм боломж байхгүй. Үсрээд 40 хувь байх. Ер нь мордохын хазгай гэгчээр хөрөнгө оруулалтын гэрээг бай¬гуулаа¬гүй байж ашиглалтын лиценз олгосон нь том алдаа байсан. Үүнээс болоод лиценз ашиглах нэрийдлээр уг ордыг ашиглахад шаардагдах хөрөнгийн зах зээлээс босгосон 34 хувь буюу 1.7 орчим тэрбум ам.долларын өрөнд Монголын төр уначихав уу даа.
-”Алтан гадас”-ынхан “Бид байгаагүй бол Ардчилсан нам байхгүй л байх байсан. М.Энхсайханаа дагаад МАХН-д уусах байсан” гэж мэдэгдэж байна лээ. Тэд нэлээд реакцилсан бололтой?
-Иймэрхүү үе байсан. Гэхдээ өнөөгийн “Алтан гадас”-ыг бүрдүүлж байгаа хүмүүс дан¬гаараа ардчиллыг “өлгийдсөн” гэвэл үнэнд нийцэхгүй. Учир нь АН-ыг МАХН-д уусгах биш, Эх орон намтай эвсэл байгуулж 2004 оны УИХ-ын сонгуульд оролцох асуудал байсан. Энэ нь үнэн хэрэгтээ Эх орон намд хэтэрхий их эрх мэдэл өгөхгүй гэсэн тэмцэл байв. Уг асуудал дээр АН-ыг байгуулсан хүчний гишүүд бүгд л санал нэгтэй оролцсон. Өөрөөр хэлбэл, энэ эвсэл сонгуульд амжилттай оролцож эрх баригч хүчний суудлын тоог 50 орчим хувиар бууруулж чадсан явдал юм. Тэгээд л УИХ-д олонхгүй учраас хамтарсан Засгийн газрыг байгуулж нөгөө хэд л Засгийн газрын гишүүн болсон шиг санагдаж байна.
Энэ бүхэн шинэ тулгар төлөвших гэж ядаж байсан АН-ын зовлон байсан гэх үү дээ.
-”Ардчилсан хүчний холбоо”-ны зорилгын талаар тодруулна уу?
-Холбооны зорилго нь “Монголоо шинэчилье” гэсэн ардчилсан үзэлтэй, Монгол Улсын шударга иргэдийг улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад нь туслах юм. Түүнчлэн манай холбоо нь зөвхөн Ардчилсан намынх бус Монгол Улсынх, ардчиллыг бэхжүүлэх түүчээ, нөгөө талаас шинэч¬лэлийг зогсолтгүй хөдөлгөгч эрхэм зорилго бүхий ТББ байх болно. Тиймээс “Алтан гадас” ч бай ямар нэгэн фракцтай юу ч булаацалдахгүй .
-МАХН-ынхан та бүхэнтэй уулзсан гэсэн. Тэд юу гэж байна?
-Тийм ээ, нэр бүхий гишүүд сонирхож байсан. Зарим нь бүр “Манай Зүүний хүчний холбооны эсрэг юм уу” ч гэж асууж байна лээ. Бид “Үгүй, ардчиллыг хөдөлгөгч түүчээ нь байх болно” гэж хариулсан. Энэ утгаараа манай холбоо нь нийгмийн захиалга юм. Харин үүнийг сонссон зарим гишүүн хамтарч ажиллах санал тавьж байсан шүү. Энд нэг зүйлийг тодруулахад, холбоо маань ардчилсан үзэлтэй шинэчлэлийг дэмжигч хэнд ч нээлттэй байх болно.
-Гэхдээ олон нийтийн дүгнэлтэд та юу гэж хариулах вэ. Тэд “Ардчилсан намд ужгирсан “идээ бээр” хагарч эхэллээ” хэмээн дүгнэж байна шүү дээ?
-Ардчилсан нам “идээ бээр”-ээ хадгалж, угжруулдаг байгууллага биш. Бид нээлттэй мэтгэлздэг. Олон түмэнд ч улам нээлттэй байх ёстой.
-Уучлаарай, тэгэхээр олон түмэнд нээлттэй байж чаддаггүй учраас та бүхэн ийм алхам хийсэн гэж үү?
-Ардчилсан намд төлөвшил хэрэгтэй. Түүнчлэн нээлттэй байж, бодлого тодорхойлох чадвараа ч нэмэгдүүлэх шаардлагатай. Албан тушаал, ширээ, сандлаар олонхийг бүрдүүлж олон ургальч үзлийг боймлох явдал гаргах болсноо ч зогсоох нь зүйтэй.
-Ний нуугүй хэлээч. Та Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт ямар үнэлэлт, дүгнэлт өгдөг вэ?
-Н.Алтанхуяг болон хэн ч бай Улс төрийн намын тухай хууль, намын дүрэмд заасны дагуу намаа төлөөлдөг. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд олонхоороо шийдвэр гаргадаг. Тодруулбал, цөөнх нь олонхийг дагаж, олонх нь цөөнхдөө хүндэтгэлтэй ханддаг жишиг бий. Гэхдээ өнөөгийн Ардчилсан нам Монголын шинэчлэлийн түүчээ болж чадахааргүй байна..
-УИХ-ын сонгуульд ялагдаж, Ерөнхийлөгчийн томилгооноос албан тушаалын “амсар” зууж чадалгүй үлдсэн гомдогсдын бүлэг танай намд бий. Тэд “Н.Алтанхуяг биднээс дөлж зугтаад байна. Үндэсний зөвлөлдөх хороогоо намар хуралдуулж, түүнийг огцруулъя” хэмээх мессежийг өн¬гөрсөн зун цацсан. Гэвч одоо сураг алга. Тэр хүмүүс та бүхэнтэй нэгдсэн үү?
-Албан тушаал горьдогсод, бас гомдогсод гэж хэлдэг л байх. Ардчилсан хүчний холбооны зорилго энэ бодлоос өөр гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүд, олон сонгогдсон УИХ-ын гишүүд, анхлан сонгогдсон гишүүд орсон байгаа биз дээ. Улс төрийн томилгооны асуудал ихэд увайгүй явагдаж байна. Эрх ашгаараа холбогдсон фракцийн лидер маягийн нөхдүүд санал өгөх бүтцийн олонх л бүрдүүлж байвал бүх асуудал дуусдаг.Энэ бол хамгийн том дампуурал. Ийм гаж үзэгдэл улс төрийн гол хүчнүүдийн нийтлэг алдаа. Сүүлдээ хамгийн сайн луйвар хийснээр нь үнэлж томилгоо хийдэг болчихвол баларна биздээ. Тйимээс энэ боловсон хүчний бодлогод өндөр түвшинд гаргах шаардлага нэн чухал.
-Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчийг өөрчлөх талаар гишүүд хэлэлцлээ. Ер нь дэдүүдийг үү. Аль эсвэл ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг өөрчлөх цаг уу?
- Төв банкны тайлантай холбоотой нууц гэж ирүүлсэн материалыг харж байна. Нууц ч гэж дээ нууцлах ямарч шаардлагагүй нөгөө талаасаа аль хэдийнэ хэвлэлд гарчихсан мате¬риал л байна. Хэн нэгнийг солих, тэрхүү албан тушаалыг нь авах зэрэг өнцгөөс асуудлыг би харахыг хүсэхгүй байна. Гэхдээ хариуцлага заавал байх ёстой. Буруутай нь тогтоогдвол хэн ч огцрох ёстой. Арилжааны банк ямарч оронд дампуурч л байдаг. Гэхдээ үүний төлөөснөөс төр хохирдог жишиг аль ч оронд байхгүй. “Зоос”, “Анод”-ын иргэдийн хадгаламжийн баталгаанд Засгийн газар 300 орчим тэрбум төгрөгийн бонд гаргахаар бол¬чихоод байна. Энэ хэмжээгээр Монголын өр нэмэгдэнэ гэсэн үг.
-Нууц биш бол юун тухай материал вэ?
-Хэвлэлээр аль хэдийнэ цацагдчихсан мэдээлэл. Толгой¬тод “Гандирс” хорооллыг бариулахаар Монгол банк гадны нэг компанид аккердитевийн баталгаа гаргасан байдаг. Нөгөө дэх нь сайн эр тараад лав л 20 гаруй сая ам.долларын хохиролыг Монгол банк амсахад хүрсэн. Нөгөө дэх нь ОХУ-ын дампуурах гэж байгаа банкинд 10 сая ам.доллар байршуулаад алдчихсан. Эдгээр үйлдэл нь бүгд л хууль дүрмээ зөрчсөн байдаг.