Өмнөговийнхоо зудад нэрвэгдсэн ард иргэддээ өвс тэжээлийн тусламж үзүүллээ
2009 оны 10 дугаар сарын 10-нд ӨМӨЗО-ны Альшаа аймгийн засаг дарга Бао Чан Чиний урилгаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан болон Өмнөговь аймгийн зарим сумдын засаг дарга нар Баян хотноо албан ёсны уулзалт хийж хоёр аймгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон билээ. Тус уулзалтын үеэр Ц.Баярсайхан гишүүн Монгол Улс даяар өвөлжилт хүндэрч, хүйтний эрч чангараад Өмнөговь аймгийн нийт нутгаар ган гачигтай өнгөрч зуд болох төлөвтэй байгаа учир өвөлжилтийн бэлтгэлд зориулж Альшаа аймгийн удирдлагуудад тойргийнхоо малчиддаа зориулж 1000 тонн өвс, 1000 тонн тэжээл авах хүсэлт тавьсан байна. Уг хүсэлтийг Альшаа аймгийн удирдлагууд хүлээн авч шийдвэрлэн эхний ээлжинд 200 тонн өвс, 200 тонн тэжээл өгөхөөр болсон билээ. Эдгээр өвс, тэжээлийг аймгийн төвийн бүсийн сумдуудын малчдад тээврийн зардлыг хямдаар хүргэхийн тулд Хүрмэн, Номгон сумын зааг Өлзий дэл–Уул орчмоор түр боомт нээхээр Монгол Улсын Засгийн газар, Гадаад хэргийн яаманд хандаад багагүй хугацаа өнгөрч байна.