Ховд нутгаас сонгогдсон гишүүд урилга гаргалаа
Сүүлийн хэдэн жилийн дулаарлаас үүдэн өвлийн цочир хүйтрэл гэдгийг бараг мартсан монголчууд өнөө жилийн цас мөснөөр түрүүчээсээ зуд турханд өртөж, хүн малгүй зутарч байгаа тухай яригдсаар байна.
Ялангуяа Монгол орны алс баруун хязгаар нутгийн малчид, иргэдийн аж амьдрал хүндэрч, мал сүрэг нь цасанд боогдон, өвөлжихөд бэрх болсон тухай мэдээлсээр байгаа.
Цочмог хүйтрэл, тасралтгүй орсон цасны улмаас зам харгуй хаагдан, холбоо харилцаа ч тасарч, малчид арга тасрахдаа төр, засаг руугаа хандахаас өөр аргагүй болжээ.
Ховд аймгийн нийт найман сум, түүний дотроос Булган, Үенч, Алтай суманд байдал зуднаас илүү, бүр гамшгийн хэмжээнд хүрч очсон тухай өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээллээ.
540 мянган мал хотноосоо гарч чадахгүй ээрэгдэн, хотон дотроо бие биедээ дарагдан үхэхэд тулаад байна хэмээн С.Бямбацогт гишүүн ярьж байна. Малчид хоорондоо холбоо барих, аймаг, сум, орон нутгийн удирдлагатайгаа хэл үг авалцах ямар ч боломжгүй болж, их цасанд боогдоод байгаа аж. Одоогоор 80 мянга орчим мал хорогдоод байна. Мөн 34 мянган хүн зудын бүс нутагт хаашаа ч үгүй гацжээ. Тэдэнд одоо нисдэг тэрэг л аврал болох байх хэмээн ярьж байна.
Зудын бүсэд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хаашаа ч гарах боломжгүй болсон малыг нядлуулж, хүнсний хэрэгцээнд нийлүүлэх, онцгой байдлын байнгын штаб ажиллуулах зэрэгт дэмжлэг хүссэн бичгийг Засгийн газрын шадар сайд М.Энхболдод хүргүүлээд буйгаа эрхэм гишүүн хэллээ.
Түүнчлэн зуданд нэрвэгдсэн иргэд, малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж, Улаанбаатарт амьдарч буй Ховд нутгийн уугуул иргэддээ хандаад уриалга гаргаснаа хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
Ховд нутгийнхны энэ санаачлага хатуу хариг өвлийг давахад нь малчдад урам зориг нэмсэн халуун сэтгэлийн дэм байлаа.
Гагц Ховд ч бус цас зудны аюулд өртөөд буй бусад аймаг, орон нутгийн малчид, иргэддээ монгол хүн бүхэн урьдынх шигээ тусалж, байгалийн гамшгийг даван туулах боломж бидэнд бий.
Тодруулга:
Одоогоор Монгол орны 12 аймгийн 130 гаруй суманд зудтай байгаа аж. Малынхаа араас явсан 27 хүн шуурганд төөрч, 5000 гаруй мал хорогдсон мэдээ байна.
УРИАЛГА
Арвандолдугаар жарны төмөр барс жилийн босго хатуухан өвлөөр эхэлж Монгол орны нийт нутгийг хамарсан хүйтний эрч нэлээд чангараад байгааг та бүхэн бэлхнээ мэдэж буй билээ.
Алс баруун хязгаар Алтайн нуруугаа түшин амьдардаг нутгийн ахан дүүс маань хэдийгээр өөрсдөө чадах чинээгээрээ хичээвч байгаль, цаг уурын бэрхшээлт нөхцөл байдлын эсрэг хүч мөхөсдөн тарамдаж байгааг тэнд суугаа ард иргэдийн төлөөлөл болон орон нутгийн удирдлагууд төр, засагтаа хандан удаа дараа мэдэгдсээр ирлээ.
Нийслэлд суугаа нэг нутгийнхан бид харин өвөлжилтийн байдал үнэхээр хүндэрч, тусламж дэмжлэг эрэхээс аргагүйд тулсан малчдынхаа тухай өдөр бүр уншиж, сонсож мэдээлэл авч буй хэдий ч чин сэтгэлийн гараа сунгаж хараахан амжилгүй байсаар шинэ он гарлаа.
Ховд аймгийн Үенч, Булган, Алтай сумд улсын нийслэлээс 1800 орчим км алс оршдог гэдгийг нутгийн уугуул иргэд бүгд андахгүй. Төвөөс алслагдмал энэ нутаг орны уул нуруудаар одоо 1,5 метр хүртэл цасан бүрхүүл тогтож, говь газраар 30-40 см зузаан цас, мөсөн тогтоц үүсээд байна. Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Чандмань сумдын нутгаар ч сүүлийн үед цас маш их орсны улмаас мал сүрэг хотноосоо олон хоногоор гарч чадахгүй хэцүүдсэн тухай сумын удирдлагууд мэдээлсээр байгаа юм.
Олон зуун малчид нутаг бэлчээр, бууц хайн нүүдэллэж, хүн малгүй ядарч, зутарч байгаа бэрхшээлт энэ үед тэднийгээ дэмжин туслах уриалгыг Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс гаргаж байна.
Улаанбаатарт амьдран суугаа Ховд нутгийн ахан дүүс Та бид дор дороо санаачлага гарган, сэтгэл зүтгэлээ нийлүүлэн нутгийн зон олондоо туслацгаая.
Хатуу хариг өвлийг даван туулах сэтгэлийн хатыг нь ирлэн, малчиддаа халуун гараа сунгацгаая!
Хаяг:
Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг. Нийслэлийн төр, захиргааны 3-р байрны 4-р давхар. Ховд аймгийн нутгийн зөвлөл
Хандивын дансны дугаар: Монгол Шуудан Банк: 10000013851 /MNT/
Холбоо барих утас: 99190356, 99103399
Алтай сумын нутгийн зөвлөл: 99111946, 99113930
Үенч сумын нутгийн зөвлөл: 99116378, 99189577
Булган сумын нутгийн зөвлөл: 99114935, 99114480
Ховд сумын нутгийн зөвлөл: 99100770
Мянгад сумын нутгийн зөвлөл: 99119480
Чандмань сумын нутгийн зөвлөл: 99197172
Дөргөн сумын нутгийн зөвлөл: 99110629
Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөл: 99097268