Өвөлжилт хүндэрч байгаа сумдад тусламж очно
2010.01.17

Өвөлжилт хүндэрч байгаа сумдад тусламж очно

Алтайн нурууны өвөрт орших гурван суманд 2009 оны зун нь гантай, намар нь оройтсон бороотой, өвлийн эхэн сараас цас ихээр унаж мал нь идэх өвсгүй өлбөрч, даарч бээрэн ихээр үхэж үрэгдэх боллоо. Тус тойргоос сонгогдохдоо ард түмний амьдралыг сайхан болгоно гэж амласнаа санаж байгаа биз дээ. Малчид малгүй бол яаж амьдрах билээ. Хөдөөд өөр ажлын байр алга. Малчид өөрсдөө амь зогоохын тулд хот руу нүүдэллэх үү? Эсвэл өлбөрч үхэх үү? Яах болж байна.  Эрхэм түшээд Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал, С.Бямбацогт нарт эрх мэдэл байна, хөдлөөч дээ, туслаач дээ. Одоо л тусалдаг цаг шүү” (хэлэлцүүлэг унших)
Иргэн Ц.Нацагдоржоос www.vip76.mn сайтад хандсан хүсэлтийн дагуу бид түүний асуултыг гурван гишүүнд хандсан явуулсан юм. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн,  Д.Дэмбэрэлээс доорх хариулт ирлээ.

Иргэн Ц.Нацагдорж танаа

Танаас Ховд аймгийн баруун сумдад өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан саналаа ирүүлсэн талархал илэрхийлье.

Ховд аймагт, үүний дотор баруун 3 сумын өвөлжилтийн байдал хүндэрч байгааг анхаарч, орон нутгаас тавьсан хүсэлтийг шийдвэрлүүлэн ажиллаж байна. Үүний дагуу он гарснаас хойш л гэхэд Ховд аймагт нэн шаардлагатай дараах арга хэмжээнүүдийг авч байна. Үүнд: 

  1. Монгол Улсын Засгийн газрын “Өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 2010 оны 7 дугаар тогтоолоор өвөлжилт нэн хүндэрсэн 12 аймагт Улсын нөөцөөс өвс тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэсний дотор Ховд аймагт 400 тн өвс, 100 тн тэжээл олгохоор болсон байна.
  2. Ховд аймгийн Булган, Алтай сумдад хүн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин тус бүр нэгийг, өвс тэжээл хүргэхэд шаардагдах тээврийн зардалд 5.0 сая төгрөг, орон нутагт нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа автомашины шатахууны зардалд 5.0 сая төгрөг тус тус хуваарилжээ.
  3. Цахирын болон Барлагийн даваа, орон нутгийн чанартай зам, давааны цасыг арилгах зардалд зориулан 23.0 сая төгрөгийг хуваарилуулсан болно.
  4. Хилийн отрядын туулах чадвар сайтай машинуудыг сэлбэг, хэрэгслээр хангах хүсэлтийг Хил хамгаалах ерөнхий газар уламжилж нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэлт болгов.
  5. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудын өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллаж байгаа болно.


Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн туслах: Ц.Баянмөнх
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.