Өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн үйл ажиллагаатай танилцах үеэр "УБДС" ТӨХК-ийн зүгээс ийм хариултыг өгөв. Тус компани нь өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд орон сууцны 20 компанитай хамтарсан ажлын төлөвлөгөөнийхөө 92 хувийг биелүүлээд байгаа аж. Тухайлбал, зуны их засварын ажлаар дулааны төв 18 магистраль шугамыг 10 хэсэг болгон шахалт хийж засварлан, их засвар, хөрөнгө оруулалтын ажлаар 3031 хос, метр урттай 2,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий хуучирч муудсан шугамыг сольж шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар III, IV, VI, VII, XI, XII, XIII, XV, XVI хорооллын төв магистраль шугамыг өргөтгөж шинэчлэх ажлууд, даралт өргөх насосны нэг, зургадугаар станцад хувьсах зарцуулалтын иж бүрэн автомат насос шинэчлэн солих ажлыг хийхэд яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлжээ. Энэ ажилд 18 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулсан байна.
Энэ өвөл нийт хэрэглэгчийн 94,9 хувьтай нь гэрээ байгуулжээ. Аравдугаар сарын 1-ний байдлаар төвлөрсөн дулаанаар хангагдах хэрэглэгчдийн 87 хувь нь халаалтаа бүрэн аваад байна. Бусад нь дулааны эрчим хүч хэрэглэсэн өр төлбөрөө барагдуулаагүй, өөрсдийн эзэмшлийн шугам, тоноглолын засварын ажлаа хийж дуусгаагүй байгаа аж. Эдгээр хэрэглэгчийг энэ сарын 10-ны дотор өр авлага болон засварын ажлаа бүрэн дуусгаж, төвлөрсөн дулаанаар хангах тухай мэдэгдэв. Сайд Д.Зоригт Улаанбаатар хотын хэрэглэгчдийг ирэх өвөл дулаан, эрчим хүчээр найдвартай хангах талаар холбогдох байгууллага, хүмүүст үүрэг өглөө.