Ж.Энхбаяр: Өрх бүрт тусламж очно
2010.01.28

Ж.Энхбаяр: Өрх бүрт тусламж очно

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас өвөлжилт хүндэрч байгаа аймаг, сумдын иргэдэд хэрэгжүүлж
байгаа ажил болон Канад улсад албан ёсны айлчлал хийсэн тухай нь ярилцлаа.
-Сэтгэлийн дэм аян хэр явцтай байна. Хэчнээн аж ахуй нэгж, хувь хүн хамрагдаж, хэдий хэр хөрөнгө цугларч байна вэ?
-Гамшгийн хэмжээнд очсон аймгуудын нэг нь Говь-Алтай аймаг. Говь-Алтай аймгийн  минь нийгэм эдийн засгийн  болон ард түмний гол орлогын эх үүсвэр мал аж ахуй. Ингэхээр яг амьдралын гол эх суурь нь эрсдэлд орчихсон. Малын хорогдол олон зуун мянгаар тоологдож байна. Үүнийг зэрэгцээ малаас гадна хүний эрүүл мэндэд хохирол учруулж байна. Битүү цагаан цасанд нүдний өвчинд нэлээн өртөж байна. Амьжиргаанаасаа салсан иргэд хууч өвчин сэдэрч байна. Говь-Алтай аймгийн тухайд бүх сумын нутгийн зөвлөлүүдийг цуглуулаад үүрэг өгчихсөн. Сум бүр Улаанбаатар байгаа нутгийн иргэдээ зохион байгуулалтад оруулаад ажиллаж байна. Нүүрэндээ үстэй амьтан мал бол үхэх нь үхээд сэхэх нь сэхнэ шүү дээ. Харин гол нь иргэддээ  анхаарч ажиллая гэж байгаа. Иймд тусламжийн гол чиглэлийг хүндээ тусалъя гэж үзэж байгаа. Сум бүр өөрсдийн менежментийн дагуу хандив тусламж цуглуулж байна. Одоогийн байдлаар арав гаруй машин ачаа цуглалаа. Энд бид “нийтийн сан”-д хандив мөнгө гэж оруулахаас илүү Улаанбаатарт суугаа хүмүүс хөдөө орон нутаг байгаа ахан дүүс, ээж аав, хамаатан садандаа хаягласан ачааг хүргэж байгаа нь илүү үр дүнд хүрч байна. Хүмүүсийн иргэд хоорондын холбоог сайжруулж байгаа асуудал юм. Байгалийн гамшигт нэрвэгдсэн малчин өрх бүрт тусламж хүргэе гэсэн зорилт тавьсан байгаа. Говь-Алтай төдийгүй баруун таван аймгийн УИХ-ын гишүүдтэй хамтран уриалга гаргасан. Бүх аймгууд хоорондоо өрсөлдөөнтэй ажлаа явуулж байна.
-Та Халиун сумын нутгийн зөвлөлийн даргын албыг хашдаг. Халиун сумын хувьд ямар бодлого баримталж байна вэ?
-Халиун сумын хувьд 720 өрхтэй. Ах дүүс өгч байгаа бэлэгнээс гадна айл өрх бүрт нэг багцыг хүргэе гэсэн төлөвлөгөөтэй байна. Энд  яаралтай тусламжийн эм тариа, сар шинэд зориулсан бэлэг, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, гурил, будаа зэрэг хүнс орсон багцыг айл өрх бүрт адилхан ижил төрлийн бүтээгдэхүүн очихоор тооцож байгаа. Тусламжийн цуваа хоёрдугаар сарын нэгэнд Яармагийн дэнж дээрээс хөдлөхөөр болсон.
-Та чуулган засварлахаар тойрогтоо хэзээ очиж ажиллах гэж байна вэ?
-Тэгэлгүй яахав, сар шинийн өмнө нь дээр үү? Сар шинийн дараа дээр үү? гэдгээ хараахан шийдээгүй байна. Миний хувьд сар шинийн дараа очдог. Ахмадуудтайгаа золгоно, настан буурлуудын үгийг сонсдог. Одоо цас зудын байдалд хэзээ очихоо хараахан шийдвэрлээгүй байна.
-Та саяхан Канад улсад айлчиллаа. Энэ тухайгаа жаахан тодруулахгүй юу?
-Эрдэс баялаг эрчим хүчний сайдтай хамт Канад уулзаад албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Канад улс уул уурхайгаа асар их үр өгөөжтэй өндөр ашигтай хөгжүүлж байгаа улс.  Ер нь Канад улсын эдийн засгийн суурь нь уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуй юм. Газар зүйн байрлалын хувьд Монголтой нэг адил нөхцөл байдалд ажиллаж амьдарч байгаа ч дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орны наймт орсон байна.

Айлчлалын гол зорилго бол уул уурхайг хэрхэн хөгжүүлэх вэ, уул уурхайн стандарт, байгаль орчны стандарт юу вэ. Торонтогийн бирж дээрээс дэлхийн том уул уурхай компанийн  80 хувь нь хөрөнгө босгож байна. Тэндээс Монгол улсын уул уурхай компаниуд хөрөнгө босгох боломж хэр байна гэдэг дээр судалгаа хийлээ. Канад улс нь мужийн засаглалтай, орон нутгийн эдийн засгийн эрх мэдлийг асар өргөн хэмжээнд өгсөн байдаг. Энэ хүрээнд муж болгон манай “хүний хөгжлийн сан” гэдэг шиг өнөөдрийн нөхөн сэргээгдэхгүй баялгийг эдийн  засгийн эргэлтэд оруулж, ирээдүйн хойч үедээ хандсан сангууд байгуулсан байлаа. Альберта муж улсад “Альбертагийн сан” гээд байж байх жишээтэй. Эндээсээ эх орон нь хүмүүстээ хандив мөнгө өгдөг. Цугласан орлогоороо хүмүүсийн нийгмийн асуудлуудыг шийддэг. Канад улс иргэдийн амьдралын чанарыг сайжруулъя гэсэн гол зорилготой байдаг. Энэ их үүсвэрүүдээсээ дэд бүтэц, зам, ногоон байгууламж, хот тохижилтын чиглэлээр хөрөнгө харамгүй хаяж байна.
-Канад улсад айлчилж тодорхой туршлага хуримтлууллаа. Эндээс санаа авч тойрогтоо хэрэгжүүлэхээр юу байв?
-Тойрогтоо гэхээс илүү Монгол улс гэдэг талаас нь хандах нь зөв болов уу гэж бодож байна.

Эндээс харахад нэгдүгээрт, аливаа уул уурхайн төслийг эдийн засгийн үр өгөөжтэй байлгах талаас нь номер нэг тавьж байна. Уул уурхайн төслийг үр өгөөжтэй байлгахын тулд тэнд саад болж байгаа төрийн бүх оролцоог зааглаж чадсан байна. Муж улс бизнесийн хотууд нь орон нутгийн эрх мэдлийг асар их өргөтгөсөн.  Харин манайд төвлөрүүлсэн байгаа шүү дээ. Тэнд бол эрх мэдлийг орон нутагт өгчээ. Орон нутгууд хоорондоо өрсөлдөөний зарчмаар ажиллаж байна. Энэ их чухал санаа.

Хоёрдугаарт, Хөрөнгийн биржийг маш сайн судалж, монголын компаниуд тэнд гарахын тулд нэлээн ажиллагаа хийх шаардлагатай байна.

Гуравдугаарт, Канадын уул уурхайн салбарт ашиглаж байгаа стандарт дэлхийд аюулгүй байдал талаасаа дугаар нэг байна.

Дөрөвдүгээрт, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэж байгаа сургалтын систем байна. Өнөөдөр Канад дэлхийд хамгийн өндөр чадвартай уул уурхай, геологийн мэргэжилтэнг бэлтгэж чадаж байна. Бид Канадын Альберта муж улсын технологийн их сургуульд очлоо. Тэнд 250 мэргэжлээр сургалт явагдаж байна. Мэргэжил бүр өөрийн том судалгааны лабортори, туршилтын хүрээлэнтэй. Уул уурхайн оператор бэлтгэж байгаа сургалтыг харахад дэлхийд байгаа бүх уул уурхайн тоног төхөөрөмжийг авчирсан задлаад тавьчихсан судалж байх жишээтэй. Хамгийн өндөр цалинтай, хамгийн өндөр чадавхтай ажилтныг Канад бэлтгэж байна. Тэгэхээр Монгол улс боловсон хүчин бэлтгэж байгаа сургалт, уул уурхайн стандартыг судлах хэрэгтэй байна.
Тавдугаарт, уул уурхайн төсөл хэрэгжүүлэхдээ тухайн бүс нутагтаа танилцуулаад ард түмнээс санал асуулга аваад, зөвшөөрөл авсан төслүүд л үйл ажиллагаагаа явуулдаг. Ард түмэн дэмжээгүй бол төсөл цааш явахгүй. Үүнийгээ аж ахуй нэгжийн нийгмийн хариуцлага гэж томъёолж нэрлэчихсэн. Уул уурхайн компани олсон орлогынхоо тодорхой хувийг буцаагаад нийгэм орчныхоо хөгжилд зориулдаг.  Ийм хоёр талын харилцан бие биенээ дэмжих жишиг тогтсон байна. Эндээс санаа авахаар зүйл олон байлаа.
-Зав гарган ярилцсанд баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.